Аймгийн хэмжээнд 89 багийн 11,5 мянган малчин, мал бүхий өрхөд 5,0 сая гаруй толгой мал тоологдсон бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 8,8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Мөн аймгийн хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэх ажилд 18 сумын 3497 хүн, 2055 техник хэрэгсэл, 16 хадлангийн салаа гарч ажиллаж байгаа бөгөөд аймаг, сумын нөөцөд 704,5 тн өвс бэлтгэсэн нь 25,2 хувьтай, малчдын хэрэгцээнд 130,0 мянган тн хадлан бэлтгэхээс 94,5 тн бэлтгэж 72,7 хувьтай байна.
Газар тариалангийн салбарт 30 ААН, иргэн үйл ажиллагаа явуулж 32,1 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд улаан буудай 1025 тн, хунчир 10,5 тн, төмс 1267 тн, хүнсний ногоо 1227,5 тн тус тус хураан авчээ. Газар тариалангийн ургац хураалтад 126 техник хэрэгсэл, захиалгаар 59 оюутан, 20 цэрэг ажиллаж байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажилд тэр дундаа төмс, хүнсний ногоо хураалтын ажилд хүн хүч дутмаг байгаа талаар ХХААГ-аас мэдээллээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, “Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 06 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Мөн энэ үеэр зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилт төслийн аймгийн ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тус төслийн зүгээс энэ онд худаг 5, банн 7, борлуулалтын цэг 2, зоорь 1, сум бүрт борлуулалтын цэгийн дэмжлэг тус бүр 20 сая төгрөг нийт 630 сая төгрөгийн санхүүжилтийг сумдад олгожээ.
Хуралдааны төгсгөлд мал угаалгын ажлыг эрчимжүүлэх, хадлан тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах чиглэл өглөө.