Соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч" сар аяны хүрээнд "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум"-ыг төрийн ордонд зохион байгуулж байна. Манай улсын хувьд соёлын бүтээл үйлдвэрлэлийн салбарыг бие даасан хуультай болгох хуулийн зохицуулалт хэлэлцэгдэж байгаа.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум"-ыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Даяаршилын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монголчууд бид өөрийн улсын ард түмний өвөрмөц соёл, зан заншилаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар түүх, соёл үнэт зүйлсээ сурталчилан таниулах, хойч үеээ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг байгуулсан. Миний хувьд Соёлын яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж чин сэтггэлээсээ хүсдэг хүн. Соёл маань бие даасан бодлоготой, яамтай байх ёстой. Энэ бол соёл урлагтаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл мөн. Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам, соёлын бодлого байнга ажлаа явуулж байх ёстой. Соёлын яам байгуулагдаад удаагүй байгаа хэдий ч соёл, урлагийн салбарт бодитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Иймд төрийн тэргүүн миний бие сэтгэл хангалуун байна" гэлээ.
Манай улсад 38000 гаруй соёлын бүтээлч үйлдвэрлэгч ажилладаг. Эдгээр хүмүүсийн ажиллах эрх зүйн орчинг илүү тодорхой болгож чадвал соёл, урлагийн салбарт томоохон хэмжээний өөрчлөлт, дэвшил гарна гэж тус салбарынхан үзэж байгаа аж.