Баабар: Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!


Саяхи сонгуулийн явдал Ардчилсан нам нэг мөсөн алга болж, түүхийн дурсгалын дэвтэрт мөнхжин хоцорсныг баталлаа. Энэ намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон Энхсайхан нь зөвхөн бие даагчийн хэмжээнд үзэлцэв. Сонгуулийн компани эхлэхээс зургаан сарын өмнө олон нийтийн өмнө шившгийг нь дуудаж дүүжилчихсэн хүнээ намын их хурлаөр бараг л 100 хувийн саналаар тодруулах нь тэр. Дараа нь нөгөө зуун хувьтнаа унагах хөдөлгөөн намын бүх аппарат, давхрагад өрнөлөө.

Бараг арван хуруунд багтах цөөн хүн бүхий сонгуулийн штаб хэрээрээ зүтгэсэн боловч Ардчилсан намын нэр нүүр болсон олон эрхтэн дархтанууд нэр дэвшигчээ зүйл бүрээр хорлож байв. Сонгуулийн тактик сайн, бодож боловсруулсан зүйл байсан авч өөрийн зүгээс дэмжлэггүйгээр барахгүй гутаагдаж алиа алдаж байлаа. Өөрийн нам руу буюу намын нэр дэвшигч рүү хандсан дайралтыг зохион байгуулагч, шууд илэрхийлэгч нар нь намаа төлөөлж төрийн өндөрлөгт очигсод байсан. Засгийн газар дуугарвал нэг санаатай, дугтарвал нэг хүчтэй нэгдсэн баг гэдгээ саяхи сонгуулиар тод харууллаа. Ардчилсан нам нэр дэвшигчдээ ганц ч төргөг өгөөгүй гээд бод доо. Намын бүх шатны нэгжид хандсан “намаа задалсан Энхсайханыг сонгох гэж байгаа юм уу!” гэсэн философилог асуулт-мэссэж чухам Засгийн газрын гэсэн хаягаар шуурхай тарж байсан ба гардагч нь намын удирдлага байв. Сонгуулийн хороо илэрхий булхай хийж байхад чухам Ардчилсан намыг төлөөлж парламентад суугсад хэн хэнээс илүү луйварчдыг өмгөөлж байв.

Монголын өрх болгонд хүрэлцэхүйц хэвэлсэн нугалбар суртчилгааны арван хувь нь эзэндээ хүрч чадсангүй. Үүнийг бөөнөөр нь өрсөлдөгч намынхандаа худалдах, хав дарах, устгаж шатаах явдал Ардчилсан намын анхан шатны байгууллагуудад түгээмэл өрнөсөн. Үүнээс гадна үл оролцох, үнсэн дээр шалз болгон хаях хөдөлгөөн өрнөж, дэмжигчдийг сонгуульд оруулахгүй ажиллагаа явуулсан нь амжилттай боллоо. Хүн амын 30 гаруй хувь нь сонгуульд оролцоогүй дүн бол энэ ажиллагааны үр дүн.

Өдгөө талийгч болчихоод байгаа Ардчилсан нам бол 1990 онд шинээр байгуулагдсан Ардчилсан хүчин гэсэн ерөнхий нэртэй парламентэд суудал авсан гурван намын цогцолбор юм. Ийнхүү Ардчилсан нам шинэ Монголын түүхэнд өөрийн гялалзсан сайхан үүргээ биелүүлээд, өдгөө нэгэнт түүхийн дурсамж болон хоцорлоо. Алив улс төрийн намын эцсийн зорилго нь сонгууль байдаг, энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй бол түүнийг их бодож л сонирхогчдын клуб, олон нийтийн байгууллага, бүлэглэл, сайн дурынхан гэх мэтээр нэрлэнэ. Чухам л энэ утгаар Ардчилсан нам улс төрийн байгууллага биш болжээ.



Нам бол масс гэсэн Лениний томъёоллыг баримжаа болгон нээлттэй нийгэмд энэ онолыг хадгалж үлдэх гэсээр яваад байгалийн жамаар Ардчилсан нам аяндаа устаж байна. Ийм утгаар авч үзэх юм бол МАХН ч олон жилийн насгүй. Ардчилсан нам устан алга болж улс төрийн системийн хямрал үүсгэж байгаа нь жам ёсны процесс болохоос эмгэнэл биш юм. Чухам энэ хямрал нээлттэй нийгэмд улс төрийн нам хэрхэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг олон улсын шалгарсан жишгийн системийг Монголд буй болгох бололцоог нээж буй байж болох. “Жаран хоёрын бүлэг”, ”Эвслийн Засгийн газар” гэх мэт нүдэн дээр болж буй процессууд нь хэсэг бүлэг хүн үзэл бодлоосоо урваж шаравсан явдал гэхээсээ одоо үйлчилж буй улс төрийн намын тогтоц өөрөө амьдралтай авцалдахгүй байгаагийн гадаад илрэл.

Ийнхүү Монголд улс төрийн хүчний шинэ хуваарилалт тулгарч байна. Энэ нь хийгдэх ёстой, үүнийг хийхгүйгээр цааш удаан тэсэх гэж оролдвол харин хямрал нь эмгэнэл болон хувирч болох юм. Коммунист үзэл суртлын дараахи нийгмийн шинэ үнэлэмж бүрэлдэн тогтох төдийгүй, төлөөлөл, шийдвэр гаргагчдын нас, ертөнцийг үзэх үзэл, ерөнхий ойлголт нэгэнт жигдэрчээ. Гэтэл өнөөгийн улс төрийн намын тогтоц нь нийгэмд авилга хээл хахууль, гэмт хэрэг, хулгай шамшигдуулал, хариуцлагагүй явдлын “хууль бусаар” оршин тогтнох шимтэй хөрс болсоор байна. Нийгмийн ямар ч байгууламж бүхий оронд, ерөөс хүний нийгэмд гэмт хэрэг гэж үзэгддэг, тэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ял шийтгэл хүлээдэг хүнд гэмт хэргүүд чухамхүү өнөөгийн улс төрийн намын системээр өмгөөлөгдөн харин ч гавъяа зүтгэл мэтээр үнэлэгдэх болжээ. Нийгмийн үнэлэмжийг ингэж хөлөөр нь толгой хийвэл тэр нийгэм улам ядуурч, “хүний” гэсэн дүрмээс холдон “ширэнгийн” гэсэн тодотгол руу ойртоно. Сөнөдөггүй юм гэхэд өндийхгүй.

Ард түмний итгэл үнэмшлээр төрийг удирдах бүлэглэл, тэдэнд хяналт тавих хүчтэй сөрөг хүчний бүлэглэл ямар ч тохиолдолд зайлшгүй хэрэгтэй. Монголд болж буй улс төрийн намын тогтолцооны хямрал нь энэхүү зайлшгүй байх ёстой хоёр орон зайг аль алиныг нь онгойлгож өгч байна. Ардчилсан нам сайн нам байсан, шинэ Монголын түүхэнд, Монголын ард түмний өмнө үнэлж баршгүй гавъяа байгуулсан. Гэвч энэ нам өдгөө байхгүй болж, орон зай нь хоосон үлдлээ.

“Хаан нас барлаа, хаан мандтугай” гэсэн ухаалаг франц үг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг нь хорвоогийн дийлдэшгүй хууль! Ардчилсан нам жамаараа нас барлаа… одоо хэнд “мандтугай” гэсэн ерөөл талбих вэ?!

Баабар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан