“Гоц”-ын Наранхүү

Гонсжавын Наранхүү хэрхэн “Гоцын Наранхүү” болтлоо олонд танигдсан тухай тодруулж түүнтэй хөөрөлдлөө.
-Та эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Намайг Гонсжав овогтой Наранхүү гэдэг. Би Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул. 1980 оноос хойш Гоц халдварт өвчинтэй тэмцэх байгууллагад ажиллаж байна. Ер нь олон газарт ажиллаж байгаагүй. Богд уулын бугын аж ахуйд хоёр сар мэргэжилтэн хийгээд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд одоогийн Тэмүүжин сургууль буюу тэр үеийн Өндөрхааны найман жилийн сургуульд хагас жил хэртэй орос хэлний багш хийж байгаад л энэ байгууллагадаа орсон.
-Яагаад заавал Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх энэ байгууллага руу “урвасан” юм бэ?
-Манай байгууллага 1980 онд Дорнод аймгаас нүүж ирсэн юм. Би Эрхүүгийн тусгай дунд сургуулийг агнуур зүйн мэргэжлээр төгссөн нэг ёсны биологич хүн. Энд амьтан судлалын лаборант гээд миний мэргэжлийн дагуу ажлын байр байсан. Ийм учраас би энд ажиллая гэж шийдээд л ирсэн. Харин аав ээж маань намайг багшийн ажлаасаа болиход дургүй байсан. 
Ингээд би 23 настайгаасаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн юм. Манай байгууллагын дарга, Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат ДондогийнБатсүх гэдэг хүн байлаа. Дарга маань намайг мэргэжлээрээ ажиллахыг их дэмжсэн, дөрвөн жил гаруй хугацаанд лаборант гэсэн албан тушаалтай ч байгууллагынхаа бүхий л ажлыг хийж сурсан. Галч, нярав, анчин гээд хийгээгүй ажил байхгүй. Нян судлалын лаборантаар дөрвөн жил ажиллаад их сургуульд дөрвөн жил сурч ирээд эндээ ажиллаад л өдий хүрлээ. 1989 оноос хойш 31 жил энэ байгууллагынхаа даргаар ажиллаж байна даа.
-Таны ажил мэргэжлийн онцлог, сайхан нь юу вэ?
-Манай байгууллагын ажил бол байгаль шинжлэлийн ажил шүү дээ. Миний багын сонирхол бол хөдөө гадаа байгальд явж байх дуртай байлаа. Тэр дагуу агнуур зүйч мэргэжил эзэмшсэн. Манай байгууллагын хамт олон гоц халдварт өвчин гэж эрсдэлтэй орчинд ажилладаг. Тэр болгон хүн зорьж ирээд байдаггүй, ялангуяа эмч нар ч гэсэн их шантардаг. Гоц халдварт өвчин гэдэг чинь тахлаа л хэлж байгаа юм. 2004 он хүртэл манай аймагт тарваган тахал өвчин маш их гардаг байсан. Манайх чинь Дадалаас бусад бүх суманд тарваган тахлын голомттой, тахлын эрсдэл өндөртэй аймаг. 7-8-р сард долоо хоног өнжихгүй шахам тахлын сэжигтэй дуудлага ирдэг байсан. Тахлын сэжигтэй дуудлагын үед нэг хүн очоод шийдчихгүй, багаараа очиж ажиллана. Нэг өдрийн дотор шийдчихгүй, дор хаяж 4-5 хоногт шинжилж судалж байж оношоо батална, эсвэл үгүйсгэнэ. Тогтмол өндөржүүлсэн дэглэмд ажилладаг.
-Та 31 жил байгууллагаа удирдаж ажиллахдаа баримталж ирсэн зарчим чиглэл тань юу байв?
-Би хамт олноо мэргэшүүлье, сургая гэж зорьж ажилладаг. Дараагийн чухал зүйл нь бэлэн байдлыг цаг ямагт хангахад анхаарч ирлээ. Бэлэн байдалд эд материал, хүн хүчнээс гадна сэтгэл зүйн бэлэн байдал гэдэг маш чухал. Тахал гарлаа гэхэд айж байна гээд ухарч болохгүй. Зарим дайчлагдаж ирсэн хүмүүсээс ийм байдал гарна. Уйлж орилж зугтана, харин манай хүмүүс бол тэгэхгүй. Хурдан шуурхай ажиллахаа л бодно.
-Хүмүүсээ ер нь хэрхэн сургаж дадлагажуулдаг вэ танайх?
-Сургалт байнга явуулна. Жишээлбэл, анагаахын сургууль төгссөн хүн чинь сувилагч, их эмч, лаборант болно. Гэтэл манайх заавал дахин сурч мэргэших шаардлагатай. Мэргэшээгүй хүн ажиллахад хэцүү. Манай Үндэсний төв сургалт сайтай. Би гэхэд Алма-Ата хотын Дундад Азийг хариуцсан Эрдэм шинжилгээний хүрээлэнд 6 сар суралцсан. Тэндхийн сургалтаас манай сургалт бас ер дутахгүй. Түүнээс биш мэргэшээгүй эмч, лаборант энд шууд ажиллана гэсэн ойлголт байхгүй. Манайд халдвар хамгааллын дэглэм гэж их чухал. Халдвар хамгааллын дэглэм сахиагүйгээс гашуун сургамж түүх үлдсэн байдаг. Тухайлбал, Манжуурын тахлын үед 1000 гаруй оюутнууд дайчлагдаж хамгаалах нүдний шилгүй ажилласны улмаас нүдний салстаараа халдвар авч бүгд амь насаа алдсан байдаг. Тэгэхээр энэ халдвар хамгааллын дүрмийг “зөрчиж болохгүй хууль” гэж ч нэрлэсэн байдаг.
-Гонсжавын гэхээсээ “Гоц-ын Наранхүү” хэмээн овоглогдсон ажил мэргэжлээрээ та хэрхэн бахархдаг вэ?
- Бахархалгүй яахав. Би чинь наймдугаар анги төгсөөд 16-хан настайдаа ОХУ-ын Эрхүү хотод сургуульд явж, ан үржүүлгийн чиглэлээр суралцан нэг ёсондоо ангийн зоотехникч мэргэжил эзэмшсэн. Сүүлд нь Их сургуулийн биологийн ангийг төгссөн. Тэгээд энэ ажил мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас ажил мэргэжлээрээ бахархаж, дурлаж ажилладаг даа.
-Таны ард мэдээж “асаалттай танк” шиг хүчирхэг баг хамт олон байдаг буй заа. Хамт олныхоо талаар ярина уу?
-Манай байгууллага 24-27 хүнтэй. Өвөл арай бага ачаалалтай, зуны цагт ачаалал их байдаг. Байгууллагын чиг үүрэг, дотоод соёлын дагуу аливаа үүрэг авахад бид үг дуугүй биелүүлж ажилладаг, сэтгэл зүйн бэлтгэлтэй, ямарваа гоц халдварт өвчний үед айж эмээнэ гэхгүй үүргээ биелүүлдэг хамт олон. Би хамт олноо удирдсан өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд долоон удаа ажлаараа улсдаа тэргүүлжээ. Өмнө нь ч бас амжилттай ажиллаж ирсэн, дэглэм, дэг журамд суралцсан, хүмүүжил соёлтой хүмүүс ажилладаг даа.
Манай байгууллагын онцлог бол үнэнч шударга байх. Шинжилгээ судалгаа ариутгал халдваргүйжүүлэлтийг нүд хуурч дутуу дулимаг хийсний хор уршиг нь нэг бус нэлээн хэсэг хүний амь нас, эрүүл мэнд хохирох аюултай байдаг. Иймийн тул халдвар хамгааллын дэглэм сайтар сахих хэрэгтэй. Энэ дэглэмийг дэлхий нийтээр сахиж байна. Путины гэж нэршсэн олон улсын төсөлд бид таван жил хөрш орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллалаа. ОХУ-аас бүх зардал нь гардаг, тэндээс мэргэжилтнүүд ирж манай аймгийн Дадал, Өмнөдэлгэр, Дорнод аймгийн Эрээнцавд хамтын судалгааны ажил хийсэн. Мөн БНХАУ-д манайхан хоёр удаа очиж шинжилгээ хийж өгсөн. Ийм мэргэшсэн, чадварлаг, найдвартай, түшигтэй, сахилга соёлтой хамт олноороо цаг ямагт хүрээлүүлж ажилладагтаа үргэлж талархдаг. “Гоц-ын Наранхүү” гэх алдрын ард хамт олны минь ач гавъяа ямагт хамт явдаг юм шүү.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан