Аймгийн ИТХ-ын 2-р хуралдаанаар Хэнтий аймгийг "Хүүхдэд ээлтэй аймаг" болох, хүүхдийн хөгжлийг дэмжих замаар хүчирхийллийг бууруулах, хүүхдийн асуудлаар анхан шатны нэгж дээр ажиллагсдыг чадавхжуулах, хүүхдийн асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгож, нөлөөллийн ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар тусгасан. Энэ талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа.
-Энэ жилийн тухайд Хэнтий аймаг яагаад “Хүүхдэд ээлтэй аймаг болох” зорилгыг нэн тэргүүнд тавьсан бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.
-Бидний амьдралын үргэлжлэл болсон хүүхэд багачууд маань эрүүл саруул, эрдэм боловсролтой, авьяас чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй, эх оронч үзэлтэй, бүтээлч хариуцлагатай, аливаад манлайлагч байх учиртай. Тиймээс миний бие аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьж, шийдвэрлэхийг зорьж байна.
Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхдэд ээлтэй аймаг” болох, хүүхдийн хөгжлийг дэмжих замаар хүчирхийллийг бууруулах, хүүхдийн асуудлаар анхан шатны нэгж дээр ажиллагсдыг чадавхжуулах, хүүхдийн асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгож, нөлөөллийн ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар тусгасан. Үүний хүрээнд аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанд санал оруулж, 2022 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.
Жилийн ажлын хүрээнд хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн 2 зорилтын дагуу тодорхой ажлуудыг тусган, төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөн, аймгийн төсвөөс 70 сая төгрөгийг шийдвэрлээд байна.
- -Аймгийн хэмжээнд хүүхэдтэй холбоотой гаргасан хамгийн сүүлийн үеийн статистик тоо баримтууд олон бий байх. Үүнээс онцолбол?
-Манай аймаг нийт 78,9 мянган хүн амтай. Үүнээс 37 орчим хувь нь хүүхэд байдаг. Ковидын үеийн хичээлийн хоцрогдол манай аймагт төдийгүй улсын хэмжээнд өндөр байна. Өнгөрсөн онд Боловсролын үнэлгээний төвөөс 2-12 дугаар ангийн хүүхдээс бүх судлагдахуунаар шалгалт авсан. Энэхүү шалгалтаар бага, дунд, ахлах ангийн сурагчдын хэдэн хувь нь ямар хичээл дээр хоцрогдолтой явж байна вэ гэсэн нарийн судалгаанууд гарсан байгаа. Энэхүү судалгаандаа үндэслээд бид багш, сурагчдад зориулсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн нийт хүүхдийн 3 хүүхэд тутмын нэг нь дугуйлан секцэд бүртгэлтэй ч, дугуйлан секцүүд ковидоос шалтгаалан хичээллээгүй. Мөн стандартад нийцсэн нийтийн эзэмшлийн тоглоомын талбай 16, хүүхдийн зуслан 1 байна. Үүнээс харахад бидэнд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөл нэн шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Гэхдээ манай аймагт 16 тоглоомын талбай байна гэж иргэд буруу ойлгох вий. Яг стандартад нийцсэн хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гэдэг утгаараа арай өөр ойлголт шүү. Түүнээс тоглоомын талбай, сагсны талбай баг бүрт л бий шүү дээ. Бид энэ жилийнхээ хүрээнд сум болгонд стандартад нийцсэн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, багийн төвүүдэд хүүхдэд зориулсан байр тохижуулж, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх боломжоор хангана. Мөн Хөдөлмөр зуслангийн ээлжийн тоог нэмэгдүүлэн хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жил энэхүү зусланд 15 хүүхэд л амарсан байх жишээтэй.
-Багийн төв, байгууллага бүр дээр хүүхдүүдэд зориулсан өрөө байгуулах ажлыг эхлүүлсэн нь их сайхан санаачилга болсон байна лээ.
-Энэ бол үндэсний хэмжээнд өрнөж байгаа ажил юм. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор байгууллагын дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах талаар шийдвэр гарсан. Энэхүү эцэг эхийн зөвлөл нь сургууль дээр байдаг эцэг эхийн зөвлөлөөс өөр юм. Энэ зөвлөл нь байгууллагын ажилтнууд дундаасаа зөвлөл байгуулан, ажилтнуудыгаа сайн эцэг эх байх боломжийг хангах, хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллах боломжийг хангах, байгууллагаас гарч байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн бүр хүүхдэд ээлтэй байх зэрэг ажлыг хийдэг зөвлөл юм. Тус зөвлөлийн хийж байгаа ажлуудын хамгийн сайн жишээний нэг нь хүүхдийн өрөө. Хүүхдийн өрөөтэй болчихвол тухайн байгууллагын ажилтнууд хүүхдүүдээ гэрт нь харах хүнгүй үлдээлээ гэж санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжтой болно. Энэхүү сайн туршлагыг илүү их түгээх бодолтой байгаа.
Багийн төв дээр хүүхдийн өрөөтэй болох ажлын хувьд гэвэл хүүхдийн хөгжил хамгааллын жилийн ажлыг төлөвлөж байх үедээ хүүхдүүдээс санал авахад манай оролцооны байгууллагын сурагч хүүхдүүдээс гаргасан санал байгаа юм. Бид хүүхдүүдийнхээ саналыг дэмжиж, тэдний цугладаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг таатай орчныг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа учраас энэ ажлыг хийхээр төлөвлөсөн.
--Хүүхдийн төлөө зөвлөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга миний бие нарийн бичгийн даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажилладаг. Хүүхэдтэй холбоотой ажилладаг, хүүхдийн асуудлаар үүрэг хүлээсэн байгууллагын дарга нар, ОУБ-ын төлөөлөл, хүүхдийн элч, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн гэсэн хүмүүс багтдаг. Зөвлөл өөрөө хүүхдийн асуудлаар орон нутгийн бодлого чиглэлийг тодорхойлох, салбар дундын нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг.
-Тус зөвлөлийн 2021 онд аймгийн хэмжээнд хүүхдүүдэд хэрхэн хүрч ажилласан, ямар үр дүнгүүд гаргасан талаарх товч мэдээлэл өгөөч?
-Хүүхдийн төлөө зөвлөл өнгөрсөн онд хуралдан хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлыг хурлаар хэлэлцэн 2021 оны "Хүүхдэд ээлтэй орон нутаг" үйл ажиллагааны төлөвлөгөөг 8 байгууллагыг хамруулан 6 зорилтын хүрээнд 35 заалттайгаар батлан хэрэгжилтийг ханган ажилласан. Төлөвлөгөөний биелэлт 85 хувийн хэрэгжилттэй байгаа ба гол нь үйл ажиллагаануудыг салбар бүр тусдаа зохион байгуулах биш, салбар дундын оролцоотой нэгдсэн төлөвлөлттэй хийснээрээ илүү онцлог, үр дүнтэй болсон. Ковидын нөхцөл байдлаас болж хойшлогдсон, зохион байгуулаагүй 6 ажил бий.
-Хүүхдэд зориулсан хөгжлийн цогцолбор төвийг байгуулах ажил 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байна. Энэ хэзээ ашиглалтад орох ямар бүтээн байгуулалт вэ?
-Хүүхдэд зориулсан хөгжлийн төв байгуулах нь тэдэнд чиглэсэн маш том бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө ч их шаардана. Тиймээс бид энэ жилдээ хөгжлийн төвийнхөө зураг төсвийг гаргаж, газрын асуудлыг шийдвэрлэнэ. Аливаа барилга байгууламжийг барихад зураг төсөвтэй, хаана баригдах нь тодорхой болсон байх шаардлагатай шүү дээ. Тиймээс ирэх онд барилгыг барьж ашиглалтад оруулахад анхаарна.
-Чөлөөт цагаа өнгөрөөх хүүхэд залуусын орчин маш их хэмжээгээр дутагдалтай байгааг эцэг эхчүүд хэлж байгаа. Гэхдээ Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хуучин байр, ГБХЗХГ, тоглоомын талбай гэх мэт байгаа газруудаа түшиглэсэн байнгын үйл ажиллагаа дутагдалтай санагддаг. Энэ тал дээр таны бодол?
-ГБХЗХГ нь 2 байртай. Тэнд хүүхдүүдэд зориулсан дугуйлан секцүүд хичээллэдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд коронавирусний халдварын улмаас 5 дугуйланд 148 хүүхэд хамрагдсан. Энэ нь аймгийн хэмжээнд хангалтгүй тоо л доо. Хүүхэд залууст зориулсан ажлыг зөвхөн ГБХЗХГ-ын ажил гэж харж болохгүй. Энд бүх шатны төрийн болон ТББ-ууд, ААН-үүд хамтран оролцох шаардлагатай байгаа юм. Тиймээс бид ААНБ-уудын дунд хүүхдэд ээлтэй гадна орчин, аюулгүй дэд бүтэц бүрдүүлэх уралдаан зарлаж байгаа. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгээ жилийн турш байнгын үйл ажиллагаатай байлгаж зөвхөн хүүхэд залуучууд ч гэлтгүй ахмадууд очоод дасгал хөдөлгөөн хийдэг, хүүхдүүд нь тоглож нааддаг, тохилог орчныг бүрдүүлнэ.
-Хэнтий аймгийн хүүхдүүдийг хөгжүүлэх, манлайлж ажиллах, цаг үетэйгээ нийцсэн мэргэжлийн боловсон хүчин хэр зэрэг бэлтгэгдсэн бэ?
-Хүүхэд гэдэг өөрөө их гэгээлэг ертөнц. Хүүхэдтэй холбоотой ажил цаанаасаа бүтчихдэг. Хүүхдийн асуудал дээр томчууд ч мөн дуу хоолой нэгдэж чаддаг. Сэтгэл байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй шүү дээ. Тиймээс боловсон хүчний тал дээр бид санаа зовохгүй байгаа. Гэхдээ мэргэжлийн талаас нь сургах шаардлагатай зүйлүүд бас байна. Жишээ нь хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс яаж урьдчилан сэргийлэх вэ, ямар арга хэмжээ авах вэ гэх мэт. Тиймээс бид эхний ээлжинд хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид буюу багийн Засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн, хамтарсан багийн гишүүддээ зориулж сургалтыг зохион байгуулсан.
-Жилийн ажлын хүрээнд “Засаг даргаас хүсэх миний хүсэл” захидлын аян зохион байгуулж, Шийдвэр гаргах бүх шатны удирдлагууд сар бүрийн тогтсон нэг өдрийг хүүхдээ сонсдог өдөр болгон зарлах ажил төлөвлөгдсөн байна. Үүнийг тодруулбал?
-Томчууд бид л хүүхдийн төлөө ийм зүйл хийнэ, тийм зүйл хийнэ гэж яриад байдаг боловч хүүхүүд маань яг юу хүсдэг вэ гэдгийг мэдэх нь чухал л даа. Тиймээс би хүүхдүүдийнхээ дунд “Миний захиа бидний хүсэл” захидлын аян зохион байгуулсан. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 200 гаруй хүүхдээс захидал хүлээн аваад байна. Хүлээн авах хугацаа дууссан ч хүүхдүүд маань захидлаа ирүүлсээр л байна. Би цаг зав л гарвал хүүхдүүдийнхээ захидлыг унших дуртай. Тэднээс маань олон чухал санаа гарч байна. Хөрөнгө мөнгө шаардахгүйгээр зохицуулж болохоор ажлууд ч олон байна. Хүүхдүүд маань томчууд бидэнтэй адилхан нийгмийн асуудалд ямар их анхаарал тавьж, ач холбогдол өгдөг юм бэ гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс хүүхдүүдийнхээ тавьсан саналыг нэг бүрчлэн биелүүлэхийг хичээж байна. Сум байгууллагын удирдлагууд дотооддоо зохион байгуулалтаа хийж, тогтсон нэг өдрийг хүүхдээ сонсдог өдөр болгоно. Миний хувьд 5 дахь өдөр бүр иргэдийг хүлээж авч уулздаг. Харин хүүхдүүдэд үүд хаалга маань байнга нээлтэй байгаа. Заавал тусгайлсан нэг өдөр заахгүй.
-Хүүхдийн хөгжлийг дэмжихээс илүүтэй яг үнэндээ эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлж хамгаалах ажил нэн шаардлагатай байна. Энэ тал дээр яг ямар тодорхой ажлуудыг хийх вэ?
-Бид нэн түрүүнд хүүхдийн эрсдэлийн орон нутгийн нэгдсэн судалгааны сантай болохоор ажиллаж байна. Эрсдэлд өртөж болзошгүй зорилтот бүлгээ тодорхой болгоно. Үүндээ үндэслээд сумын хүүхдийн эрсдэлийн зураглалыг гаргаж, эрсдэлийг багасгах арга хэмжээг авна. Эрсдэл гэдэг маш өргөн ойлголт. Сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд, найз нөхдийнхөө орчинд, амьдарч буй орчинд нь хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй бүхий л зүйлд анхаарал тавих хэрэгтэй.
2021 онд хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн 151 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс бие махбодийн хүчирхийлэл 29, бэлгийн хүчирхийлэл 15, сэтгэл санааны дарамт 54, үл хайхрах хүчирхийлэл 71 гарсан. Үүнээс 128 тохиолдол нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна. Мөн хүүхдүүд үе тэнгийн дарамтад их ордог юм байна. Бидний үед ахлах ангийнхан дээрэлхэх, шанаа өгөх тохиолдлууд байсан бол одоо цаг үеэ дагаад сошиал орчноор бие биенээ дарамталдаг болжээ. Тиймээс бид үе тэнгийн дарамтыг бууруулахад мэргэжлийн болоод хүүхдийн оролцооны байгууллагуудтайгаа хамтарч ажиллана. Мөн хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдийн гэр бүлд зориулсан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Түүнчлэн Өсвөр үеийн нөхөн үржихүйн кабинетыг шинэчлэн байгуулж, тохижуулан үйл ажиллагааг тогтмолжуулж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай цогц болгоно.
-Хүүхдэд үлгэр дуурайл болж буй эцэг эхийн үүрэг оролцоо, оюун санаа, харилцаа хандлага тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Та бидний үргэлж санаа зовдог зүйлсийн нэг бол хүүхдийн хүмүүжил юм. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүүхэд, ном унших дадалтай чадварлаг нэгэн болгохыг хүсдэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлнэ гэдэг тийм амар биш. Ажил төрөл ихтэй байдаг бол хүүхдэдээ цаг гаргах нь ховор. Тиймээс Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах “Шилдэг эцэг эхийн зөвлөл” шалгаруулах болзолт уралдаан зарлаж байна. Уралдаан гэдэг иргэдийг өөрсдийг нь идэвхжүүлж, сэдэлжүүлж байгаа хэрэг. Тэгэхээр эцэг эхчүүдийн дундаас хүүхдүүд рүү чиглэсэн сайхан санаачилгууд гараад эхэлнэ гэж харж байна.
-Тун удахгүй Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн нээлт болох гэж байна. Та юу гэж уриалах вэ?
-Бүх эцэг эх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандаж хэлэхэд бидний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө, ирээдүйг нь илүү гэгээлэг байлгахын төлөө “Хүүхдэд ээлтэй аймаг” болохын төлөө хамтран ажиллацгаая гэж уриалмаар байна.