Улаанбаатар хотоос тавдугаар сарын 22, 24, 25-нд Хэнтий аймагт очсон долоон хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр иргэн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тун хийлгэсэн бөгөөд товчоодоор нэвтрэхдээ шинжилгээ өгсөн талаар тус аймгийн шуурхай штабаас мэдээллээ. Одоогоор ойрын хавьтал болох 73 иргэнээс шинжилгээ авч байгаа аж. Халдвар авсан иргэд тус аймгийн аймгийн Хэрлэн сумын IV, VI багт оршин суудаг бөгөөд гэр бүлийн хүмүүс юм байна.
Энэ талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан “Улаанбаатар хотоос ирсэн долоон хүнээс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Өнгөрсөн хугацаанд буюу энэ сарын эхэн үе хүртэл иргэд хөл хорионы хатуу дэглэм мөрдсөн. Түүнчлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад аймгийн иргэд хамрагдаж эхэлсэн учир энэ удаа хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Гэхдээ Хэнтий аймагт зорчин ирж буй иргэд үүрэг, хариуцлагаа ухамсарлах нь зүйтэй. Улаанбаатар хотоос ирсэн долоон иргэн гэрийн ажиглалтад байх үүргээ зөрчих тохиолдол гарч байна. Иймд тэдгээр иргэнийг үүрэг, хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна.
Халдвар авсан хүнтэй 1.5-2.5 метр зайд 15 минутаас дээш хугацаанд харилцсан бол хавьтал гэж үзнэ. Иргэд өөрсдийгөө халдвартай иргэний хавьтал байж болзошгүй гэж бодож байгаа бол шинжилгээ өгч байх нь зөв.
Хэнтий аймаг нийт долоон удаагийн татан авалтаар 92 мянган хүн тун вакцин авчирсан. Өнөөдрийн байдлаар аймгийн нийт хүн амын 84.7 хувь нь I тун, 44.4 хувь нь II тунд хамрагдаад байна. Вакцины нөөц хангалттай байгаа. “Файзер” болон “Спутник” вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийг Улаанбаатар хот руу чөлөөтэй нэвтрүүлж байгаа” гэжээ.