О.Баярсайхан: Дүрмээрээ л хөдөлгөөнд оролцвол бид торгох шаардлага байхгүй


Ажил мэргэжлээрээ олондоо танигдана гэдэг сайхан. Энэ удаад Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч О.Баярсайханыг онцоллоо. Түүнийг Хэнтийчүүд “Автын шар Баяраа” гэхээр андахгүй ээ.
-Амрыг эрье. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач? Аав ээж, нутаг ус, төгссөн сургууль гээд хүүхэд нас тань хаана өнгөрсөн бэ?
-Сайн байцгаана уу. Намайг О.Баярсайхан гэдэг. Миний аав М.Очирпүрэв Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын дарга байсан. Миний ээж З.Үржинханд 5-р цэцэрлэгт багшилж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, волейболын спортын мастер хүн байдаг. Миний бага нас Хэрлэн сум, Өндөрхааны САА-д л өнгөрсөн дөө. Хэрлэн сумын 2-р арван жилийн дунд сургууль төгсөөд цэрэгт татагдсан.
-Ямар ямар ажил эрхэлж байв?
-Арван жилийн сургуулийн ширээнээс оюутан бололгүй цэрэгт яваад тэгээд л замын цагдаа болсон. Өөр ажил хийж байгаагүй ээ.
-Анх цагдаагийн алба хаагч болох шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ? Хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Би Дотоодын цэргийн 05-р ангид нэг жилийн хугацаатай алба хаасан юм. Энэ анги маань цагдаа, цэргийн анги байсан.
-Замын цагдаагийн ажлыг хэдэн оноос хийж эхэлсэн бэ?
-1996 онд цэргээс ирээд 1997 оноос замын цагдаагаар ажиллаж эхэлсэн. Миний багш сурган хүмүүжүүлэгч Эрдэнэтуул гэдэг хүн байсан, одоо тэтгэвэртээ гарсан. Энэ хүнийг л даган дуурайж суралцан анх ажлынхаа гараагаа тавьж байлаа.
-Таны ажлын үндсэн чиг үүрэг юу вэ?
-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
-Цагдаа нарыг торгох гэж л зам дээр зогсдог гэж зарим хүмүүс ойлгож ярьдаг. Үнэхээр тэр торгосон мөнгөнөөс нь цагдаа нарт урамшуулал өгдөг юм уу?
-Тухайн томилогдсон цэгтээ үүрэг гүйцэтгэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчлүүдийг илрүүлж аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Түүнээс биш торгох гэж зогсдог, цагдаа нар нормтой гэх мэт тийм зүйл байхгүй шүү дээ. Бид төрд тангараг өргөсөн хүмүүс. Ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө л ажилладаг. Замын хөдөлгөөний дүрмээрээ л хөдөлгөөнд оролцвол бид торгох шаардлага байхгүй. Цалин дээр урамшуулал боддоггүй.
-Төрийн албан хаагчид өдөрт 8 цаг ажилладаг. Танай байгууллагад ийм тогтсон цагийн хуваарь байдаг уу?
-Байхгүй. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага болохоор 8 цаг ажиллах боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 8-12 цаг, бүтэн өдөр ч харихгүй тохиолдол байна. Баярын өдрүүдэд бол гэрээ мартана.
-Ажлаа хийж байхдаа тохиолдсон мартагддаггүй дурсамжаасаа хуваалцаач?
-Нийгмийн шилжилтийн үе явагдаж байх тэр үед юм, би их харамсч байсан. Тухайн үед амьдрал нь нэлээд тааруу ах байсан юм, хүний машин гуйгаад хөдөө ажил хийхээр яваад ирэхэд нь би зогсоож хүний тоо хэтрүүлсэн гээд 50000 төгрөгөөр торгосон. Тэр ах надад ийм ийм учиртай гээд тайлбарласан боловч би тухайн үедээ торгоод явуулсан. Хүний амьдрал чинь их хэцүү, зарим зүйлсийг хааяа ойлгож наанатай цаанатай хандаж аливаа зүйлсийн донжийг нь тааруулж сурах хэрэгтэй юм байна гэж боддог болсон. Гэхдээ зовлон ярьсан хүн бүрийг би ойлгоно гэж байхгүй, миний ажил иймээс хойш.
-Таны ажлын хамгийн сайхан нь юу вэ? Ажил мэргэжлийн бахархал гэвэл?
-Хэн нэгэн хүнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан хамгаалж чадсандаа л баярладаг. Хэнтий аймагт судалгаа хийхэд осол аваар их гардаг хэд хэдэн хар цэг байдаг юм. Жолооч нартаа сануулга өгч анхааруулсны дараа баярлалаа гэдэг үг сонсох тэр үедээ л ажлаараа бахархдаг.   
-Тэгвэл хамгийн хүнд хэцүү үе нь хэзээ вэ?
-Ямар ч аваар осол гарахад тухайн нөхцөл байдалд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэцүү гэхээсээ илүү харамсмаар санагддаг. Жолооч хүн хариуцлагатай байх хэрэгтэй. Учир нь техник гэдэг чинь аюултай зүйл. Мөн архи гэдэг амаар ороод амиар гардагтай л адилхан. 
-Жилийн 4 улиралд зам дээр зогсч ажилладаг хүмүүс бол замын цагдаа нар. Өвөл даарч, зун халууцдаг байх. Аль улиралд та хамгийн дуртай вэ? Шантарч байсан уу?
-Өвлийн улирал юм уу даа. Ядаж л нэг газар орооод дулаацаад гарч ирнэ, зун бол хэцүү шүү дээ их халуунд. 2000 оны эхээр 11-р сард өвлийн хувцасны хангалтад ороогүй байсан юм. Тэгтэл Мөрөн суманд тарваган тахал гарч, бид нар бүгдээрээ томилогдоод 45 хоног яг л өмссөн хувцастайгаа байсан. Ямар ч бэлтгэлгүй шууд ачигдаад, тэр үед их хүйтэн, цасаар шуураад л. Тэр үед л жаахан шантарч байсан. Ер нь хааяа шантрах үе байдаг.
-Камержуулалт та бүхний ажилд хэр сайн нөлөө үзүүлж чадаж байна вэ? Камерийн тусламжтай зөрчил илэрвэл араас нь хариуцлага тооцдог уу?
-Камер тавьсан нь маш их дэвшилттэй болсон. Зам тээврийн ослын маргааныг шийдвэрлэхэд түлхүү хэрэг болдог. 2019 онд гарсан хүн амины хэргийг илрүүлэхэд камерын ач тус гарсан гээд жишээ тоочвол их шүү.                                             
-Сүүлийн үед чанаргүй жолооч нар төгсөн гарч байгаа талаар иргэд ярьдаг, та үүнтэй санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Жолооны курс төгсч жолооч болсон хүмүүс наад захын дүрмээ мэддэггүй, тест бөглөж тэнцэхийн тулд зөв хариултыг нь автоматаар цээжилнэ, мөн би машин барьдаг юм чинь дүрмээр яах юм гэсэн хандлага ажиглагддаг.
-Жолооч нарын гаргадаг хамгийн хариуцлагагүй үйлдлүүд юу юу байдаг вэ?
-Жолоо барьж байх үедээ утсаар ярина, гэрлээ шилжүүлж сураагүй, суудлын бүсийг ихэвчлэн буруу хэрэглэнэ, мөн тавьсан шаардлага биелүүлэхгүй тухайн үедээ л цагдаагийн нүд хуурдаг үйлдлүүд ихэвчлэн гаргадаг даа. Жолооч нар минь өөрсдийгөө болон хайртай бүхнийхээ төлөө замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай хандаасай гэж боддог
-Таны хувьд зөрчил гаргасан жолооч нарт эхлээд сануулах арга хэмжээ авдаг уу, эсвэл шууд торгодог уу? Хуулиндаа юу гэж заасан байдаг юм бэ?
-Сануулна гэсэн юм байхгүй. Дүрэм мэддэг болж үнэмлэх авч байгаа шүү дээ. Санууллаа гээд дараагийн гарч болох аюулаас би хамгаалж чадахгүй. Торгох бол дүрэм зөрчсөнийг шийтгэж байгаа хэлбэр. Тэгэхээр сануулах, торгох гэдэг хоёр өөр зүйл. Торгуулсан хүн бол дахиад торгуулахгүйн тулд ядаж бүсээ зүүдэг болдог. Хуулиндаа сануулах гэсэн зүйл байхгүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол зохих зүйл заалтаараа торгуулна.
-Торгуулсан жолооч нараас яг тэр үедээ танд хэлж байсан хамгийн гоё бас хамгийн муухай үг юу байдаг вэ?
-Торгуулаад баярладаг хүн гэж байхгүй, бүгд л уурлаж өөрсдийн гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Зарим нь учраа хэлээд гуйна, гэхдээ хүн бүхний боломж ямрыг бид мэдэхгүй, тиймээс дүрмээрээ зорчиж байвал торгох шаардлага гарахгүй.
-Хамгаалах бүсний тусламжтай амь нас эрүүл мэндэд нь бага хохирол учирсан авто ослын жишээ байвал хэлж өгөөч. Бусдад сургамжтай байх?
-Benz маркийн машин аюулгүй байдлаараа шалгардаг. Жаргалтхаан сумаас аймгийн төв явж байгаад хүүхдээ бүүр ард ачаа тээвэрлэдэг хэсэгт ор засаад унтуулчихсан, тэгээд урдаа гурван зорчигчтой явж байгаад жолооч үүрэглээд машин нь онхолдсон. Гэтэл урд талд хамгаалах бүс зүүсэн зорчигчид нь зүгээр, харамсалтай нь ард явсан хүүхэд нас барсан байсан. Хамгаалах бүс нь шинжлэх ухааны үндсэн дээр батлагдсан зүйл юм. Энэ жишээнээс харахад зориулалтын бус газар хүүхдээ хэвтүүлэлгүй хамгаалах бүс зүүсэн байсан бол амьд гарах боломжтой байсан. Хамгаалах бүс 80 км/цагийн хурдтай явж байгаад аваар хийсэн бол амь насыг 80%-р хамгаалдаг. Төмөр хүлэгт амь насаа даатгаад яваад байлгүй зохих журмын дагуу зорчигчиддоо шаардлагаа тавьж хөдөлгөөнд оролцох ёстой. 
-Таныг “Автын шар Баяраа” гэхээр хэнтийчүүд анддаггүй. Энэ нэрийг хэн хэзээ өгсөн юм бэ?
-Мэдэхгүй шүү дээ. Нэг шооч нөхөр л өгсөн байх даа. Анх ажилд орсны дараахнаас л тийм хочтой болсон байсан.
-Та Хэнтийнхээ машин, жолооч нарыг андахгүй таньдаг болсон биз?
-Дээхэн үед бол анддаггүй байсан, тухайн үед тээврийн хэрэгсэл ч цөөхөн байсан үе. Харин одоо бол мэдэх боломжгүй болсон, хүн бүр л машинтай, хэзээ ч солих боломжтой. Машин бол хэрэглээ болсон нийгэм шүү дээ. Нийгэм өөрчлөгдөж байна.
-Жолооч нартаа хандаж юу гэж зөвлөх вэ?
-Нийт Хэнтийчүүддээ амар тайван амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе. Хүн болгон хариуцлагатай байж, жолооч та тээврийн хэрэгсэлтэй харилцаж байгаа бол маш болгоомжтой байгаарай, хайртай бүхнээ хамгаалж яваарай.
-Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан