Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандахтай ярилцлаа.
-Юуны өмнө танд болон танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Хэнтий аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн түүхт 70 жил, хувийн Мал эмнэлэг үүсэн хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан эрдэнэт мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах нөр их үйлсэд мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж байсан болон ажиллаж байгаа үе үеийн малын эмч, мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа баярын мэнд хүргэхийн ялдамд энэхүү билэгт сайн өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.
-70 жил гэдэг урт хугацаа. Анх тус салбар үүсэн байгуулагдаж байсан үүх түүхээс бидэнд танилцуулаач?
-Монгол Улсад Мал эмнэлгийн алба үүссэнээс хойших 70 гаруй жил улсын төсвөөс санхүүжиж, тухайн үеийн төр засгийн шууд удирдлагын дор мал сүрэгт эмчлэн сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн байдаг. 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжсэнээр мал сүрэг хувьчлагдаж өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 198 дүгээр тогтоолын дагуу 1998 оны эхнээс орон нутгийн Мал эмнэлгийн тасгуудыг улсын үйлдвэрийн газар болгож аж ахуйн тооцоон дээр ажиллуулж, шилжилтийн богино үеийг дамжуулан 1999 оны 199-р тогтоолоор Мал эмнэлэг, үржлийн тасгуудыг хязгаарлагдмал дуудлагын худалдаанд оруулан хувьчилж эхэлсэн түүхтэй.
-Тус салбарын Хэнтий аймгийн өнөөгийн байдал ямар байгаа вэ?
-Анх 1999 онд Хэнтий аймагт хувьчлагдсан Мал эмнэлэг 19 байсан бол өдгөө хувийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тоо 65 болж, гурав дахин нэмэгдсэнээр Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн. Уг ажлыг 107 эмч, мэргэжилтэн гардан гүйцэтгэж, дунджаар нэг нэгжид 71,4 мянган мал, нэг малын эмчид 52,8 мянган мал ноогдож байгаа нь улсын дунджаас дээгүүр байгаа юм. Энэ нь төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд Мал эмнэлгийн бүхий л үйлчилгээг орон нутгийн эмч, мэргэжилтнүүд шуурхай, чанартай үр дүнтэй хэрэгжүүлснээр мал эрүүлжиж, малын тоо толгой жилээс жилд өссөн тодорхой баримт мөн.
-Хувийн мал эмнэлгүүдийн үүрэг оролцоо энэ салбарын хөгжилд маш том хувь нэмэртэй болов уу?
-Тэгэлгүй яахав. Мал эмнэлгийн ажил үйлчилгээг анхан шатанд нь гардан гүйцэтгэж буй хувийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг чадавхжуулах үүднээс сүүлийн 10 жилд 2,4 тэрбум төгрөгийн орчин үеийн багаж хэрэгсэл, анхан шатны шинжилгээний хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгслээр ханган, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний тарилгын үйлчилгээний хөлсөнд орон нутгийн төсвөөс 2,8 тэрбум, улсын төсвөөс 7.0 тэрбум төгрөгийг орон нутагт Мал эмнэлгийн үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг.
Манай аймаг гоц халдварт өвчний эрсдэл өндөр байдгаас тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хувийн хэвшлийн Мал эмнэлгийн нэгжүүдийн хүчээр эрчимтэй зохион байгуулж, сүүлийн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 32,3 сая, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 18,5 сая, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 15,4 сая, ариутгал халдваргүйжүүлэлтэд 12,2 сая метр квадрат талбай, лабораторийн шинжилгээнд 200,3 мянган мал тус тус хамруулан төлөвлөгөөт арга хэмжээг 95,7-139,2 хувьтай давуулан биелүүлж ажилласан.
Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд гоц халдварт өвчний гаралт 97,6-100,0 хувь, паразиттах өвчнөөр 46,4 мянган мал өвчилж байсан бол 13,1 мянга болтлоо буурч тодорхой үр дүнд хүрсэн нь анхан шатанд ажиллаж буй хувийн Мал эмнэлгийн эмч нарын мэдлэг ур чадвартай салшгүй холбоотой.
Цаашид бид өмнөх амжилтаа бататган нийгмийн эрүүл мэндийг хамгаалах өргөн цар хүрээтэй ажил, тулгамдсан асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэж, Мал эмнэлгийн салбарын нэр хүндийг илүү өндөрт өргөн улам эрчимтэй ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
-Цаг үе нийгмээ дагаад халдварт өвчлөлүүд нэмэгдсээр байгаа. Хэнтий аймагт энэ нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?
--Сүүлийн арван жилд шинээр болон дахин сэргэж буй гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж, байгаль цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан зооноз, халдваргүй өвчин элбэг тохиолдох болж, бэрхшээлтэй асуудлуудтай нэлээд тулгарсан. Сүүлийн 20 жилд гоц халдварт өвчний гаралт харьцангуй ихэссэн төдийгүй шүлхий өвчин 2001 онд нэг суманд, 2010 онд дөрвөн суманд, 2014 онд нэг суманд, 2017 онд 12 суманд, хонины цэцэг өвчин 2008 онд хоёр суманд, 2015 онд нэг суманд, 2017 онд 11 суманд, хорт салст халуурал өвчин зургаан суманд, бог малын мялзан өвчин 2018 онд нэг суманд, гахайн африкийн мялзан 2019 онд нэг суманд тус тус оношлогдсон. Өвчний оношийг эпизоотологи, эмнэл зүй, эмгэг бие бүтцийн хувиралт, лабораторийн шинжилгээгээр тогтоох, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд аймгийн хэмжээний 100 гаруй эмч, мэргэжилтнүүд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль журмын дагуу цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилласнаар өвчний голомтыг богино хугацаанд цомхотгон дарж, иргэд болон улсад учрах хор хохирлыг багасгаж чадсан.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Баярлалаа. Ингээд эрхэм хүндтэй, мэргэжлийн эзэд Хан Хэнтий уулын аймгийн нийт малын эмч нартаа ховорхон тохиох давхар ойн баярын мэндийг хүргэж, ажлын их амжилт сайн сайхан бүхнийг хүсч, урт удаан наслахын ерөөл өргөе.
Д.Одонтунгалаг