Баянхутаг сумын Цантын хоолой багийн иргэдтэй уулзсанаар УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга нарын албан томилолт өндөрлөлөө. Багийн хуралдаа 80 гаруй иргэн хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохын зэрэгцээ баг, суманд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн, санал бодлоо илэрхийлж, мэдээлэл солилцлоо.
Багийн иргэд УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг даргатай нэг дор уулзаж төрийн аливаа шийдвэр, бүтээн байгуулалтын талаарх ойлголт, улс орон, аймаг, сум, багийнхаа мэдээллийг нэг дороос авч, үр дүнтэй уулзалт болж буйг онцолж байлаа.
Цантын хоолой багийнхан нэн тэргүүнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбатаас сумын Эрүүл мэндийн төвийн Түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Үргэлжлүүлээд малчид цаг үеийн шуурхай мэдээллийг малын бэлчээрээсээ авах, цахим хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгож, үүрэн холбооны сүлжээнд холбож өгөхийг хүслээ. Үүнчлэн уул уурхайн компаниудад хяналт тавих, лицензийн талаар, сумын хогийн цэг, малчдын хөгжлийн асуудал гэх мэт сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сумаас хүссэн автомашиныг салбарын сайдад нь уламжилж, ирэх 5-р сараас шийдвэрлэж өгнө гэв. Тэрбээр УИХ-ын 2021 оны намрын чуулганы үйл ажиллагааны тойм, хууль эрх зүй, нийгмийн бодлого, эдийн засгийн бодлого, улс орны онцлог үйл явдал, шийдвэр, шинээр мөрдөгдөн эхэлж буй хууль тогтоомж, тойргоос сонгогдсон гишүүдийн үйл ажиллагаа, ажлын албаны талаар мэдээлэл хийсэн бол аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэнтий аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм.