Төрийн хямрал эдийн засгийг хямрал руу хөтөлж байна

Төсвийн тэнцэл сүүлийн жилүүдэд 2010 оныг эс тооцвол алдагдал бий болгосоор ирлээ. Өөрөөр хэлбэл, мөчлөг дагасан, тэлэх бодлого хэрэгжүүлсээр байгаа нь эдийн засгийн тогтворгүй байдлыг улам даамжруулж байна. Улс төрийн сонгууль ойртох тусам энэ үзэгдэл хавтгайрч, төсвийн хөрөнгө гарын салаагаар урсаж өгдөг. Ийм үрэлгэн, салан задгай байдал төсвийг хямралд хүргэдэг. Үүнээс болж төсвийн хямрал улс орон оронд эдийн засгийн хямралт байдал үүсгэдэг. Чухамдаа төрийн хямрал төсвийг хямралд унагадаг гэсэн үг. Энэ нь иргэний амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлж, ажилгүй болох эсвэл ажилд орох хугацаа нь уртсах зэрэг сөрөг нөлөө их байна.
Сонгууль ойртох тусам олон нийтэд таалагдах гэж тооцоо судалгаагүй, үрэлгэн загнадаг нь үе үеийн Засгийн газрын хэв маяг болж ирсэн. Одоогийн Засгийн газар үүнийг ёс мэт давтаж, энэ онд өчнөөн бүтээн байгуулалт эхлүүлэхээр болсноо зарласан. Гэтэл гүйцэтгэл, үр дүн чухал болохоос шав тавих, нээлт хийх нь ажил лав биш ээ. Болно, бүтээнэ, тэгнэ, ингэнэ гэсэн ирээдүй цагаар өнөөдрийн засаг төрийн ажил явж байна. Авто замын түгжрэл, агаар болон хөрсний бохирдол дээшилсэн бус улам дордсон хэвээр.
Сургууль, цэцэрлэг нүдний гэм болж, мөнгөгүй аав ээж хүүхдээ сургах, боловсрох эрхийг нь хангаж чадахгүй болтлоо энэ улс ар өврийн хаалга ярьдаг боллоо. Эрүүл мэндийн үйлчилгээ мөн л гар хүндрүүлсэн, танил талтай хүнд хүрч, иймгүй нь үхлээ хүлээхээс өөр аргагүй болж байна. Цөөхүүлээ гэх авч монгол хүний үнэ цэнэ муур нохойноос дорд үзэгдэх нь гунигтай. Нүдээ нээгээд харвал, болж, бүтэж байгаа юм үнэндээ алга. Болгоё, бүтээе гэсэн улстөрч алга. Ийм хүсэл эрх баригчдад байгаа эсэх нь мэдэхгүй. Зөвхөн яаж сонгууль ялах вэ гэсэн өөрийн хар амиа бодсон нь даанч их.
Улсын төсвийг хоосолж, хүмүүст ажлын байр бус атга гурил өгөөд төрийн сэнтийд гарна гэж сэтгэдэг нь үржсээр. Төсвийн түүхэнд хамгийн өндөр орлого, зарлагатай төсвийг өнөөдрийн Засгийн газар УИХ-аар батлуулж чадсан. Гэвч төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд нүд хуурах төдий сүржин нээлтээс ер хэтрэхгүй байна. Төсвийн орлогын 80 гаруй хувь нь татварын орлогоос төвлөрч, цалин тэтгэвэр, тэтгэмж, бүтээн байгуулалтын санхүүжилт болдог. Гэтэл төсвийн орлогыг сонгууль нэрийн дор өөрсдийн сурталчилгаа, олон нийтийн саналыг худалдан авах хэрэгсэл болгосоор улстөрчид үүндээ бүр амтших янзтай болжээ. Манай улсын эдийн засагт Голланд өвчний шинж тэмдэг аль эрт илэрсэн. Өөрөөр хэлбэл, бид ийм өвчний халдвар тээж яваа. Үүнийгээ эдгээх, анагаах талаар дорвитойхон хийсэн зүйлгүй. Эдийн засгаа төрөлжүүлнэ, орлогын олон эх үүсвэртэй болно гэж ярьсаар арван оныг элээж байна.
Баялагт түшиглэсэн эдийн засагтай орнуудын зарим нь өөрсдийн төр засгийн хэр чадлаас үүдэн баялгийн хараалд өртсөн байдаг. Уул уурхайн салбарын өндөр өсөлтөө бид ерөөл болгосон уу эсвэл хараал болгосон уу гэдгийг өнөөдрийн нийгмийн нөхцөл байдал илтгэнэ. Ажилгүйдэл, ядуурал, шударга бус байдал, авлига, хүнд суртал чухамдаа үүний нэг толь. Байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгийн бүтэц, түүнд суурилсан эдийн засгийн өсөлт нь улс орныг хөгжилд  хөтлөхөөсөө илүүтэй баялгийн хараал болох эрсдэлтэй. Ангол, Нигер, Судан, Конго зэрэг Африкийн орнууд гэхэд газрын тос, эрдэнийн чулуу болон бусад эрдэс баялгийн их нөөцтэй хэдий ч нэг хүнд ногдох орлого бага, амьдралын түвшин доогуур хэвээр байна. Нийтлэг нэг зүйл гэвэл төсвийн орлогоо удирдаж чадаагүйгээс болж дээрх өвчинд дийлэнх нь нэрвэгджээ. Үүнээс гадна төрийн хямрал нь төсвөөс хямрал руу хөтөлснөөр бусдын манлайд бус адагт үлджээ.

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан