Нялх балчир үрсээ араатнаас дор хүний гарт алдсаар байх уу?!


ойд эцэгтээ зодуулж нас барсан байж болзошгүй хоёр настай хүүгийн хэрэг Хэнтий аймагт гарсан тухай мэдээлэл намжиж амжаагүй байтал дөрөвхөн сартай нялх хүүхэд гадны нөлөөтэй нас барсан гэх хэрэг Сүхбаатар аймагт болсон мэдээ чих дэлсэв. Энэ хэрэгт мөн л хойд эцгийг нь шалгаж байгаа аж. Эхний хэргийн тухайд хойд эцэг гэх 20 гаруйхан настай, өмнө нь ял эдэлж байсан залуу яригдаж байгаа бол хоёр дахь тохиолдлын хувьд 40 эргэм настай гэх. 
Монгол Улс хүүхэд багачуудынхаа эсрэг дайн зарлаа юу гэлтэй түгшүүрт мэдээллүүд 2018 оноос хойш тасарсангүй. Томчуудын хайхрамжгүй, хэнэггүй байдлын төлөөс болж өнгөрсөн онд бага насны хүүхдүүд тогонд цохиулж, хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулж... цаг бусаар амиа алдсан бол энэ онд хүчирхийлэлд өртөж, биедээ ахадсан зовлон амсаж, монгол хүүхдүүд эрэмдэг зэрэмдэг болж, эцэстээ гарын шүүс болон хорвоог орхих болов. 
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг ямар их гарах болсныг тоонууд тодорхой харуулж байна. Тухайлбал, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд 2017 онд 147,000, 2018 онд 174,000 дуудлага мэдээлэл хүлээн авжээ. Нийт дуудлагын 40 орчим хувьд хүүхдүүд болон, эцэг эх асран хамгаалагчийн зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлага бол 60 орчим хувийг зорилтот бүлгийн дуудлага эзэлсэн аж. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний нэг нэгэндээ үзүүлж буй болон цахим орчин дахь дарамтын талаарх мэдээлэл зонхилжээ. 
2017 онд 1,454 хүүхэд гадны шалтгаанаар нас барснаас 10 нь хүчирхийлэлд өртөж, бусдад хорлогдон амиа алдсан бол 2018 онд зургаан хүүхэд ийм шалтгаанаар хорвоог орхиосон харамсалтай тоо байна. 
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Сүүлийн гурван жилд л гэхэд хүүхэд хүчирхийлсэн 1,000 гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн" хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байв.
Түр хамгаалах байранд 2017 онд 327, 2018 онд 995 хүүхдийг авчирчээ. Хэрэв түр хамгаалах байр байгаагүй бол тэдгээр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх байсныг мэдэхгүй. 
Монгол хүүхдүүдийн эрүүл, амьд явах эрх хангагдахгүй байна. Бүр хамгийн аюулгүй, найдвартай гэж үзэх аав, ээжийнхээ дэргэд ч тэд айдас дунд амьдарч байгаа нь эмгэнэлтэй. 
Гэтэл хүүхдийн хүчирхийллийн эсрэг, ялангуяа сүүлийн үед гарсан 01, 1-4 насны хүүхэд амиа алдсан хэрэг дээр дуугарч, санаачилга гаргаж байгаа эрх баригч, албан тушаалтан ховор байгаа нь харамсалтай. 
Харин энэ талаар иргэд өөрсдөө санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай. Үүний хамгийн тод жишээ бол мэдээж "Ид шидийн орон". Тэд хүүхэд багачуудад гараа сунгаж, халуун дулаан орчныг бүрдүүлж, улсын хийж чадахгүй байгаа ажлыг олон нийтийн тусламжтайгаар хийж байгаа билээ. 
Тэгвэл энэ удаа дуучин Ч.Уранхолбоо олон нийтийн цахим сүлжээнд энэ талаар санаачилга гаргажээ. Тэрбээр "Хүйтэн байна...Бидний алаг үрсээс ялгаагүй нялх үрс насан туршийн шарх,толбо авсаар сэтгэл дотроо хүйтэнээс өөр мэдрэмжгүй золиослогдсоор байна😭.Хаа сайгүй баяр наадам болоод Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дорвитой юм хийж байгаа зүйл байхгүй нүдэнд харагдаж,чихэнд сонсогдохгүй байна😢😢😢Ээжүүдээ,Эмэгтэйчүүдээ,охид бүсгүйчүүд ээ бүгдээрээ ингээд чимээгүй суусаар байх уу? Энэ гууль мэт хуулийг нь өөрчлөхийн төлөө өөрсдийн тэмцлийг эхлүүлэх үү?!Нялх балчир үрсээ араатнаас дор амьтдаас хамгаалах уу?!Нэгдэх үү?" хэмээн уриалжээ. 
Нийгэмд бодлого буруу явж байгаа, хүмүүсийн ухамсар доогуур, хайр энэрэл үгүй байгааг бяцхан үрсийнхээ эсрэг үйлдэж буй эдгээр гэмт хэрэг харуулж байна. Харин энэ төрлийн гэмт хэрэг, мэдээлэлд нийгэм дөжирч, хайхрахгүй байгаа нь хамгийн том аюул гэлтэй. 
Нялх балчир үрсээ араатнаас дор амьтдын гарт алдсаар байх уу?!
ЭХ СУРВАЛЖ: Р.ОЮУНЦЭЦЭГ, ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан