БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ХАЛТАЙ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ


Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх аж. Үүнтэй холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч долоон жил хэрэгжээгүй. Өнөөдөр ус бохирдуулсныхаа төлөө төлбөр төлсөн аж ахуйн нэгж, компани, хувь гэж байхгүй аж.

Одоо хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь болгож бууруулахаар тусгаад байгаа аж. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар жилд есөн тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөрөөс хуримтлуулах ёстой. Гэтэл одоогийн шинэ хуулиар 50-60 хувь бууруулснаар жилд дөрөв орчим тэрбум төгрөгийг л төвлөрүүлэх юм байна.

Жилийн өмнө байгаль орчны төрийн бус байгууллагууд хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлж байсан. Гэсэн ч тодорхой ахиц гараагүй учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газар, БОАЖЯ-ыг өгсөн байна.

Шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх ёстой гэх шийдвэрийг гаргажээ. Засгийн газар дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах, шатны шүүхэд гомдол гаргажээ.

Шүүх хурал маргааш болох бөгөөд шүүхийн маргаантай байхад УИХ хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байгааг дээрх ТББ-ууд эсэргүүцлээ.

Тиймээс байгаль орчны төлөөх ТББ-ууд дараах шаардлагыг УИХ-д тавьж байна.  Үүнд: 

Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулахаар УИХ яаравчлан зүтгэж байгааг эсэргүүцэх

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоо дахь жилдээ хэрэгжүүлээгүй Засгийн газар, БОАЖЯ-ны хэргийг шүүхээр шийдвэрлүүлж байгаа тухай

Уг хэрэг, маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхгүй байхыг шаардаж буй тухай

УИХ-ын гишүүд ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулж байгаа хуулийн төслийг дэмжихгүй байхыг шаардлаа. 

О.Гэрэл
Оллоо.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан