Нийслэлийн Байгаль орчны газраас Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдрийг тохиолдуулан мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд оролцсон уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Нийсэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, шувуу судлаач, доктор, профессор С.Гомбобаатар, мөн тэнхимийн багш, амьтан судлаач, доктор, профессор С.Шар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн тандалт судалгаа, шуурхай удирдлагын албаны дарга Д.Батжав, Нийслэлийн байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга, доктор Ч.Батсайхан, тус хэлтсийн амьтны эмч, доктор Н.Цэрэнноров, Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар, Экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Тамир нар оролцов.
Уулзалтаас суурьшлын бүсэд гэмтэж бэртсэн, өвчилсөн зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажиллах мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн “Шуурхай баг”-ийг байгуулахаар боллоо.
Нийслэлийн ногоон бүсэд байршуулсан автомат камеруудын мониторинг судалгаагаар саарал чоно суурьшлын бүс рүү орж ирэх, үнэг галзуурах тохиолдлууд гарч байгаа тул иргэд ойд зугаалах, салхинд гарах үедээ сэрэмжтэй байх, үхсэн амьтдын сэг зэм тааралдсан тохиолдолд гар хүрч өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Нүүдлийн шувууд халдварт өвчний вирус тээж ирэх өндөр эрсдэлтэй тул олноор үхсэн, бэртсэн шувуу тааралдсан сэжигтэй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах /Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 7028 2853 дугаарын утсаар мэдээлэх/-ыг зөвлөж байна.