Нэр хугарахаар яс хугар гэх үг бий. Үүнийг одоогийн залуус хэрэгжүүлэх нь битгий хэл учрыг нь ухаж ойлгох ч үгүй болсон гэхэд дэгсдсэн болохгүй биз. Монголчууд бид хэзээнээсээ нэр төрөө, удам угаасаа эрхэмлэсээр ирсэн ард түмэн. Ардчилал гэх нэрийн дор аливаа уламжлалаа гээж яваа гэхэд ч болно.
Бид өөрсдийн нэр хайрлаж чадахгүй болохоор яаж ч улс орныхоо нэрийг хайрлах билээ дээ.
Оны босгон дээр төрийн тэргүүн нь гарч ирээд хөнгөн хуумаг мэдээлэл хийж араасаа баахан асуудал үүсгэж, их бага хүний толгой тархийг эргүүлж, эвсэл,нам бүлгүүд нь өөр хоорондоо үг хаялцаж багагүй дуулиан өрнөөд эхлэв.
Улс оронд маань ийм нэгэн яриа өрнөж хоорондоо тольхилцож байхтай зэрэгцэн гадаад ертөнцөд ч Монголын нэр хүндтэй холбоотой асуудал гарав. Тодруулбал, цахим орчинд АНУ: “Монголын хөвгүүд нийгэмлэг”-ийн зургаан гишүүнийг хүн амины хэргээр баривчилжээ” гэх мэдээлэл бичигдсэн байв.
Хүн бүр тэр мэдээллийг сэртхийж уншсан байх. Учир нь оны өмнөхөн Вьетнамд Монгол залуу хулгай хийж байгаад баригдлаа. Хоёр дахь тохиолдол нь энэ” гэх мэдээлэл цацагдаж байсан болоод монголчууд тэрхүү мэдээллийг тийн хүлээж авсан байх.
Үнэхээр монгол зургаан залуу байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд 27 настай Энтони Монтес, 19 настай Жевони Делгадо, 30 настай Пао Ванг, 26 настай Парго Кью, Жиони Сионг гэх нэртэй залуус гэж мэдэгдсэн байгаа.
Тэдний байрлаж байсан гэрээс галт зэвсэг 12, 46000 ам.доллар бэлнээр олдсон гэж байгаа.
Баривчлагдсан залуус өөрсдийгөө “Монголын хөвгүүд нийгэмлэг”-ийн гишүүн гэдгээ хүлээсэн. Тус нийгэмлэгийн нэг гишүүнийг “Asian crips” бүлгийнхэн хөнөөсөн учраас өшөөг нь авч дээрх хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн тухай мэдээлэл бий.
Тэгвэл тэдгээр залуус хаа хол хилийн чанадад яагаад өөрсдийгөө, өөрсдийн бүлэг клубээ Монголоор нэрлэх болов гэдэг нь асуудал юм.
“Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэгчлэн бид эх орноо нэрээ хайрлахгүй бол муу жишээний туйл болох вий дээ, МОНГОЛ минь.
Erennews.mn