Сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж буй энэ мөчид АН-ын гурван нэр дэвшигчийг шоронд хорилоо. Эдгээр нэр дэвшигчид муу хүмүүс юм байж. Гэвч сонгуульд өрсөлдөх эрхээ аваад, сонгуулийн сурталчилгаагаа ид хийж явах үед нь ийнхүү барьж хорьдог нь ямар учиртай юм бэ. Тийм л асуудалтай хүмүүс байсан юм бол сонгууль эхлэхээс өмнө барьж хорьж болоогүй юм уу. Яг үнэндээ, энэхүү баривчилгаа чинь ардчилсан нийгмийн амин сүнс болсон ардчилсан сонгуулиар даажигнасан хэрэг болж байна. Энэ үйл явц хувь хүндээ ч бус юм, хамгийн гол нь ардчилсан сонгуулийг дарамталсан, доёолсон, ардчиллыг арчаад хаясан ч бэлэн байна шүү гэж заналхийлсэн үйлдэл болсонд аюул нь байна. Сонгуулиар даажигнаж болдоггүй юм. Улс орон, ард түмний хувь заяаны сонголт байдаг учраас хариу нь заавал ирдэг. Чөлөөт ардчилсан сонгууль гэдэг бол ардчиллын үндэс мөн. Арван тэрбум төгрөгийг гурван өдрийн дотор гаргаад барьцаанд өгчих хүн хаана байгаа юм бэ. Дэлхийн практикт хамгийн том барьцаа шаардсан шүүх хурал бол Майкль Жексоны бага насны хүүхэд садар самуунд уруу татсан гэх хэрэг байлаа. Тухайн үед АНУ-ын шүүхээс 2.5 сая ам.долларыг дуучнаас барьцаанд авч байсан юм. Дэлхий тэгэхэд 2.5 сая ам.долларын барьцааг сонсоод дуу алдаж, “Жексон тулдаа л юм биз дээ” гэж байлаа. Тэгсэн буурай Монголын шүүх дэлхийгээс тасарчээ, нэг иргэнээсээ таван сая долларын барьцаа нэхэв. Байхгүйг нь, боломжгүйг нь мэдэж байгаа болохоор шорон руу ачив. Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан... гэсэн гурван том аймгийн иргэдийн сонголт тодорхойгүй, нэг талаар тулгалт болж үлдэв.
Санал өгөх өдөр хүртэлх энэ цөөхөн хоногт ахиад арван тэрбумын барьцаа нэхэж шоронд хийх АН-ын хичнээн нэр дэвшигч үлдсэнийг мэдэх хүн алга. Ард түмний зүгээс хараад л сууж байхаас өөр чадах зүйлгүй. АН-ын хувьд энэ сонгуулиар өм цөм цохилтод орлоо. Ялах магадлал байтугай, үлдсэн нэр дэвшигчдээ яажшуухан бүтэн аваад сонгууль дуусгах вэ гэдэгтээ туллаа. АН бол ардчиллын баталгаа. Ард түмэн ядарсан үедээ ардчиллыг сонгодог. Эрүүл саруулаар харвал АН хийгээд ардчилал өөрөө МАН-ынханд бүр ч их хэрэгтэйг ухаар. Та нарын өөдөөс АН байгаа тулдаа танай нам нийгэмд үнэ цэнтэй байгаа юм. Өрсөлдөгчгүй байна гэдэг өт хорхойноос ялгаагүй. Гэвч МАН-ын зүгээс өрсөлдөгчгүй сонгуульд орохыг хүсэмжилсэн бололтой. Монголын 30 жилийн парламентын түүхэнд ийм увайгүй, хуулийн дээр гишгэсэн үйлдэл гарч байсангүй. Өрсөлдөгчдөө улс төрийн зорилгоор шоронд хийж байгаад сонгууль явуулж байсан түүх байхгүй. Улс төрийн шорон нэвт ханхалсан энэ өдрүүдийг харахаар ардчилсан сонгуулийг шоронгоор айлгаж явуулах технологи руугаа оров бололтой.
Цаг үе ийм цөвүүн сонгуулийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн шууд хандахаас өөр арга алга. Учир нь Ерөнхийлөгч бол энэ улс орон, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, бас баталгаа гэдгийг Үндсэн хуулиар хуульчлан баталсан. Та бол энэ бүх хууль бус үйлдлийг анхааралдаа авч, ардчилсан үнэт зүйл, зарчим хаана нь явааг олж харж, хуулийн хүрээнд эмх цэгцэнд оруулах эрх үүрэгтэй төрийн тэргүүн. Бүр хуулиар хүлээсэн үүрэгтэй Монгол төрийн тэргүүн. Та одоо дуугүй сууж болохгүй. Цаг алдалгүй ард түмнийхээ өмнө гарч ирж байр сууриа илэрхийлэх ёстой.
Тэгэхгүй бол төрийн эрх мэдлийг гартаа бүрэн эзэмшиж буй МАН, Монголын ардчиллын амин сүнсийг уландаа гишгэж эхэллээ. Сонгуульд нэр дэвшигчдийг бодлоготойгоор ингэж баривчлах нь ардчилсан нийгэм хийгээд энэ улс орны хувь заяанд асар хортой. Эрх баригч нам эрх мэдлээ хууль бусаар баталгаажуулах, сонгуулийг хууль бус аргаар явуулах замдаа ийнхүү шууд орлоо. Ерөнхийлөгч Х.Баттулга Та нийгэмд ил гарч ирж байр сууриа илэрхийлэхгүй юм бол Таныг бас ард түмэн хардах эрхтэй. Шударга ёс, чөлөөт эдийн засаг, хүний эрхийн талаар хамгийн их ярьдаг улстөрчид, эдийн засагчдыг хэдэн жилийн өмнө ярьж байсан хэрэг явдалтай нь холбогдуулан санал хураахаас хэдхэн өдрийн өмнө гэнэт барьж хорьж байгаа нь үнэхээр сэжиг төрүүлж байна. Үүнийг чухам юу гэж ойлгож, харж байгаагаа Ерөнхийлөгч та хэл. Ингэхгүй бол нийгмийн сэтгэл зүйг дарамт, дарангуйлал руу түлхэж байна. Дарангуйллыг мэдэрсэн ард түмэн яадгийг, юунд хүрдгийг дэлхийгээс бид харж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэрэг явдлыг л хүсээгүй юм бол одоо ард түмнийхээ өмнө ил гарч эв нэгдлийн илэрхийлэл болсон үүргээ биелүүл. Ийм үед ард түмэн чинь төрийн тэргүүндээ хандахаас өөр хэнд хандах билээ...
Өнөөдөр дэлхийд соц нийгмийн угшилтай улс орнууд л ардчилсан сонгуулиараа ийнхүү тохуурхаж, ард түмнийхээ уур хилэнг хүргэж байгаа. Тэдгээр улс орнууд огт урагшлахгүй, хөгжлийн доод шатандаа тийчилсээр байна. Ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр Их хуралд бүү хэл эцэг эхийн хурал дээр ч олигтойхон үг хэлчихэж чадахгүй алиа салбадайнуудыг олноор нь нэр дэвшүүлж, ардчилсан парламент ёсыг доог тохуу болгон, гайгүй гэсэн сэхээтэн бүрээ тэдэнтэй зэрэгцүүлэн доош нь хийж, үр дүнд нь хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлээ хадгалсаар байдаг технологи (Орос хэв маяг ч гэдэг) өнөөдөр манай сонгуулиас харагдаж байна. Эх орон, элгэн садан, ардчилсан нийгмээрээ ингэж тохуурхах хэрэг юу байгаа юм бэ. Өнөөдрийн энэ байгаа байдал маань “Та нарын ардчилсан сонгууль хийж төр барина гэж юу байсан юм бэ” хэмээн хэн нэгэн бах таваа хангаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа шүү дээ. Энэ бол эх орноо доромжилж буй хэрэг, хэсэг бүлэг хүмүүст доромжлуулж буй хэрэг. Хэн ингэтлээ Монгол Улсаар, Монголын ард түмнээр даажигнаж байна вэ. Үүнийг зөв оношлох хэрэгтэй. Оношоо зөв олсны дараа хариу арга хэмжээг хууль ёсны дагуу хатуу авах ёстой. Монголчууд ямар өөрийн бодолгүй, мэдлэг боловсролгүй, уураг тархигүй тэнэгүүд юм уу. Ийм цаг үед Монголын сэхээтэнлэг хэсэг үгээ хэлэх, тод тунгалаг дуугарах ёстой. Хэн дуртай хүн нэр дэвшинэ гэдэг бол хэзээ мөдгүй дарангуйлал руу орно гэсэн үг. Ардчиллын манлайлагчид болох хүмүүс шорон руу ачигдаж байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол сонгуулийг ардчилсан хэлбэрээр, үнэнч шударга, тайван амгалан, хууль ёсны дагуу явуулах үүрэгтэй хүн. Бүр хуулиараа тийм эрх үүрэгтэйг түрүүнд дурдсан. Эцсийн эцэст ийм нийгмийг, ийм сонгуулийг, ийм дарангуйлал, айдас хүйдсийг халах гэж л АН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид, Ардчилсан холбооны алдартай партизанууд амь насаа золиослон хувьсгалыг хийсэн. Ардчиллаа хамгаалж ирсэн. Гэтэл өнөөдөр ардчиллаасаа буцаж буй дүр зураг бий боллоо. Үгэнд орохгүй хэнийг ч, хэзээ ч хамаагүй барьж авчраад далд хийж чадна гэдгийг харуулж эхэллээ. Өнөөдөр нэр дэвшигч бүхэн айдастай болчихлоо. Шинээр сонгогдож орж ирэх гишүүн бүрт урьдчилан өгч буй сануулга бололтой. “Та нар бидний дохио зангаагаар хөдлөхгүй бол далд аваачиж хийнэ” шүү гэсэн. Одоо үүнийг зуршил болгоно. Муу жишиг болгоно. Сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд шүүх засаглал нэр дэвшигчдийг шоронд хийхээс өөр ажилгүй юм шиг ажиллаж байна.
2012 оны сонгуулийн өмнөхөн, дөрөвдүгээр сард Н.Энхбаярыг баривчилж ямар их сүр дуулиан болж байлаа. Шударга ёс, хууль ёс ярьсан баахан хүмүүс л байсан. Иймэрхүү юмны хариу их удалгүй өөрсдөд нь ирдэг байж магадгүй. Өнөөдөр бяртай, улстөрчдийг “амьтан” болгож байгаа эрх мэдэлтнүүд өөр нэг өдөр өөрсдөө амьтас болчихсон явахыг хэн мэдлээ... Маргаашаа ядаж бодож баймаар юм. Нэр хүнд гэдэг дээшээ өгстөлөө уддаг. Харин доошоо бол ёроолгүй мэт хурдалдаг. МАН-ын нэр хүнд санал өгөх өдөр хүртэл доошлох бололтой. АН-ын нэр дэвшигчдийг арай л увайгүй хамж байгаагаас харахад. Энэ муухай жишиг ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл юу болж дуусахыг үнэндээ мэдэх юм алга даа...
Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин