Дарангуйлалд буй АН

Үнэнийг хэлэхэд, АН-д дарангуйлал тогтоно гэдэг бол Монголд л бий болж байгаа өвөрмөц гаж үзэгдэл. Ардчилал бол дарангуйлал, хүчирхийлэлгүй тогтолцоо гэдэг. Өөрөөр хэлбэл, нээлттэй, ил тод байдал, шударга ёс, хариуцлага, эрх тэгш байдал юм.
Харамсалтай нь Монголд ардчилсан хувьсгалыг авчирсан АН эдүгээ ганц хүний дарангуйлалд орж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал, чөлөөт сонгууль, хууль, дүрэм бүхнээс алсран холджээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын дарга болмогцоо дарангуйллын тогтолцоо, дэглэм, арга барилыг намдаа үе шаттайгаар суурьшуулсан байна.
Юуны өмнө тэрээр АН-ын дүрэмд дүрэм бусаар халдаж эрх зүйн хувьд өөртөө хэмжээгүй эрх мэдэл олгосон. АН-ын дотоод ардчиллын гол амин сүнс нь тус намын дотоод сонгууль. Гэтэл С.Эрдэнэ Дотоод сонгуулийн хорооны гишүүд өөрсдөө нэр дэвшин сонгогдож хараат бусаар ажиллана гэдэг заалтыг өөрчилж, намын дарга нь санал болгодог болгож дур мэдэн засвар хийсэн. Ингэснээр АН-ын Дотоод сонгуулийн хороо С.Эрдэнийн заавраар ажилладаг тоглоомын байгууллага болж хувирсан гэдгийг энэ намын гишүүд ярих боллоо.
С.Эрдэнэ намынхаа бүх шатны дотоод сонгуульд хэнийг дэвшүүлэх, хэнийг хасах вэ гэдгийг шийддэг болсноор АН-ын дотоод ардчилал, эрүүл өрсөлдөөн устжээ.
АН-ын Үндсэн дүрмийн хороо гэж чухал байгууллага бий. Нам дотроо Үндсэн хуулийн Цэц шиг л чиг үүрэгтэй. Энэ хороо намынхаа Үндсэн дүрмийг мөрдүүлэх, уг дүрэмтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ажлыг хийдэг. 
Гэтэл С.Эрдэнийг АН-ын дарга болонгуут Үндсэн дүрмийн хорооны гишүүд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ гэсэн дүрмийн заалт өөрчлөгдөж, мөн л намын дарга санал болгодог болгожээ. Ийнхүү АН-д хяналтын тогтолцоо үгүй болсноор дарангуйлал бурангуйлал тогтох үндэс бүрджээ.
Үүгээр зогсохгүй АН-ын даргад хоёр жил тутамд намын Их хурлаар итгэл үзүүлэх асах асуудлыг хэлэлцэнэ гэдэг заалтыг Үндсэн дүрмээс хассанаар С.Эрдэнэ хариуцлагаас хаацайлагдаж, хугацаагүйгээр АН-ыг удирдах боломж нээгджээ.
Эдгээр өөрчлөлт АН-ын Үндсэн дүрэмд орсноор С.Эрдэнэ дураараа дургиж эхэлсэн талаар АН-ын гишүүд баримт сэлттэй удаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хүртэл хандлаа. Тэд ярихдаа, “…АН-ын бүх шатны гишүүд нь тухайн шат шатны дарга нараа сонгох эрхтэй байдаг. С.Эрдэнэ гишүүдийнхээ энэ эрхэд шууд халдан аймаг, дүүргүүдийн АН-ын дарга нарыг шууд томилж, өөрийн хүмүүсээ байрлуулсан байна. Мөн өөрт таалагдаагүй, өөрийг нь шүүмжилсэн гишүүдээ намаасаа хасч, хөөх боллоо. С.Эрдэнэ улс төрийн намыг нэг хүний нам болгосон. Үр хүүхэд, хүргэн, хамаатан саднаа АН-ын дунд шатны байгууллагуудад удирдах ажилд томилсноос эхлээд олон баримт дурдаж болно. Үндсэн дүрмээ намын их хурал нь баталчихсаны дараа С.Эрдэнэ түүнийг хуулийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлж батлуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх явцдаа Үндсэн дүрэмдээ дур мэдэн өөрчлөлт оруулж, зүйл заалтыг нь хассан ийм хүн үзэл баримтлал, Үндсэн дүрмийн талаар гишүүддээ танилцуулна гэдэг инээдтэй.
Ардчиллын үндсэн шинж болсон чөлөөт сонгуулийг АН-д үгүй болгож, дотоод сонгуулийн хороог дээр дурдсанчлан өөрийн хүмүүсээр бүрдүүлж, АН-ын бүх шатны дотоод сонгуульд элсэх эрхийг мөнгөөр үнэлсэн” гэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-аас хөөгдөхдөө “Монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. С.Эрдэнийг АН-ын даргаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат АН-ыг булшилж байна. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй” гэсэн бол  УИХ-ын гишүүн Л.Болд “АН ардчилсан биш коммунист нам болжээ. АН нэг хүний дарангуйллын нам болжээ” хэмээн мэдэгдэж байсан.
УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа “Улс төрийн нам гэдэг бол маш бодитой, тооцоо, судалгаатай хөгжлийн загвартай байх ёстой. Улс төрийн орчинд шинэчлэл хийе гэвэл улс төрийн намууд шинэчлэгдэхээс өөр гарц байхгүй. Тиймээс ч улс орны  хөгжлийг түүчээлэх улс төрийн намын хувьд бодлоготой нам байх ёстой. Намын бодлого гэдэг бол нэг хүний бодлого биш. Намын бодлого гэдэг бол Үзэл баримтлал, Үндсэн дүрэмд суурилсан хөгжлийн бодлого юм. Хэн дарга байхаас үл шалтгаалж нам шинэчлэгдэх ёстой. Монгол Улсын хөгжлийг дараагийн 20 жилд авч явах улс төрийн хүчин бол АН” хэмээн Завхан аймагт болсон уулзалт дээр хэлжээ.
З.Нарантуяа гишүүн энэ үгээ зэрэгцээд сууж байсан С.Эрдэнэ даргадаа хаяглаагүй нь лав. Гэхдээ олон нийтийн хувьд дээрх үгийг АН-ын дарга С.Эрдэнэд шууд хамаатуулан ойлгож байна.
Энэ бүх үйлдлээс нь С.Эрдэнийг АН-ын дарга гэхээс илүү ардчиллын нэрийн өмнөөс дарангуйлж байна гэж гишүүд нь дүгнээд байгаа бололтой юм. Тэгэхээр дарангуйлалд буй АН-ын гишүүд даргаа солих гэж тэмцэлдэж буй нь ийм нөхцөл шалтгаантай гэсэн үг.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан