Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг ЗГ-аас танилцууллаа. Тэдгээрээс онцлоход, УБ хот, орон нутгийн нийт иргэдийн амьжиргааг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байраа хадгалахад дэмжлэг болгож бүх суурь зардлуудыг "тэг"-лэж төр хариуцах шийдвэр гаргажээ.
Үүнд:
- Айл бүрийн цахилгааны төлбөр
- Айл бүрийн дулааны төлбөр /100 м.кв хүртэл. Жишээлбэл 120 м.кв талбайтай орон сууцны төлбөрийн 20 м.кв талбайн төлбөрийг төлнө гэсэн үг/
- Айл бүрийн усны төлбөр
- Айл бүрийн хогны төлбөр
- ААН-ийн цахилгааны төлбөр
- ААН-ийн дулааны төлбөр
- ААН-ийн усны төлбөр
- ААН-ийн хогны төлбөр
- ААН-ийн уур хэрэглэсний төлбөр хамрагдана.
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 75 хувь болгож нэмж хямдрууллаа. Харин банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, уул уурхай, үүрэн холбооны оператор копманиуд ороогүй юм байна.
Энэхүү шийдвэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Ингэснээр цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийн чөлөөлөлтөд нийслэлд 25 мянган аж ахуйн нэгж, 381 мянган айл өрх, орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж, 297 мянган өрх хамрагдана. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл:
- Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны
- Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая төгрөгийн цахилгаан, дулааны
- Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая төгрөгийн
- Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийг өөртөө үлдээнэ гэж тооцжээ.