Өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөрийг амжилттай туршлаа


Анхны хөтөлбөрт Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-ийн “Ирээдүйн хөтөч” экоклубын 7 сурагч, 2 багш хамрагдлаа. Чиглүүлэгч багшаар хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ удаагийн өвлийн хөтөлбөр гурван өдөр явагдсан бөгөөд экоклубын сурагчид сэтгэл хангалуун байгаагаа онцолж байв.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар  Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн туршилтын хөтөлбөрийг 2022 оны 1 дүгээр сард хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн зорилго нь, хүүхдүүдэд тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийн  талаар мэдлэг олгох, байгаль орчныг ажиглаж,  судлах арга зүйд сургах, байгаль хамгааллын ажилд оролцуулах замаар  өсвөрийн байгаль хамгаалагч болгоход оршиж байв. Өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлсэн бөгөөд туршилтын гэдгээрээ онцлог байв.
Анхны хөтөлбөрт Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-ийн “Ирээдүйн хөтөч” экоклубын 7 сурагч, 2 багш хамрагдлаа. Чиглүүлэгч багшаар хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарын мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ удаагийн өвлийн хөтөлбөр гурван өдөр явагдсан бөгөөд экоклубын сурагчид сэтгэл хангалуун байгаагаа онцолж байв. Тэд эхний өдөр “Мод дагаж ус, Ус дагаж амьдрал” аяны хүрээнд 2017 онд  ойжуулалт хийсэн талбайд очиж сургагч багшийн тусламжтайгаар зулзаган модонд харьцуулсан хэмжилт хийлээ. Мөн нарсны боргоцойг хэрхэн түүх тухай арга зүйн хичээл орсон бөгөөд боргоцойноос үрийг хэрхэн ялгаж авах дадлага хийв.  Түүнчлэн ойн зэрлэг амьтдын ул мөрийг хэрхэн таних дадлага ажил хийсэн нь оролцогчдын сонирхлыг их татлаа. Ажигласан зэрлэг амьтдын мөр, шувуудын талаар сурагчид бүртгэл хөтөлсөн байна.
Хөтөлбөрийн хоёрдахь өдөр экоклубын сурагчид багшийн хамт татмын ойд дадлага ажил хийлээ. Энэ үеэр байгаль хамгаалагчид автомат камер ашиглаж судалгаа хийхийн  ач холбогдлыг тайлбарлаж, автомат камерт бичигдсэн зэрлэг амьтдын зурагнуудаас үзүүлсэн юм. Түүнчлэн экоклубын сурагчид байгаль хамгаалагч нартай хамтран зэрлэг амьтдад зориулсан  биотехникийн арга хэмжээнд оролцож, 40 кг хужир тараан байршуулсан байна.  Тэд биотехникийн арга хэмжээ зэрлэг амьтдад ямар ач тустай талаар мэдэж авлаа.
Хөтөлбөрийн сүүлийн өдөр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Зүүн бүсийн салбарт зочиллоо. Тэд тус байгууллагаас эрхлэн гаргасан “Цэнгэг усны гайхамшиг”, “Ойн гайхамшиг”,  “Хялганат хээрийн гайхамшиг”, “Миний нутгийн дэгдээхэйнүүд” зэрэг номыг уншиж мэдлэгээ дээшлүүлсэн бөгөөд байгаль, зэрлэг амьтдаа хамгаалахын ач холбогдлын талаар харилцан санал солилцож өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Түүнчлэн өсвөрийн байгаль хамгаалагчийн өвлийн хөтөлбөрийг Хар ямаатын нөөц газарт  2022 оны 3 дугаар сард хэрэгжүүллээ. Экоклубын сурагчид  Хар ямаатын байгалийн нөөц газарт хамгаалахаар сонгосон үнэт зүйлийн талаар мэдлэгтэй болсон талаар зохион байгуулагчид ярьсан байна.  Байгаль хамгаалагч нар хэрхэн эргүүл хяналт хийдэг, зэрлэг амьтдыг ажиглаж, тэмдэглэл хөтөлдөг талаар экоклубын сурагчид  мэдэж авлаа. Мөн булгийн эхийг хашиж хамгаалахын ач холбогдлыг ойлгов.
Энэ удаагийн өвлийн туршилтын хөтөлбөрүүд экоклубын сурагчдын сонирхлыг татаж, тодорхой хэмжээнд үр дүнтэй болсон тул өсвөрийн байгаль хамгаалагчийн дөрвөн улирлын байнгын хөтөлбөрийг боловсруулж ажиллах хэрэгтэйг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт хийх шаардлагатай талаар хэлж байв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан