Өнгөрөгч баасан гарагт Аймгийн Засаг даргын тамгын газар, Сангийн яамнаас санаачлан Татварын газар, Төрийн Аудитын газартай хамтран “БҮРТГЭЛ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЖИЛТНЫ АЙМГИЙН ЗУРГАДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд санхүүгийн салбарт ажиллаж байгаа 130 гаруй санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нарыг хамруулан аймгийн Санхүүгийн алба, Нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн сангийн хууль журмын хэрэгжилт болон өөрчлөлт талаар хэлэлцэж, Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын зөвлөгөөнд оролцох найман төлөөлөгчөө сонголоо.
Уг зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав хүрэлцэн ирж баяр хүргэсэн бол чиглүүлэгчээр Аймгийн СТСХ-ийн дарга С.Нямдаваа, илтгэгчээр Сангийн яамны харьяа НБББГазрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх н.Батсүх, Төсвийн бодлого зохицуулалтын газрын Нэгтгэлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхбаяр нар хөтлөн явууллаа.
Тухайлбал Х.Мөнхбаяр орон нутгийн төсвийн талаар илтгэхдээ 2019 оны Монгол улсын төсвийн тухай хууль, төсвийн бодлогын чиг хандлагын талаар дурдаж, Монгол улсын төсвийг боловсруулахдаа цахим, ил тод үр ашигтай гэсэн зарчимд тулгаарлаж, 6 үндсэн бодлогыг задлан танилцууллаа. Товчилбол, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, Экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо.
Харин орон нутгийн төсөвт 2019 онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 50 хувийг ОНХС-д, Түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг орон нутгийн төсөвт, газрын тосны тусгай зөвшөөрлийн 30 хувийг орон нутгийн төсөвт хуваарилж шинэ орлогын эх үүсвэрүүдийг бүрдүүлж байгааг дуулгалаа. Тухайлбал Хэнтий аймагт ашиг малтмал, газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийн 463 сая төгрөг орон нутагт шилжиж байгаа аж.