Төрийг “намын дүрэм”-ээр удирдах У.Хүрэлсүхийн тактик хаа хүрэх вэ

МАН-ын хаалттай бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох тогтоол баталж, дүрэмдээ ч өөрчлөлт оруулжээ. Хаалттай хуралдаан хэдий ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан улс төрийн илтгэл, хэлсэн үг УИХ-ын даргыг шүүмжилсэн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Л.Оюун-Эрдэнэ нарын байр суурийн талаарх албан мэдээг намын хэвлэлийн албанаас хэвлэл мэдээллийнхэнд тараасан.
Тиймээс ч УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр мэдээлэл хийж, хаалттай байга хурлын мэдээллийг олон нийтэд нэг талаас нь хүргэсэн, тэр байтугай Ерөнхий сайд надтай “бид хоёрын дунд л яригдах яриа” гэж уулзсан уулзалтын талаар ч нээлттэй дэлгэлээ. Бусдын хэлсэн үгэнд хийсэн миний тайлбарыг хэвлэлийнхэнд мэдээлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэлд халдсан намын шийдвэр гэж байж болохгүй.  МАНАН-г би байгуулаагүй, харин ч Ерөнхий сайдаар томилогдож байсан 2006 онд парламентад суудалтай АН-аас бусад таван улс төрийн хүчинтэй Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой гэдгийг онцоллоо. Ерөнхийдөө энэ удаад УИХ-ын дарга М.Энхболдод ёсзүйн хариуцлага тооцоход чиглэснийг бага хурлын уур амьсгал, баталсан тогтоол, намын дүрэмд оруулсан өөрчлөлтөөс ч харагдаж байна.
Учир нь МАН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “намын шийдвэрийг биелүүлээгүй гишүүдэд хариуцлага тооцож, гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээ авна”. Ингэхдээ энэ эрхийг Хяналтын хороонд шилжүүлжээ. Хяналтын хорооны гаргасан шийдвэр эцсийн байх бөгөөд Удирдах зөвлөл, бага хурлаар хэлэлцэх шаардлагагүй аж. Жишээлэхэд, УИХ-ын дарга М.Энхболд намын бага хурлынхаа тогтоолыг эсэргүүцэж, өөрийнй хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй бол намын дүрэмд орсон шинэчилсэн өөрчлөлтөөр Хяналтын хороо нь хэлэлцээд намын гишүүнчлэлээс нь хасах шийдвэр гаргах юм байна. Ингээд МАН-ын гишүүнчлэлээс хасагдсан эрхэм мэдээж УИХ-ын даргын албаа үргэлжлүүлэн хаших үндэслэлгүй болно. Цаашлаад нэр бүхий хэд хэдэн гишүүнийг намаасаа хөөх шийдвэрийг гаргах бор шувуу ниссэн. Тэд ч мөн адил намын Хяналтын хорооны шийдвэр гарсан байхад автоматаар гишүүнчлэлээсээ хасагдаж, УИХ-д сул гишүүн болох нь.
Эрх баригч хүчний парламентын гаднах удирдагч намын дүрэмдээ өөрчлөлт оруулах замаар төрийн түшээдийг удирдах нь. Өөрөөр хэлбэл хууль тогтоох дээд байгууллагыг намын дүрмээр удирдах хуулийн гадуурх тактикийг өнөөдрийн МАН-ын дарга У.Хүрэлсүх барьж байна.
Учир нь түүнд эрх баригч хүчний намын дарга гэсэн албан тушаал байгаагаас бус УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх оногдоогүй. Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн хэдий ч парламентад ажлаа тайлагнах, парламентаас үүрэг чиглэл авах, цаашлаад Ерөнхийлөгчийн хүргүүлсэн санал, зөвлөмжийг хүртэл судлах үүрэг хүлээдэг.
МАН-ын даргын хувиар УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, цаашлаад 200 мянга гаруй гишүүддээ хандсан үүрэг чиглэл өгч болно. Гэхдээ УИХ-ын даргын албан тушаалыг намын тогтоол, дүрмээр чөлөөлөх нь Үндсэн хуулийн эсрэг үйлдэл.
УИХ-ын дарга бол Үндсэн хууль бусад хуулиар хамгаалагдсан халдашгүй бүрэн эрхтэй албан тушаал гэдгийг өнөөдрийн спикер М.Энхболд олон нийтэд мэдрүүлж байна. УИХ-ын баталсан төсвийг захиран зарцуулах эрх мэдэл Ерөнхий сайдад оногддог бол парламентат засаглалтай улсын хувьд УИХ-ын даргад хамгийн бага төсөв ногддог гэсэн шүүмжлэл байнга дагалддаг. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэн нэг гишүүн санаачилж,  гарын үсэг цуглуулж, УИХ-аар хэлэлцүүлээд олонхийн санал авсан тохиолдолд Засгийн газар бүхэлдээ нурдаг.  Харин хууль тогтоох төрийн дээд байгууллагын спикерийг хэн нэг байтугай, хэд хэдэн гишүүн нийлж гарын үсэг зурж, популизм хийгээд ч огцруулах үндэслэл болдоггүйг өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал тодхон харуулж байна.
Тиймээс ч МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бага хурлаа зарлаж, тогтоол баталж, дүрэмдээ өөрчлөлт оруулах гээд бүхий л гарцыг хайж байгаа нь энэ аж.  Ямар тогтоол батлах, дүрмээ хэрхэн өөрчлөх нь тухайн улс төрийн хүчний дотоод асуудал. Харин төрийн эрхэнд намын дүрэм үйлчлэхгүй, хуулийн гадуурх төдийгүй, хууль бус үйлдэл.
Тэгээд ч Хяналтын хороо нь намын дээд байгууллагаасаа илүү эрх эдлэх МАН-ын дүрэмд орсон өөрчлөлтийг Дээд шүүх хүлээж авах уу гэдгийг харж л байя.

Н.Энхбат
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан