Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар ажлаа өгсөн талаар ойрын үед шуугиж байна. Тэд жүдо бөхийн ДАШТ-д амжилт гаргаагүй хариуцлагыг үүрч, ард түмнээс уучлан гуйж, ажлаа өгч буй нь энэ ажээ.
Ер нь бол энэ шийдвэрийг нилээн эрт гаргасан гэдгийг эх сурвалж хэлэв. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч (байсан) О.Балжиннямд ажлаа өгөхийг холбооны удирдлага нь удаа дараа сануулжээ. Хавраас эхэлсэн бололтой. Гэвч Балжинням нь 2019 оны ДАШТ-д явж ирээд өгье хэмээн гуйснаар саяхныг хүргэж байгаа гэнэ. Чамгүй хэдэн жил шигшээ багийг удирдлаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээд ч удаагүй гэхчилэн үүнийг хүлээн зөвшөөрөх шалтгаан түүнд байжээ.
Яагаад ажлаа өгөхийг сануулав гэдгийг товч тайлбарлая.
Жүдогийн шигшээ багийн дотоод уур амьсгал таатай бусаар хэдэн жил өнгөрөөд буй. Хэл ам, хардлага сэрдлэг, хуйвалдаан тасарсангүй. Түүнийг харин дотооддоо хүчээр намжуулж, гадагш нийгэмд өөрөөр харагдуулж яваад байжээ. Үе үе яриа хөөрөө гардаг ч тэрхэн зуурт намжааж, ёстой л гал унтраах байдлаар явсаар иржээ. Олон жилийн туршид ужгирсан гэх үү дээ.
Спортын төв ордны Б заалыг зөвхөн жүдогийн бэлтгэлд зориулж, өглөөнөөс үдэш хүртэл ямар ч зай завсаргүйгээр нас насны, янз бүрийн түвшний жүдочид хамтдаа бэлтгэл хийж ирсэн нь өнгөрсөн хугацааны амжилтын цор ганц үндэс гэх хүн ч гарах юм билээ. Харамсалтай нь залгамж халаа болохуйц авьяаслаг шинэ залуу тамирчид мэр сэр гарч ирэх боловч тэднийг өндөр түвшинд хүргэх дасгалжуулагч хомс. Нөгөөтэйгүүр жүдод амь амьдралаа зориулсан, хийж бүтээсэн ажил амжилттай нэг бус хүн спортоосоо гэнэт хөндийрчээ. Шигшээгийн тамирчдын амжилт нийтдээ илт унасан, зөвхөн хувь тамирчны зурсхийх төдий амжилтаар гол зогоон яваад байж. Холбооны үйл ажиллагааны явцуу байдал, дасгалжуулагчдын хэвшмэл тактик, нутгархал үүнд нэрмээс болсон биз.
Уул нь 2019 оны ДАШТ-д бүр тэгтлээ муу оролцсон юм үгүй. М.Уранцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртэж, Ё.Басхүү 66 кг-д хүрлийн төлөө үзээд ялагдаж тавдугаар байр, Б.Ганхайч 63 кг-даа долоодугаар байр, холимог багийн ДАШТ-д Монгол Улсын баг тавдугаар байрт орсон гэхчилэн ярьчих амжилт бий. Сүүлийн жилүүдэд оролцсон ДАШТ-үүдтэй харьцуулахад медалийн тоо чанар буурсан л ганц шалтаг байж болох юм. Гэтэл Парист болсон 2011 оны ДАШТ-д Монголын жүдочдоос хэн нь ч жиндээ эхний наймд багтаагүй түүхийг яахав. Медаль байтугай шагналт байр ч үгүй ирээд чамгүй банга хүртсэн нь саяхных.
Шинэ дасгалжуулагч хэн болох вэ?
Гол магадлал бүхий хүмүүсийн тоонд Халиуны Болдбаатар, Хашбаатарын Цагаанбаатар, Дашгомбын Баттулга, Дамдинсүрэнгийн Нямхүү нарыг нэрлэж болно. Бүгд жүдогийн баг хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, алдар гуншинтай боловч шигшээ багийг удирдана гэдэг түүнээс огт өөр асуудал.
Цагаанбаатар, Нямхүү нарт дасгалжуулагчийн туршлага байхгүй. Болдбаатар, Цагаанбаатар нар холбооны удирдлагатайгаа таарамжгүй гэх яриа дуулдав. Монгол Улсад анхны олимпийн аваргыг төрүүлж өгсөн Болдбаатар яагаад Хятадын шигшээд ажиллах болов гэдгийг үүнтэй холбож тайлбарладаг. Баттулга нь саяхан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон шигшээ багийн нэгэн дасгалжуулагч. Тэдний сул талуудыг цохон өөлвөл иймэрхүү дүр зураг харагдана. Гэсэн ч шинэ дасгалжуулагчийг дээр дурдсан дөрвөн хүний дундаас тодорно гэдэгт эргэлзэх зүйл алга. Хамгийн боломжит хувилбар нь Болдбаатар, Баттулга нар.
Бас нэгэн магадлалтай нэр дэвшигч бол Н.Түвшинбаяр. Гэхдээ тэрбээр ид барилдаж байгаа учраас шигшээ багт дасгалжуулагч болохыг өөрөө хүсэхгүй. Дөрөв дэх олимпдоо хүч үзэхийг илүүтэй хүснэ. Одоо Токиогийн олимп эхлэхэд аравхан сарын хугацаа үлдсэн тул бэлтгэл сургуулилтаа зогсоохгүй биз ээ.
Ерөнхийлөгчийн сэлгээ
Харин Түвшинбаяр 2020 оны өдийд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болох нигууртай. Тус холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга арваад жил ажиллаж ирснийг хүн бүр мэднэ. Х.Баттулгын удирдсан он жилүүдэд Монголын жүдо бахдам амжилтуудад хүрч, өөрт нь эерэг дүгнэлтийг ард түмнээс цуглуулсан нь нууц биш.
Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойших хоёр жилийн туршид Х.Баттулга Үндсэн Хууль зөрчсөөр байгааг нь МАН мэдсэнгүй, АН нь тоосонгүй, Үндсэн хуулийн цэц хэлэлцсэнгүй, иргэн Ламжав гуай ч анзаараагүй өдийг хүргэлээ. Монгол Улсын Үндсэн Хуулийн 31 дүгээр зүйлийн 8 болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө” хэмээн яг ижилхэн үгтэй заалт хоёуланд нь байдаг юм. Тэгэхээр холбооны ерөнхийлөгчийн үүргийг шилжүүлж л таарах нь.
Ц.Ганбат
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN