Д.Дамба-Очир: Яах вэ, намын нэр хүнд гэдэг юм яригдах байх. Tэртэй тэргүй дууссан


УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.  Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм. 
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын үеэр гишүүд юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ.
Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ. Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
…. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “…УИХ дээрээ үүрээд гарчихъя гэж байгаа юм байна гэж ойлголоо. 2020 онд бид нар ялахгүй шүү. Хоорондоо муудалцах юм гарна. Жаахан байр суурьтай, тавтиртай байж сур. Яг үндсэн эрх ашиг дээрээ харин гэрээ шатаачихгүй авч үлдэх хэрэгтэй дээ. Тийм учраас заавал намаараа оруулах гээд хэрэггүй байх. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хувь хүн гэж ойлгож болохгүй. Одоо ингээд зүгээр хэн нь эхлүүлсэн юм мэдэхгүй. Яагаад УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлдөг учраас халдашгүй эрхтэй байдаг. Ард түмнийг төлөөлж байгаа учраас тэр хүнд ямар ч юм тохиолдож болно. Тэрнээс хамгаалах гэж байгаа юм. Үндсэн хуульдаа байгаа шүү. Үнэхээр зайлшгүй нотлогдсон, газар дээрээ нотлогдсон бол өөр хэрэг л дээ. Шалгах хэмжээнд нэгнийгээ, ялангуяа ард түмний төлөөллийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх учир дутагдалтай. Дараа нь яах юм бэ. Одоо нотлогдсонгүй гэх юм уу, юу гэх юм бэ. Аль эсвэл казино шиг янз бүрийн тэлээ, үзэг болоод явчих юм уу. Бидэнд өмнөх туршлага бий. УИХ бол ард түмний төлөө явж байгаа хүн дархлаатай байх ёстой. Үүнийг буруугаар ашигладаг байж болохгүй. Ер нь тэгээд сүүлийн үед ажиглаад байхад төмсөгдөнө гэдэг юмаар бүх юмыг хумих, магадгүй Үндсэн хуулийн тэр чигээр нь явуулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэдэг юм уу, иймэрхүү юмнууд үнэртээд эхэлж байна шүү дээ. Тийм учраас УИХ-ын гишүүн халдашгүй байж энэ олон тмүний эрх ашгийн төлөө зогсож чадна гэж бодож байна” гэв.
Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Өнгөрсөн парламентад АН-ын Баярцогтын 10 сая долларын оффшорын асуудал нь гарч ирээхэд УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөөд, улс төрийн хариуцлага тооцлоо гэж явсан. Энэ бодитой жишээ байна шүү дээ. Сая сайдын асуудал буюу улс төрийн хариуцлага хүлээчихлээ. Нэг асуудал дээр дараалан хариуцлага хүлээлгэж болохгүй. Тэгэхээр Батзоригийгоо бид авч үлдэх ёстой. Хэлэлцээд байх шаардлагагүй.
Харин би Намын даргаас, Хууль зүйн сайдаас Үнэ тогтворжуулах, Хөгжлийн банк, АСЕМ гээд олон асуудлууд яагаад ингээд чимээгүй болчихов оо. Хоёр жил боллоо. Бямбацогтыг Хууль зүйн сайд байхад би “…Энэ нөхөр ажлаа хийхгүй байна” гэж шүүмжилж байсан. Одоо та бүгдээс асуумаар байна. Энд ямар ч хариуцлагууд яригдахгүй байна. Ор тас хулгайлчихсан, хууран мэхэлчихсэн, ашигласан, завшсан юмнууд хэдэн зуун тэрбумаар байна шүү дээ. Бодитой. Гэтэл зээл гэдэг асуудал дээр шуугиан, цохилт болоод байна. Худлаа хэлж, хулгай хийсэн биш. Барьцаа хөрөнгийг нь тавиад төсөл хөтөлбөрийг нь бичээд авсан ажил шүү дээ. Дээрээс нь хуулийн байгууллага ямар хурдан шуурхай болчихов оо. Цаана нь өөр улс төртэй юм нь мэдрэгдээд байна” гэсэн.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “…2020 оны сонгуульд МАН яаж оролцож, яаж амжилт гаргах вэ.   МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь 65-ын бүлэг, Засгийн газар хоорондоо яаж уялдуулах юм бэ. Гарч байгаа асуудлуудаа яаж шийдэх юм бэ. Өнөөдөр тулгамдсан асуудлуудыг багцлаад яаж авч үзэх юмаа сайн ярихгүй бол өдөр тутам гал унтраасан байдлаар яваад байгаа нь хэр зөв юм бэ, хэр оновчтой юм бэ гэдгээ яримаар байна. Ийм нэг битүү байдал маань эргээд бие биеэ хардах, сэрдэх, үл ойлголцох, муудалцах ийм шалтаг шалтгаан болоод байна. Би үхэхээр чи үх гэдэг юм руу орж байна.
Анх ЖДҮХС-гийн асуудал гарч эхэлж байхад би хэлж байсан. “…Ходоод хагаравч тогоон дотроо шүү. Битгий бие биеэ гөвөөд байгаач. Ийм байдлаар асуудалд битгий хандаач. Том эрх ашиг, том бодлого, эв нэгдэл гэдэг юмаа бодооч ээ” гэдгийг хэлж байсан. Энэ 65-ын бүлэг дотроо ойлголцчихмоор байна. Энэ байдал нь УИХ-ын нэр хүнд, УИХ дахь 65-ын бүлэг, цаашлаад МАН-ын нэр хүндийг унагаах гол шалтгаан болчихоод байна.
Бид төрөө мэдэж, мэдэрч хүндэтгэлтэй хандаж явахгүй бол хүн болгон УИХ руу нулимдаг хогийн сав болж байна. Тэгээд УИХ-ын гишүүд нь бие биеэ гөвөөд эхэлдэг. Тэгээд УИХ-аа муухай харагдуулдаг. Батзориг сайдын хувьд асуудалгүй. Сая улс төрийн хариуцлага хүлээсэн” гэсэн байр суурийг илэхийлэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “…ЖДҮ-гийн зээл гэж өнгөрсөн жил 60 тэрбумыг тавьсан. Өөрөөр хэдэн зуун тэрбумаар нь идэж уусан юмнууд байгаа. Тэр нөхдүүд зэрэгцэж суучихаад хусаад байгаа. Хэдэн их наядаар нь концессын гэрээ зурсан хүмүүс байж байгаа. Тэд нарыг гаргаж яагаад шийдэж болдоггүй юм бэ гэж би бодоод байгаа. Гэтэл бид гөвүүлээд, янз янзаар хэлүүлээд, янз янзаар балбуулаад байдаг. Хууль хяналтын байгууллага ч гэсэн үүнийгээ хумихгүй бол сүүлдээ юу ч болж байгаа юм бүү мэд. Тэгээд ер нь Засгийн газрын сайд хийх хүн цаашдаа олдох юм уу, үгүй юм уу. Ингээд нэг нэгээр нь аваачаад түүгээд, цөмөөд, цаашдаа яах юм бэ. Тийм болохоор Батзориг сайдыг авч үлдэнэ гэдэг дээр авч үлдэх нь зүйтэй.  Яах вэ, намын нэр хүнд гэдэг юм яригдах байх. Тэртэй тэргүй дууссан хэрэг. УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудал амаргүй асуудал шүү дээ. Тийм болохоор түдгэлзүүлэх асуудлыг байж гэсэн саналтай байна” гэлээ.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Зууны мэдээ сонин №197 (6164)
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан