Залуус өөртөө, бид залууст санаа тавихын учир


Нийгэм хөгжих, соёлжих хэрээр хувь хүнээс амьдралдаа бодлоготой, төлөвлөгөөтэй байхыг шаарддаг.Насанд хүрч яваа хүүхдүүд, залууст энэ талын мэдлэг, хүмүүжил олгох үүргийг эцэг, эхчүүд болон багш нар нь хүлээх учиртай.
 
Хөвгүүд, охид юуны өмнө бэлгийн амьдрал гэж юу болохыг, түүний үр дагавар юу юу байдгийг 12-14 насандаа мэдсэн, сайн ойлгосон байх ёстой. Бэлгийн харьцаанд орохын хариуцлага, үр дагаврыг хөвгүүд ч сайн мэддэг, охид ч сайн мэддэг байх учиртай. Хүний бэлгийн амьдрал амьтныхтай адилаар урсгалаар, зоргоор явагдах ёсгүй.
 
Бэлгийн замаар халддаг олон өвчин гэж ч бий. Эрт эхэлсэн бэлгийн амьдрал хөвгүүд, охидын аль алины нь ирээдүйг баллаж, сүйтгэж болно. 15 настай охины жирэмслэлт, төрөлт олон талын аюул дагуулдаг. Охид амь насаа алдаж ч болно. 15 настай хүү эцэг болж, байж чадах уу? Гэрлэх нас, биенд хүрээгүй, ажил орлого ч үгүй, өөрийн гэсэн гэр орон ч үгүй, хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх хувийн чадавх ч үгүй хөвгүүд, охидын хувьд гэр бүлийн амьдрал ер боломжгүй зүйл юм. 
 
Бэлгийн хөгжил гүйцэх нас болон гэр бүлийн амьдрал эхлэх насны хооронд олон жилийн зай бий. Европ зүгийн жишиг гэвээс тэнд залуус мэрэгжил эзэмшиж, цалин орлоготой болж, өөрийн гэсэн байр сууцны асуудлаа аль нэгэн хэмжээнд шийдэж байж л гэрлэх тухай боддог. Гэрлээд хэзээ хүүхэдтэй болох, хэдэн хүүхэдтэй болохоо ч төлөвлөдөг. Гэрлэсэн хоёр өөрсдийгөө хооллож, хувцаслах, мөн үр хүүхдээ өсгөхөд шаардлагатай цалин, орлоготой байх ёстой. Энэнийг эцэг, эхдээ даатгаж, тэднээр тэтгүүлэхийг Европын залуус буруу гэж үзэж зуун хувь зайлсхийж байдаг.
 
 
Гэхдээ иймэрдүү ухамсар, сэтгэл зүйтэй, гэр бүл төлөвлөлтийг зөв зүйтэйд үзэж амьдралдаа мөрдлөг болгож чадсан залуус, залуу хосууд өнөөдөр Монголд ч олон бий. Мичүүд хүн болж хувирахдаа бэрхшээлтэй тэмцсээр, хөдөлмөрлөсөөр, хэрэгтэй бүх зүйлсийг чармайн, зүтгэн буй болгосоор оюун ухаантай болжээ. Тэд мөнхөд зөөлөн дулаан уур амьсгалтай, үр жимс элбэгтэй, онцын аюулгүй орчинд төрж бэлэн юман дээр элбэг хангалуун амьдарсаар л байсан бол хүмүүс бид буй болохгүй байжээ. Энэчлэн эцэг, эхийнхээ бэлэн зүйл дээр, тэднээр тэтгүүлж амьдарсаар 30, 40, бүр 50 хүртлээ тансагласан хосууд голчлон л ядуурч, уруудсаар, хүүхдүүдээ ч зөв хүмүүжүүлж зөв хүн болгож чадахгүй байсаар хорвоог орхидог. “Өглөөний нар нар биш,  өсөхийн жаргал жаргал биш” хэмээн өвгөд маань сургамжилсаар ирсэн юм шүү. Бас “хайртай хүүхэддээ халтай бай” гэсэн үг мөн буй. 
Бэлгийн амьдрал, гэрлэлт, гэр бүлийн амьдралд гагцхүү амьтны зуршлаар, биологийн хэрэгцээний сэдлээр ханддаг залуус бол энэ талын мэдлэг, хүмүүжилгүй, бусдын (охидын) амьдралыг бусниулж, сүйтгэж болзошгүйг ойлгох ухаангүй, “тэнэгдүүхэн” гэхээр хүмүүс байдаг. Үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл хэдэн ч жилээр үргэлжилж болно. Гэр бүлийн амьдрал эхлэх боломж, нөхцөл бүрдтэл хүлээх, тэвчих нь уг залуусын ухаалгын илрэл, үзүүлэлт юм. Гэрлэж, биеэ даасан гэр бүлийн амьдрал эхлэж болох нас, боломж, хэрэгтэй нөхцлийг бүрдүүлж, бүтээж чадаад гэрлэсэн хосууд л бусдаас хамааралгүй жаргалтай амьдардаг. 
 
Үр хүүхдээ ч зөв, зохистой хүмүүжүүлж чаддаг. Бэлгийн амьдрал, гэрлэлт, гэр бүлийн амьдрал бол биологийн тал нь давамгайлсан, хөтөлсөн процесс биш, заавал ч үгүй нийгмийн тал нь давамгайлсан, хөтөлсөн, төлөвлөгөө, зохицуулалт бүхий процесс байх ёстой. Хөвгүүд 30 орчим насандаа л гэр бүлийн амьдрал эхлэх нь зөв юм. Эрэгтэй хүн энэ орчим насандаа л чухам хэн болж төлөвшсөн нь тодорхой болдог. Боловсрол, мэрэгжил, ажлын байр, гэр орон, машин унаа, архи тамхины хамаарал, эмэгтэй хүнд хандах соёл гэх мэт нь чухамхүү 30 орчим насандаа л зүгширсэн байдаг.
 
 
Хань болох залуу нь хэн бэ? гэдгийг охид, хүүхнүүд ч зөв ойлгох, зөв сонголт хийх боломжтой болдог. Тоон мэдээнээс үзэхэд эрт гэрлэсэн хосуудын амьдралын түвшин харьцангуй дорой, боловсрол нам, хүүхэд өсөх, хүмүүжих нөхцөл муу байна. Бэрхшээлүүдээс болж гэрлэлтээ цуцлуулах нь их ажээ. Өөрсдөө хүүхдүүд шахуу хосууд нялх нойтон үрсээ зөв асрах, эрүүл өсгөхөд ч хүндрэлтэй нь ч тодорхой юм. Эрчүүд нь 30 орчим, хүүхнүүд нь 24 орчим насандаа гэрлэсэн хосуудын байдал бүх талаар давуу, хүүхдүүддээ тавих анхаарал, халамж өндөр, гэр бүл салалт ч харьцангуй бага байна. 
2020 оны мэдээгээр Монголын хүн амд эрэгтэйчүүд 1.603.300, эмэгтэйчүүд 1.650.000 байжээ. Энэ бол тун тааламжтай тоон харьцаа боловч харамсалтай нь 90 мянган өрхөд хүүхдүүд нь эцэггүй, 15 мянган өрхөд хүүхдүүд нь ээжгүй аж төрж байв. Энэ бол үндсэндээ л гэрлэлт, гэр бүл төлөвлөлтийн алдаа, хосуудын хариуцлага, сахилгын доголдлоос болж үүссэн эмгэнэлт баримт юм. “Хүнийг хувцас болон эдлэлээр нь угтаж, ухаан болон сэтгэлээр нь үддэг” гэсэн үг зөвхөн л зочны хувьд хэлэгдээгүй нь тодорхой билээ. Хот, хөдөөгийн алинд нь ч гэсэн гэр бүлээ тэжээгээд, хувцаслаад, хүүхдээ өсгөөд тайван амьдрах нөхцөл өөрт нь ер байхгүй атал гэрлэцгээгээд ядарч, тэвдэж яваа хосууд олон байна. 
Энэ бол юуны өмнө мөнхүү хосуудын ухаан, бодлого, тооцоо, төлөвлөлттэй холбоотой юм. Үерхэл, нөхөрлөл, хайр сэтгэл мэт нь төлөвлөлтөнд, бодлогонд захирагдах боломжгүй хэдий ч гэрлэлт, гэр бүл төлөвлөлт нь ухаан, бодлого, тооцоо, төлөвлөлтөөс ангид байх боломжгүй цаг үе, нийгэмд бид амьдарч байгаа нь үнэн болно. Мал (жишээ нь үхэр) нас, бие гүйцээд үржилд ороод л, олон тугалын эцэг мал гэгдээд (тугалын хойшдын амьдралд ямар ч үүрэг хүлээхгүй) сул, дураар явдаг шиг байх боломж эр хүнд байхгүй. Үр хүүхдээ асрах, тэжээх, өсгөх хуультай, ёс суртахуун ч ийм байхыг шаардддаг. Гэтэл 2020 оны байдлаар 90.000 эцэг (эр хүн) хүүхдүүдээ орхиод явчихжээ. 15.000 эх хүн мөн л хүүхдүүдээ орхижээ. Хатууруулж хэлэх аваас энэ бол том гэмт хэрэг, олон хүүхдийн хувь заяаг хорлох магадлалтай жигшүүртэй үйлдэл мөн болно. 
Хэтэрхий эрт гэрлэсэн хосууд өөрсдөө хүүхдүүд болохоор  нялх нярайг асрах, бага балчрыг хүмүүжүүлэх чадавхгүй шахам байдаг. Ямар ч хүүхдэд том хүн болж төлөвшихөд хугацаа, практик (туршлага) хэрэгтэй, зохих түвшний мэдлэг, зан суртахуун хэрэгтэй. Дараа нь эцэг хүн, эх хүн болоход мөн л мэдлэг, дадлага, ёс суртахуун хэрэгтэй. Шаардлагын хэмжээнд хүрч боловсорч, төлөвшиж чадаагүй мөртлөө өндөр хариуцлага, их үүрэг хүлээх учиртай эцэг, эх болох гэж яараад хэрэггүй болохыг залуус сайтар ойлгосон байх ёстой. Эцэг, эх, төрөл төрөгсөд, багш нар, ахмад хүмүүс бүгд л залуусын төлөө санаа тавьж, сэтгэл зовниж байх учиртай. Шаардлагатай цаг үе, нөхцөлд залуусыг сургаж, үнэ цэнэтэй зөвлөгөө өгч, алда гаргахаас нь сэрэмжлүүлж байх үүргээ ахмад хүмүүс мартаж ер болохгүй билээ. Залуусын амьдрал, байр байдал, ёс суртахуун, хариуцлага, сахилга бол та бидний л ирээдүй шүү дээ. 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан