Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан орчимд олон тооны тогоруу үхсэн гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаяртай ярилцлаа.
- Олон тооны шувуу үхсэн зураг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Үүний учир шалтгаан нь юу байв. Та дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Анх Дамдинсүрэн гэдэг хүн мэдээлэл өгч манай судлаачдын баг газар дээр нь очиж ажилласан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны хүмүүстэй уулзаж үхэл хорогдлын шалтгааныг тодруулах ажлыг хийж эхэлсэн. Тухайн газраас 15 өвөгт тогоруу, нэг хондон ангирын сэгийг олсон. Биднийг ажилласнаас хойш дахин 20 гаруй шувуу хорогдсоныг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийсэн юм билээ. Хордсон шувуудаас дөрвөн тогорууны амнаас цус гарсан байдалтай байсан. Шувуу хорогдох олон шалтгаантай учраас хамгийн эхэнд бид өндөр хүчдэлийн шон ойрд хавьд нь хайж үзэхэд байгаагүй.
Хоёрдугаарт шувууны томуу вирусээр өвчилсөн байж магадгүй хэмээн таамаглаж дээжийг нь улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжлүүлэхэд томуугийн вирус илрээгүй.
Харин шинжилгээгээр тогорууны элэг, бөөр, нойр булчирхайнаас нь мэрэгч устгалын хорны найрлагад ордог бромадиолин бодис илэрсэн. Мэрэгч устгах хорыг будаанд шингээгээд цацдаг. Тэгэхээр тариа будаа иддэг бүх амьтан хордох боломжтой. Бидний мэдэж байгаагаар 40-өөд тооны шувуу хордож үхсэн. Үүний цаана хичнээн олон жижиг шувуу, амьтад хортой будаа идсэнийг бид мэдэхгүй байна.
-Энэ талаар холбогдох байгууллагуудад мэдэгдсэн үү?
-Мэдэгдсэн. Байгаль орчин, аялал жуучлалын яаманд мэдэгдэл хүргүүлсэн. Одоогоор хариу өгөөгүй байгаа. ХХААХҮЯ-нд мөн мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байгаа. Бромадиолин гэдэг бодис нь улсын зөвшөөрөлтэй, устгал хийхэд ашигладаг бодис. Гэхдээ өөр амьтан хордож үхэж байгаа учраас химийн бодисны найрлагын хэмжээ алдагдсан байж болзошгүй гэж бид таамаглаж байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагууд заавал анхаарах ёстой. Одоо нүүдлийн шувууд буцаж байгаа ч дараа жил дахиад ийм асуудалд давтагдах вий гэдэгт санаа зовж байна.
-15 өвөгт тогоруу хорогдсон гэлээ. Монгол оронд хэдэн тооны өвөгт тогоруу байдаг вэ?
-Монгол орны хэмжээнд тогоруу элбэг байдаг. Харин олон улсад тоо толгой нь буурч байгаа. Монголчууд “тогоруу төмөр дөрөөг сэтэртэл хараадаг” гэсэн үгнээс улбаалан тогоруутай нэг их сөргөөрхөөд байдаггүй. Харин мэрэгчдийг устгах хор бол тогорууны хувьд хамгийн том аюул. Хэрлэнбаян-Улаан орчимд хордож үхсэн тогоруун дотор Төв аймгийн Лүн суманд 2015 онд бөгжилсөн шувуу байсан. Энэ жил уг нь тус тогорууны үржлийн жил байсан юм.
-Өмнө нь мэрэгч амьтан устгах хоронд амьтан хордох тохиолдол гарч байсан уу. Химийн бодис хэрэглэх нь хэр оновчтой бэ?
-2002 онд хоёр хүүхдийн амь эрсдэж олон тооны махчин амьтан, шувуу хордож байсан. Энэ үйл явдлаас болоод улсын хэмжээнд хорт бодисоос татгалзаж байсан ч одоо мартагдсан байна. Дахин олон тооны шувуу хордлоо. Өөр хаана ямар амьтан хордож үхсэнийг бид мэдэхгүй. Химийн бодис бол зохих газраа зохих тунгаар хэрэглэвэл тухайн газраа үр дүнтэй. Харин тун хэтэрвэл үхүүлэх эрсдэлтэй.
Мэрэгч амьтад ихсээд бэлчээрийг талхалж байна гэж манайхан буруу ойлгоод буруу арга хэмжээ аваад байна. Малын тоо толгой хэт ихсэж бэлчээрийн даац хэтэрч өвс ургамал тачирхан болсноор үлийн цагаан оготно нааш цааш гүйх боломжтой болж үржих таатай нөхцөл нь бүрдээд байгаа юм. Хэрэв бэлчээрийн даацын зөв менежмент хийгээд өвс ургамал өндөр байвал үлийн цагаан оготны нааш цааш гүйх боломжгүй болж үржил нь удаашрана. Манайхан өөрсдийн бурууг үлийн цагаан оготноруу тохдог.
Зөв менежмент хийгээд явбал заавал хор цацах шаардлагагүй. Бэлчээрт цацсан хор бүх амьтанд аюултай. Хор цацсанаар дам дамаараа бүгд хордоно. Ядаж л бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлнэ. Олон улсад химийн бодис ашиглахаас зайлсхийж байгаа. Манайх л өнгөрсөн зууны арга барил хэрэглэж бэлчээрт химийн бодис цацаад байна.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин