Цалингаасаа татгалз, танхайчууд аа

Монголын парламент 2018 оны төгсгөлд ажилласангүй. Шалтигтай, шалтиггүй улстөржилтөөс үүдэн УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдсангүй. УИХ сандал ширээний асуудал ярих үед ирц бүрддэг, бусад үед гишүүд гуйлгаж, түүлгэж хуралдаанд ирдэг нь худлаа зүйл биш. Харин 12 дугаар сард УИХ-ын гишүүд огт ажлаа хийсэнгүй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан сард 8 удаа хуралдах хуваарьтай. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт хуралдаж, төлөвлөсөн асуудал, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Гэтэл одоогийн байдлаар чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлоод байна. Шалтгаан нь гишүүдийн ирц бүрдээгүй. Өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой  чуулганы нэгдсэн хуралдаан 11.40 цаг болоход ирц бүрдээгүй, УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан гишүүдээ нэр усаар нь дуудаж суусаар дахин хойшиллоо. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Энэ сард Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ л УИХ-ын гишүүд ирц бүрэн хэрэлдлээ.
УИХ-ын 40 гишүүн бойкот зарласан. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, суудлаасаа буутал нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн өөрсдөдөө чөлөө өгснөөс үүдэн парламентын үйл ажиллагаа бүрэн зогсолтод ороод буй. Тэдний гол үүрэг нь УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд сууж, хууль батлалцах. Харин тэд үндсэн ажлаа хийхгүй байгаагаас үүдэн УИХ цаашлаад төрийн ажил гацсан гэж болно. Готов, Шадав хоёрт чанарын ялгаагүй шиг М.Энхболд нь парламентыг удирдана уу, байна уу, утаанд хордож байгаа иргэдэд түй ч хамаагүй.
Тэгэхээр нэгэнт ажил хийгээгүй хүмүүс цалин авах ёсгүй. Угаас хөдөлмөрийн хууль, УИХ-ын дэгийн хуулиар зохицуулагдсан асуудал учраас тэд ч хууль хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын гишүүд 1-1.2 сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Дундажаар нэг сая төгрөг гэж бодоход 76 сая төгрөг. Дээр нь тэд ажлаа хаясан учраас шатахуун, утасны төлбөр ч авах эрхгүй. Ингэхээр чамгүй мөнгө хуримтлагдана. Харин энэ мөнгийг утаанд зарцуулъя. Хөгшин, залуугаагүй ужиг өвчинд нэрвэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь ил асуудал. Тиймээс ажлаа хийгээгүй УИХ-ын гишүүдийн 12 дугаар сарын цалингаар утаатай тэмцье. Цахилгааны төлбөрт хийнэ үү, утаатай утаагүй түлш, зуухандаа зарцуулна уу. Эсвэл амны хаалт авч тараана уу, хамаагүй. Гагцхүү төрийн сэнтийд суусан ажилгүйчүүдийг татварын мөнгөөрөө цалинжуулах хүсэл огтоос алга.
Өчигдөрхөн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэж, ажилд хийдэг хүн алга хэмээн гомдоллож байсан. Засгийн газраас дөрвөн сарын өмнө шийдвэрлэсэн асуудлыг гурван яам хоорондоо шидсээр он дуусгаж, арга ядахдаа хөхөө өвлийн хүйтэнд суулт зарлах, жагсаал хийх тухай ярьж байна. УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй байгаагаас төрийн бүх л шатанд назгай, задгай байдал тогтож, харсан, хүлээсэн төрийн албан хаагчид ширээ бөглөж сууна. Тэднийг буруутгах аргагүй. Үүрэг, чиглэл өгөх ёстой төрийн дээд байгууллагууд ажиллахгүй, юу хийж, ямар асуудал шийдвэрлэх, хэдэн төгрөг хааш нь хуваарилах асуудал тодорхойгүй байхад энгийн төрийн  албан хаагчаас юу шаардаж, юуг хүсэх билээ.
Энэ  бүхний ужиг нь УИХ-ын гишүүд. Тэд Монголын төрийг гацаанд оруулсан, бүр санаатайгаар. Сахилга, хариуцлага УИХ-ын танхимаас эхлэх ёстой гэлүү. Тэгвэл хариуцлагаа ухамсарлаж, цалингаасаа татгалз. Та нарын цалин иргэдийн татварын мөнгө. Татварын мөнгөө эрүүл мэнддээ зарцуулъя, ядаж амны хаалт авч зүүе.

Б.Учрал
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан