Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) өнгөрсөн Бямба гарагт хуралдсан билээ.
Тус хурлаар АН-ын гишүүдийн татварын асуудлаар хэлэлцсэн байна.
Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ дараах тайлбарыг өөрийн фэйсбүүктээ бичжээ.
С.Эрдэнэ "Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигархийн халаасанд гүйж ордог нам биш.
ҮБХ-ны гишүүд маань Ардчилсан намын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулъя гэсэн санал санаачилга гаргав.
Хэд хэдэн хувилбар санал болголоо.
Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгоё, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе, мөнгөний ханшийн уналтаа тооцоод 80-100 сая болгоё гэдэг ч юм уу, олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн.
Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ" гэжээ.
Хэдийгээр С.Эрдэнэ ҮБХ-ны гишүүдийн татварын асуудал нээлттэй үлдсэн гэж байгаа ч намын нэр бүхий гишүүдийн мэдээлж буйгаар 100 сая төгрөг дээр тогтсон гэж байлаа. Ингэхдээ оны өмнө 40 сая, он гараад 60 сая төгрөг төлөх хуваарьтай гэж байв.
АН -ын ҮБХ 419 гишүүнтэй.
Гэхдээ эх сурвалжуудын хэлж байгаагаар УИХ-д нэр дэвшихийг горилж байгаа хүмүүс л энэ 100 сая төгрөгийн татвар буюу дэнчинг төлнө гэсэн таамаглал байна.
Б.АНУ
IKON.MN