“АСАН” болохын учир

Б.Батзориг албан тушаалаасаа татгалзах нь ашигтай
ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг гэгдэж явсан нөхрийг өнөөдөр шүүнэ. Гэхдээ түүний тодотгол дахь УИХ-ын гишүүн гэдэг нь ч мөн л асан болж хувирлаа. Хэдийгээр Б.Батзориг УИХ-ын даргад өгсөн өргөдөл нь эцсийнхээр шийдвэрлэгдээгүй ч ойлгомжтой, ангийнхан нь түүнийг үднэ.
Баасан гарагийн үдээс хойш Б.Батзориг УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өглөө гэх шуугиан дэгдсэн. Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сард Б.Батзориг сайд гэх давхар дээлээ тайлсан. Мэдээж энэ нь үйлдсэн гэмт хэрэгтэй нь харьцуулахад хангалттай ч хариуцлагын тогтолцоо ч биш.
Анх ЖДҮХС-гаас эрх мэдэлтэн, албан тушаалтнууд зээл авсан нь нийтэд ил болсон нь 2018 оноос эхтэй. Түүнээс хойш цөөнхөн албан тушаалтан ёсзүйн хариуцлага хүлээсэн нэрээр ажлаа өгсөн бол УИХ-ын гишүүд нь гүрийсээр, гүлдийсээр үлдсэн.
Харин өдгөө тэдний бүх лай ланчгийг Б.Батзориг өөртөө үүрээд, дээлээ нөмрөхөөр зэхсэн нь энэ. Өөртөө гурван тэрбумын зээл авч, бусдад 8.6 тэрбум төгрөг олгосон Б.Батзоригт нэг жил хорих ял төлөвлөөд байгаа юм. Бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээж, ял үүрэхээр болсон Б.Батзоригийг ямар ч албан тушаалгүй “АСАН” болох гол шалтгаан нь хөнгөн буюу цөөн жилийн ял авах бололтой.
Тодруулбал, Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан гаргахад шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, Нийслэлийн прокурор ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл бичиж байсан нь саяхан.  
Гэтэл гэнэтхэн Нийслэлийн прокурорын газраас тэдний хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хоёрдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “ашиглахгүй” болгосон нь яллагдагч нартай тохиролцсон гэх хардлагыг дагуулж байлаа. Харин одоо бол бүр баталгаажиж Б.Батзориг давхар дээлээ бүхэлд нь тайллаа.

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан