Бид энд бууны дуу тачигнаж, сум шунгинаж, бөмбөг тэсэрсэн дайны талбарын тухай өгүүлэхгүй. Аз болоход манай улсад тийм нөхцөл байдал нүүрлэсэнгүй, 60 жил өнгөрчээ. Харин одоо энх цагт тохиосон онцгой байдал буюу дэлхий нийтийг хамарсан коронавирус хэмээх амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хэрхэн таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал олон улсын “толгойн өвчин“ болчихоод байна.
Монгол Улсын Засгийн газар энэ хүнд үед нэг ч иргэнээ хилийн чинадад үлдээхгүй төлөө идэвхийлэн ажиллаж, Ази тив, Европын холбооны улсуудаас 1000 гаруй иргэнээ татан аваад байгаа билээ. Тэднийг 21-28 хоногийн хугацаатай олон нийтээс тусгаарлаж, 350 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын албан хаагч тэдэнтэй хамт “амьдарч’’ хоол унд, эмчилгээний бүхий л эм тариа, тоног төхөөрөмжөөр үйлчилж байна.
Гэтэл ухамсар дорой, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг боддоггүй цөөн хэсэг илүү тав тухтай орчин шаардах, хоол хүнсний чанар чансааг голох, тэдэнд үйлчилж буй эмнэлгийн ажилтны нүүр рүү чулуудах зэргээр зохисгүй авирлаж байгааг ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаалтан хоолой зангируулан мэдээлж байхыг үзлээ.
Бидний хэн маань ч ямарваа тохиолдолд эх орондоо ирэх эрхтэй, аль ч улс орон иргэнээ авчрах, тэдний төлөө санаа тавих үүрэгтэй. Энэ үүргээ ч Засгийн газар биелүүлж байгаа. Дөрөвдүгээр сарын эхний тав хоногт гурван нислэг үйлдэхээр зэхэж байна. Гэтэл хүний нутгаас тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн иргэд анхны нислэгээр Сөүлээс зорчсон бүсгүй шиг мэхийн ёсолж, гараараа даллаж байсан охин шиг л баярлаж талархан бахардаж байсан биз. Тийн эх нутагтаа ирсэн хойноо олон хоног нойр амралтгүй ажиллаж, өөрсөдтэй нь адил нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа эмнэлгийн ажилтан, ажилчдад давилуун зангаа гаргаж, зохисгүй аашилсан нь тун таагүй сонсогдож байлаа. Тиймээс тусгаарлалтад байх 30 хүрэхгүй хоногийн хугацаанд иргэний үүргээ биелүүлж, эмчилгээ үйлчилгээндээ ухамсартай хамрагдаж, хандахыг хүсмээр байна. Та бид эв нэгдэлтэй байж гэмээнэ цар тахлыг ялан дийлж чадах билээ. Эрүүл энх болсон цаг дор эрх чөлөөгөө дураараа эдлээрэй, та нар минь.
Д.МөнхЭх сурвалж: "Монголын үнэн" сонин