Ерөнхий сайд аа, намын генсектээ хэзээ хариуцлага тооцох вэ

-МАН-ын генсек ЖДҮ-гээс авч чадсан шигээ хариуцлагаа үүрэхгүй үлдэх үү - 

АТГ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий 49 гишүүнд жил гаруйн өмнөөс хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэдний дунд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Энхболд нар багтаж байв. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар нар ч багтаж байсан Гэвч тэдэнд холбогдох хэргийг хааж, гэм буруугүй гэж үзсэн байдаг.
Түүнчлэн МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ч мөн л асуудлын гадна сэмхэн үлдэж чаджээ. Мэдээж УИХ-ын гишүүдийн хувьд “УИХ-ын бүрэн эрх” гэдэг халхавчаар бамбай хийгдсэн нь тодорхой. Ц.Ням-Осор, Б.Амгаланбаатар нарын хувьд албан тушаалаа өгч хариуцлагаа үүрсэн гэх тайлбарыг тавих биз. Тэгвэл МАН-ын генсек ямар аргаар энэ хэргээс мултарч нэр цэвэр явна вэ, яагаад албан тушаалаа ашиглаж чадсан хэрнээ хариуцлагаа үүрэхгүй чимээгүй явна вэ.
Ерөнхий сайд хариуцлагын тогтолцоог чангатгана гэж байгаа ч ойрын хүрээллийнхээ хүмүүсийн толгойг илсээр байх хэрэг үү. УИХ-ын гишүүдэд хуулиар олгосон “халхавч” нь үйлчилсэн ч Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд, МАН-ын дарга өөрөө халхавч болоод байна уу.
Д.Амарбаясгалан 30 хувийг нь эзэмшдэг гэх “Тайшир Өргөө”, “Агро Технологи Шижирт” гэх компаниуд ЖДҮХС-с 2017, 2018 онуудад онд зээл авсан компаниудын жагсаалтад бий. Тэдгээр нь нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг ба зөвхөн “Тайшир Өргөө” ХХК нь л гэхэд 2017 онд 375.000.000 төгрөг авсан. Гэтэл жил гаруйн өмнөх дуулианд нэр нь хавчуулагдаж байснаас түүнтэй хариуцлагаын талаар юу ч ярьсангүй. Эсвэл Д.Амарбаясгалан эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхээр УИХ-ын гишүүдээс илүү хуулиар хамгаалагддаг хэрэг үү.
Прокурорын байгууллагаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй 12 хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдгээр 13 хүнээс УИХ-ын гишүүн Б.Батзориг албан тушаалтнуудын хэлж буйгаар “хариуцлагаа хүлээн сайдын албаа өгсөн”. Гэсэн ч хуулийн өмнө мөн л хариуцлага хүлээх нь зүй ёсны үйлдэл. Харин бусад 12 хүн нь түүнтэй хамт ажиллаж асан газар, хэлтсийн буюу “хурган” дарга нар нь байгаа юм. Тодруулбал, томчуудын өмнөөс хурган дарга нартай хариуцлага тооцоод, УИХ-ын гишүүд болон МАН-ын өндөр албан тушаалтнуудын толгойг илээд өнгөрөх нь ээ.
Нэгэнт сонгуулийн жилийг угтаж Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүх шатанд хариуцлагын тогтолцоог сайжруулна хэмээж байгаа бол өөрийнх нь “хамгаалалтад” суугаа Д.Амарбаясгаланг орхиж боломгүй юм. Б.Батзоригоор туг тахиж, УИХ-ын гишүүдээ авч үлдэж болох ч хуулиар “хамгаалагдсан” дархан эрхгүй Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд та цээжээрээ хамгаалаагүй бол хуулийн байгууллагад шалгуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулагч генсектээ хариуцлага тооцох л учиртай. Тэгж гэмээнэ МАН-ын дарга шат шатандаа харуцлага тооцно гэж хэлсэн үгэндээ хүрч байгаа тань олон нийтэд түгэх болов уу.  

Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан