Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсондэд хурандаа Жанчивдоржийн Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрээр Төрийн тусгай албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа ба 2018 онд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академид суралцаж төгсөөд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар, улмаар ОБЕГ-ын даргын 2020 оны А/280 дугаар тушаалаар аймгийн ОБГ-ын даргаар тус тус томилогдон ажиллаж байна.
-Онцгой байдлын албыг сонгох шалтгаан тань юу байсан бэ?
-Онцгой байдлын алба нь хүмүүнлэг, бусдын төлөө ажилладаг байгууллага учраас гэр бүлийн суурь хүмүүжил нөлөөлсөн. Аав минь биднийг багаас шударга байхыг шаардаж аливаа асуудалд тохой татахгүй байх, хүний ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ гэдэг зарчмаар аль болох бусдад туслах, хариуцлагатай байхыг зааж сургаснаар миний өнөөдрийн байр суурь, ажлыг хариуцлагатай гүйцэтгэх зан чанарын илэрц бий болсон гэж боддог учраас энэ албанд ажиллах чин хүслийнхээ дагуу ажиллаж байна.
-Хуулийн байгууллагуудын хамтын оролцоо ямар байна вэ? Миний бодлоор бүхий л болох болохгүй нөхцөлд Цагдаа, Онцгойхон тэргүүн шугамд байдаг.
-Тийм ээ. Манай албадын чиг үүрэг өөр ч гэсэн байгалийн гамшиг, осол, дэлхий нийтийг хамарсан цар тахал гэх мэт гамшгийн давагдашгүй нөхцөлд цагдаа, онцгой байдлын алба хаагчид нэг удирдлаган дор хамтарч ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө нэгэн сэтгэлээр чиг үүргээ нэгтгэж ажилладаг даа.
Гамшиг ослын үед ард түмэндээ нөмөр нөөлөг нь болж ажилладаг манай албаныхны онцлог нь тэр шүү дээ. Цаашид Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай гамшиг ослын үед хамтран ажиллах бүх талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
-Таны бахархал юу вэ?
-Өдөр бүр гамшиг, ослоос улс орныхоо аюулгүй байдал, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хүмүүнлэгийн ариун үйлс бүтээж байдаг албаараа бахархдаг.
-Манай аймгийн ОБГ бусад аймгийн газар, албадаас юугаараа онцлог давуу талтай вэ?
-Манай аймаг газар зүйн хувьд говь, хээр тал, хангай хосолсон онцлог газар нутагтай, Монгол оронд тохиолддог 10 гамшиг ослын ихэнх нь тохиолдож байгаль орчин, ард иргэдэд нэлээд хохирол учруулсаар байгаа. Манай аймгийн Онцгой байдлын газрын аврагчид гамшиг ослууд дээр, газар хөдлөлтөөс бусад бүх гамшиг осолд ханцуй шамлан сэтгэл зүрхээ нэгтгэн байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сөрж, даван туулахад бэлтгэгдснээрээ бусад аймгаас ялгарах давуу тал юм.
-Цаашдын зорилтоосоо бидэнтэй хуваалцаач?
-Цаашид бидэнд сурч боловсрох, дадлагажих, бэлтгэл бэлэн байдлаа ханган тэргүүн эгнээнд явах шалгуур цаг ямагт тулгарч байгаа тул алба хаагчдаа гадаадын орнуудаас туршлага судлуулан суралцуулж, чадавхжуулах зорилтыг тавин ажиллаж байна.
-Энэ хавар дэлхийг нөмөрсөн цар тахлын аюул, ажил ихтэй, дээр нь хаврын олон ажлууд бас ундарч байгаа биз ээ?
-Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулиараа гамшгийн бэлэн байдлын гурван зэрэгт шилжин ажилладаг. Энэ удаад дэлхий нийтийг хамарсанCOVID-19цар тахлын үед Улс орон маань өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа учир бид бүхэн Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан тогтоол шийдвэрүүдийг удирдлага болгон ажиллаж байгаа тул иргэд та бүхэн сахилга дэг журмыг чанд сахин өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй. Энэ өвчлөлтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 13 удаа хуралдан, аймаг орон нутагтаа ариутгал халдваргүйтгэл хийж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах талаар тухай бүр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аймгийн салбар зөвлөл, аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлөх экспидези, шуурхай бүлэг ажиллуулах, шар өвс буюу хазаар хамхуул өвсийг аюулгүй болгох зэрэг тулгамдсан асуудлуудыг шуурхай зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр сумдын удирдлагуудад үүрэг чиглэлийг хүргүүллээ.
Мөн болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах арга хэмжээг дэмжиж орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд төсвийн нэг хувийг төвлөрүүлэн хамтран ажилладаг аймаг, сум орон нутгийн удирдлагууддаа талархаж байдгаа хэлэхэд таатай байна.
-Цаг үеийн ийм хүнд нөхцөлд та ажил албан тушаал хүлээн авлаа. Дагаад үүрэг хариуцлага нэмэгдсэн нь мэдээж. Цаашдаа хамт олноо удирдаад ажиллах таны өөрийн баримтлал ч байгаа байх.
-Манай хамт олон гамшиг ослууд дээр ажиллах чадварт дадлагажин, туршлагажсан хэдий ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалтай, ажлын ачаалал өндөр байгаа энэ үед ажил албан тушаал хүлээн авч байгаа ч гэсэн энэ нь өөрийгөө сорих том боломж гарлаа гэж ойлгож байгаа. Үүнээс шантарна гэж байхгүй, харин хамтдаа аймаг орон нутгийнхаа удирдлагууд, иргэд, хамт олныхоо хүчийг нэгтгэн ямарваа нэгэн гамшиг ослыг сөрөн давахаар хүчээ нэгтгэн сэтгэл нэгтэйгээр даваад гарна гэдэгт итгэл дүүрэн байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшгийг хохирол багатай даван туулахад нийт байгууллага, ард иргэдийн оролцоо маш чухал, иймээс ард иргэдийг гамшиг, онцгой байдлын талаар зохих хэмжээний мэдлэг чадварт сургаж бэлтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага цаашлаад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж болно.
Өдөр бүр гамшиг ослыг сөрөн тэмцэж байдаг дадлага туршлагатай, эрэлхэг зоригтой аврагчдаараа маш их бахархдаг энэ завшааныг ашиглан хамт олондоо талархлаа илэрхийлье.
Д.Одонтунгалаг