Хэнтий аймгийн 70 гаруй албан байгууллагын дарга нар, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан шуурхай хуралдаан өнөөдөр Иргэний танхимд боллоо.
Хуралдааныг тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар удирдаж, холбогдох зургаан чиглэлээр гурван цаг шахам хуралдлаа. Хуралдаанаар ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар аймгийн өвөлжилтийн бэлэн байдлын талаар танилцууллаа. Үргэлжлүүлээд аймгийн Мал эмнэлгийн газар цаг үеийн мэдээлэл хийсэн бол Цагдаагийн газар энэ оны 10 дугаар сар хүртэлх эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэв. Үүний дараа аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга аймгийн Засаг даргын 2016-2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 176 зүйл, 358 заалт бүхий ажлаас харьяа агентлаг, хэлтсийнхээ тайлан боловсруулах чиглэлийг албан байгууллагын дарга нарт хүргүүлж, тайлан нэгтгэх хугацааг товлов.
Эцэст нь ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар хурлын үйл явцыг дүгнэж байгууллагын дарга, холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, Төрийн албаны тухай шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдон 123 албан тушаалтны 83 албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаанаар боловсруулан оруулж, батлуулсан. Түүнийг албан байгууллагын дарга нарт хүргэж батлан ажиллах тухай сануулаад, 11-р сард Хэнтий аймагт болох томоохон үйл явдлуудыг тоймлон хэлж, хичээж ажиллахыг уриаллаа.
Д.Одонтунгалаг