Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ

Данийн шигшээ баг болон Манчестер Юнайтед багийн амьд домог 1991-1999 оны онцлох хаалгач, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр өглөө 07:10 минутаас Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг Монгол дахь Манчестер Юнайтед багийн фанатууд халуун дотноор тосон авсан юм. Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр болох бөгөөд тэрээр энэхүү арга хэмжээнд оролцохоор ийнхүү ирлээ.
Монголын хөлбөмбөгийн холбооноос “Алтан бөмбөг” арга хэмжээний үеэр дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай уулзуулах боломжийг олгодог уламжлал тогтсон. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байгаа юм. Тэрээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland Park Mongolia-д фанатуудтай уулзана.
Дэлхийн домогт хөлбөмбөгчийн нэг Петер Шмейхель Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол улсад ирсэндээ баяртай байна. Энэ удаа нэг хоног саатна. Хэрвээ боломж байсан бол эрт ирэх байлаа. Би маш урт удаан нислэгээр ирлээ. Анхны сэтгэгдэл өндөр байна. Өнөө орой Монголын фанатуудтайгаа уулзахад бэлэн байна” гэсэн юм.
Хаалгач хүнд гоол оруулахад хүнд байдаг. Гэтэл Шмейхель карьерынхаа турш 764 тоглолтод оролцохдоо 60 гоол оруулсан байна. Түүнийг хамгаалагчийн дайтай хаалгач гэдэг.
1992 онд дайны нөхцөл байдлын улмаас Югеслав Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж, Данийн шигшээ баг цагаан хуудсаар орж ирээд аварга болсон түүхтэй. Энэ тоглолтод хаалгач Шмейхелийн хичээл зүтгэл их байсан бөгөөд шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн байна. Европын том клубүүд Шмейхелийн энэ амжилтыг нь анхааралдаа авч Английн “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Сер Алекс Фергусон эгнээндээ нэгтгэжээ.
Шмейхель “Манчестер Юнайтед” багт очсоноосоо хойш Английн Премьер Лиг буюу дэлхийн хамгийн том лигт таван удаа түрүүлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, 1999 он хүртэл гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.
Петер Шмейхель Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” гэх клубүүдэд эрч хүчтэй, дайчин хаалгач гэдгээрээ алдартай. Түүний хүү Каспер Шмейхель нь “Лестер Сити” багт хүчин зүтгэж аавынхаа адилаар 29 насандаа Английн Премьер лигийн аваргын цомыг хүртсэн. Тухайн үед “Лестер Сити” баг лигт түрүүлэх боломжгүй багуудын тоонд бичигдэж байсан ч түрүүлж чадсан юм. Уг баг аварга болоход Каспер Шмейхелийн оролцоо их байжээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Алтан бөмбөг 2018” арга хэмжээний хүндтэй зочноор Петер Шмейхелийг урих санал байгаагаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хэлж байсан байна. Энэхүү саналыг П.Шмейхель найрсгаар хүлээн авснаар Монголд саатаж буй нь энэ ажээ. Тэрбээр өнөөдөр 14.30 цагаас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ. Монголд нэг хоногийн хугацаатай ирсэн П.Шмейхел маргааш өглөө буцах юм.

Newspress.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан