“Коронавирус дэлхийн эдийн засгийг элгээр нь мөлхүүлж байна”. Эл өгүүлбэр нийтлэл болгоны шахуу эхлэл дээр бичигдэх болов. Жижигхэн зах зээлтэй Монгол байтугай томоохон эдийн засагтай дэлхийн гүрнүүд хямрал амсаж байна. Янз бүрийн аргаар даван туулах гэж хичээж буй. Япон гэхэд л санхүүгийн дарамтад орсон ард иргэдтэйгээ сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, Ерөнхий сайд Абэ Шинзо цалин, урамшууллынхаа 30 хувиас, Засгийн газрын гишүүд 20 хувиас сайн дураараа татгалзаж, төрийн санд буцаан олгохоор болсноо гурав хоногийн өмнө зарласан юм.
Харин манайд төсвийн алдагдал дөрвөн их наяд төгрөгт хүрч, улсын сан хөмрөг хоосорч, Монголбанк валютын нөөцгүй болж байгаа гэх эдийн засгийн мэдээллийг эр баригчид хийж буй. Гэлээ ч “цалингаасаа сайн дураараа татгалзлаа” гэж мэдэгдсэн гишүүн, сайд одоогоор алга. Уг нь төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа хувийн бизнестэй гишүүд, сайд нар, цаашлаад ТӨХК-ийн захирлууд тодорхой хугацаанд цалингийнхаа ядаж 30 хувиас татгалзах нь төсөвт бодит хэмнэлт болно.
УИХ-ын гишүүд сард 1.260.000 төгрөгийн цалинтай. Цалингаасаа гадна сард унаа утасны 312.000-548.000 төгрөгийн урамшуулал авдаг. Хууль сурталчлах, судлах чиглэлээр 6-40 сая төгрөгийн төсвийг торолгүй авдаг ажээ.
Жаахан тооцоо бодъё. Бүрэн эрхтэй 73 гишүүн 1.260.000 төгрөгийн цалингийнхаа 30 хувь болох 378.000 төгрөгөөсөө татгалзлаа гэж бодъё. 73 гишүүн зөвхөн 30 хувиасаа татгалзахад л 27 сая төгрөг хэмнэж байна /378.000х73=27.594.000/. Гурван сарын турш цалингийнхаа 30 хувиас татгалзахад 82.7 сая төгрөг хэмнэнэ. Энэ нь урамшуулал, хууль сурталчлах төсвийг оруулахгүйгээр гаргасан тооцоо. Урамшууллаасаа татгалзвал өчнөөн мөнгө хэмнэж чадах нь. 100 хувь татгалзлаа гэхэд хичнээн олон тэгтэй тоо гарахын надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Гишүүд сайд нарын ихэнх нь хувьдаа бизнестэй. Тиймээс энэ удаад бид цалингаасаа татгалзах боломжтой хувийн томоохон бизнестэй эрхмүүдийг нэрлэж байна.
Хувьдаа том бизнестэй гишүүд, сайд нар:
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН 30 КОМПАНИТАЙ: 30 компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн ХОМ-тээ тусгасан ч түүний жилийн орлого нь ердөө л 33.8 сая төгрөг. Харин гэр бүл гишүүдийнх нь орлого 26 сая төгрөг ажээ. Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүнд гишүүний цалин бол өчүүхэн зүйл гэсэн үг.
Н.ЦЭРЭНБАТ САЙД 25 КОМПАНИТАЙ: Эрхэм сайдын хөрөнгөлөг нэгэн болохыг илтгэх бас нэг зүйл бол түүнд 1 тэрбум 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 100 сая төгрөгийн хадгаламжтай. Түүнчлэн 749 сая төгрөгийн авлагатай.
Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН 24 КОМПАНИТАЙ: Тэрээр 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙгээр ангийн нөхөд дотроо толгой цохидог. 4.5 тэрбум төгрөгийн МАЛ АЖ АХУЙГААРАА мөн л тэргүүлдэг.
Н.ОЮУНДАРЬ ГИШҮҮН 24 КОМПАНИТАЙ: Түүний ГЭР БҮЛ НЬ 5.3 тэрбум төгрөгийн орлоготойгоороо хамгийн баян гишүүдийн тоонд зүй ёсоор ордог. 22 сая төгрөгийн орлоготой тэрээр 245 сая төгрөгийн хадгаламжтай.
С.БЯМБАЦОГТ ГИШҮҮН 12 КОМПАНИТАЙ: Бизнесийн салбараас УИХ-д орж ирсэн. Тэрээр 2008 оныг хүртэл үүсгэн байгуулсан компаниа тэргүүлж байв. Тэрээр аль нэг компани болоод үл хөдлөх хөрөнгөөсөө зарж борлуулаагүй ч 2 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай.
О.СОДБИЛЭГ ГИШҮҮН 11 КОМПАНИТАЙ: Өөрийн нь орлого 22 сая, гэр бүлийнх нь орлого 120 саяар хэмжигддэг. 11 компанитай тэрбумтан ч, хагас тэрбум төгрөгийн зээлтэй гишүүн гэгддэг.
Д.ТЭРБИШДАГВА 10 КОМПАНИТАЙ: Өөрөө 35 сая, гэр бүлийн гишүүдийн орлого: 286 сая төгрөгийн орлоготой тэрбумтан. Хадгаламждаа 117сая төгрөгтэй.
Б.БАТТӨМӨР ГИШҮҮН 10 КОМПАНИТАЙ: Б.Баттөмөр гишүүний хувьд жилийн 350 сая төгрөгийн орлоготой. Гишүүн болохоос өмнө буюу 2015 онд хоёр сая төгрөгийн хадгаламжтай байсан бол. Гишүүн болсноос хойш тогтмол 10 гаруй сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байгаа юм.
Ж.ГАНБААТАР ГИШҮҮН 5 КОМПАНИТАЙ: УИХ-ын гишүүн болоод хадгаламжаа хэд дахин өсгөсөн тэрбээр 2018 онд 22 тэрбум төгрөгийн хадгаламжтай болжээ. Гэвч жилийн 217 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байдаг.
НЭМЖ ХЭЛЭХЭД, 17 компанитай Ерөнхийлөгч Х.Баттулга болон тэрбум төгрөгийн хадгаламжтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цалингаасаа татгалзсан ч хотойхооргүй БАЯН хүмүүс.
ТӨХК-ийн захирлууд ч цалингаасаа татгалзах хэмжээний БАЯН:
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал байсан Б.Ганхуяг: 2018 онд тус компанийн Гүйцэтгэх захирал болон тушаал дэвшсэн. Жилийн 148 сая төгөргийн орлоготой. Тэрээр 2017 онд өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй байсан бол 2018 онд 178 сая 200 мянган төгрөгийн үнэлгээ бүхий Жийп болон туулах чадвар өндөр Nissan, Patrol гэх автомашинтай.
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Х.Бадамсүрэн 2016 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын албыг хашиж байгаа билээ. 2018 онд 150 сая 554 мянган төгрөгийн орлого олсон. 340 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: 198 сая 990 мянган төгрөгийн орлого орлоготой. Нэг тэрбум 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5 орон сууц, 1 хашаа байшин, 3 автограштай. Д.Баттөр хадгаламждаа 390 сая 559 мянган төгрөгтэй бөгөөд зээлгүй.
“ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг: Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тэрээр дансандаа 15 сая төгрөгтэй. Жилдээ 290 сая төгрөгийн орлого олдог.
ДҮГНЭХЭД: Гишүүд, сайд нар жилийн цалингаасаа татгалзлаа гэхэд ч хотойхгүй бийлэгжүү гэдгийг тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Сайд нарт мөнгө огт хэрэггүй гэж хэлэхгүй. Хэрэгцээ шаардлага учраас тэд ч мөнгө хэрэглэнэ. Мөн хийж буй ажлынхаа хөлсийг авах хуулиар баталгаажсан эрхтэй. Гэхдээ өндөр албан тушаалтны ухамсар, улстөрч хүний эх оронч сэтгэл гаргахад эрх нь зөрчигдөж, хөрөнгө нь нимгэрэхгүй болов уу.
П.Урнаа
Эх сурвалж: eguur.mn