Өсвөр насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэх менежер Б.Учралсайханыг ажлаас нь чөлөөлжээ

Одоогоос хэдхэн жилийн өмнө хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч М тэмцээнд авч явсан хүүхдүүдээ зодсон гэх хэрэг гарч байсан ч тэгж байгаад л чимээгүй болсон. Бага насны хүүхэд зодсон гэх дасгалжуулагч өнөөдөр зэрэглэл ахиж дээд лигийн баг дасгалжуулаад явж байгаа.
Бага насны хүүхдүүдийг, насанд хүрэгчдийн багийн удирдлагууд цалингаа өгдөггүй, легионер тамирчидтай байгуулсан гэрээгээ зөрчдөг гэх зэрэг асуудлууд Монголын хөлбөмбөгийн хүрээнд тасрахгүй байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд тухайн үед нь дорвитой арга хэмжээ аваагүй нь энэ асуудал улам гүнзгийрэхэд нөлөөлсөн бололтой.
Сүүлдээ багийн менежерийн сэнтийтэй нөхөр өсвөрийн шигшээ багийн охидыг зодсон, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шуугиан дэгдээд байна.
Монголын хөлбөмбөгийн U-16, U-19 шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Кавамото Наоко наймдугаар сарын 20-ны өдөр шигшээ багийн менежер Б.Учралсайхан охидод бэлгийн дарамт үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай захидлыг Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Хашбатын Азжаргалд хаяглаж ирүүлсэн байна.
“16 хүртэлх насны шигшээ багийн охид наймдугаар сарын 8-ны өдөр олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ үеэр охид шөнийн 02:00 цагийн алдад амарч байхад шигшээ багийн менежер Б.Учралсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөө рүү дайрч орсон. Улмаар амарч байсан охидод гар хүрч заримыг нь цохиж авсан. Мөн бэлгийн дарамт учруулахыг завдсан. Энэ үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ажилтнууд түүнийг өрөөнөөс гаргасан” тухай Кавамото Наоко дасгалжуулагч захидалдаа дурджээ.
Тухайн үед тамирчин охидын гар утсыг хурааж авсан байсан тул болсон үйл явдлыг шигшээ багийн тамирчдын нэг нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээжээ. Тэмцээнд өндөрлөж өсвөрийн тамирчид эх орондоо ирэхэд таагүй мэдээ сонссон ар гэрийнхэн нь онгоцны буудал дээр багийн менежер Б.Учралсайханыг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө зодсон гэх мэдээлэл байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос менежер Б.Учралсайханы гаргасан ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал “Монголын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кавамото Наокогоос ирүүлсэн албан захидлын дагуу багийн менежер Б.Учралсайханд хариуцлага тооцож 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр албан ажлаас чөлөөлсөн. Цаашид хуулийн байгууллагад хандах нь зүйтэй” гэх мэдэгдлийг дээрх дуулиан өндрөө авсан хойно гаргасан.
Энэ үйлдэл нь өсвөрийн шигшээ багийн менежер Б.Учралсайхан охидод гар хүрсэн, бэлгийн дарамт учруулахыг завдсан үйлдлийг илтгээд өгчих шиг.
Монголын хөлбөмбөгийн холбоо нэгэнт асуудал өндрөө авсны дараа үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай мэдэгдэл гаргаж байгаа нь өсвөр насны охинд гар хүрсэн, бэлгийн дарамт учруулсан байж болох хэргийг дараад өнгөрөхөөр төлөвлөж байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Б.Учралсайханыг наймдугаар сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдэж байгаа ч тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос салчихаагүй байгаа бололтой. Тэрбээр сүүлд лигийн тэмцээний үеэр азтан шалгаруулах үйл ажиллагааг хөтөлж байсан нь үүнийг гэрчилдэг.
Бид мэдээллийн тэнцвэрийг хадгалах үүднээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Б.Учралсайхантай холбогдож тодруулга авлаа.
-Таныг 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчдад гар хүрсэн, бэлгийн дарамт учруулсан талаарх захидлыг ахлах дасгалжуулагч Кавамото Наоко МХБХ-нд ирүүлжээ. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулга өгөхгүй юү?
-Ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг ингэж гүтгэж харлуулж болохгүй. Шүүх цагдаа, хуулийн байгууллагаас шийдээгүй асуудалд манайхан их хөнгөн хандах юм. Би одоогоор хуулийн байгууллагад хандсан байгаа. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.
Зарчимч, тэр дундаа багш дасгалжуулагч хүн ор үндэслэлгүй зүйл яриад суухгүй биз. Багийн менежер, дасгалжуулагч нар тамирчин охидод гар хүрч, бэлгийн дарамт учруулсан гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл биш бололтой.
Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ талаар мэдээлэл авахаар хандсан ч эрс татгалзлаа.
Энэ нь дан ганц хөлбөмбөгийн спортод ч тохиолдож байгаа асуудал биш. Асуудлыг хөндөж ил гаргадаггүй л болохоос биш хөшигний ард болдог багш дасгалжуулагч нарын ёс зүйгүй үйлдлүүдийн тухай барьцгүй яриа явж л байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ спортоор хичээллүүлж, секц дугуйланд явуулдаг бол хараа хяналт тавих шаардлагатай байгааг япон дасгалжуулагч Кавамото Наокогийн захидал анхааруулаад өгчихлөө.

О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан