УИХ өнгөрсөн тавдугаар сард есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Харин одоо зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 10 газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд тухайн газар нутгуудыг улсын тусгай хамгаалалтад авах саналаа УИХ-д өргөн барьсан юм. Уг тогтоолын төслийг нь өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.
Улсын тусгай хамгаалалтад дараах 10 газрыг нэмж авахаар төлөвлөжээ.
- Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
- Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
- Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
- Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар,
- Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх.
Дээрх 10 газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 0.83 хувиар нэмэгдэх юм байна. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ нийт газар нутгийн 20.94 хувьд хүрэх тооцоо гарчээ.
Энэхүү 10 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан тохиолдолд Хомын тал, Ачит нуур-Дэвэл арал, Гутайн даваа-Хөмүүл голын эх гэсэн гурван газарт шинээр хамгаалалтын захиргаа байгуулах юм байна. Мөн Онон балжийн байгалийн цогцолбор газар, Хангайн нурууны байгалийн цогцолбор газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлэх аж.