ХЭНТИЙ: "Хан Хэнтийн 100 жил" түүхэн номыг бүтээнэ

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа тул аймгийн түүхийг харуулсан долоо дахь номыг бүтээхээр 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулжээ. Тус ажлын багийн ахлагчаар ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ ажиллаж байгаад бөгөөд гишүүдээр аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, архивын тасаг, номын сан, музей, Боловсролын газар, эрдэмтэн докторууд ажиллаж байна.


Ажлын баг өнөөдөр анхны хурлаа хийж номын агуулгыг архивын баримт бичигт тулгуурласан, уянгын халилгүй, товч, тодорхой байхаар хэлэлцэж тохирлоо. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 байгууллага, 60 чиглэлээр мэдээлэл оруулахаар болсон бөгөөд материалыг дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч редакторлан зургаадугаар сарын 30 гэхэд бэлэн болгохоор боллоо.Өмнөх номын хувьд тодорхой нэг зохиогчтой байсан бол энэ удаад багаараа редакц хийхээр болсноороо онцлогтой аж. Тодруулбал аймгийн ЗДТГ-ын хэлтсүүд, харьяа агентлагууд нэг, нэг ажилтныг тухайлан томилж ажиллуулах бөгөөд энэхүү номыг бүтээхэд 60 гаруй хүн нэг баг болж ажиллах аж.

1963 онд Хэнтий аймгийн түүхтэй холбоотой анхны номыг Монголын ууган археологич, түүхч, зохиолч, орчуулагч Хөдөөд овог Дамдины Пэрлээ гуай бичиж байжээ. Тэр үеэс хойш 10 жилийн давтамжтайгаар Батноров сумын харьяат Түүхийн ухааны доктор Б.Өлзийсүрэн, СГЗ Ж.Саруулбуян нар аймгийн түүхийг номын хуудаснаа мөнхлөн үлдээжээ. 10 жилд нэг удаа хэвлэгддэг тус номыг иргэд, ААН-ийн хандиваар бүтээхээр шийдвэрлэсэн байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан