Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн ерөнхий газар сүүл мушгилаа


Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7,400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1,360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав.

Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Хамгийн өндөр оноо авсан байгууллагууд:

  1. Соёл, урлагийн газар
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  3. Гадаадын иргэн, харьяатын газар
  4. Онцгой байдлын ерөнхий газар
  5. Оюуны өмчийн газар
  6. Завхан аймгийн ЗДТГ хамгийн өндөр буюу 83.7-81.1-ийн хооронд оноо авжээ.

Хамгийн бага оноо авсан байгууллагууд:

  1. Гаалийн ерөнхий газар
  2. Биеийн тамир, спортын газар
  3. Үндэсний хөгжлийн газар
  4. Иргэний нисэхийн ерөнхий газар
  5. Ховд аймгийн ЗДТГ хамгийн бага буюу 64.8-66.7 оноо авсан байна.

Хаана авлига их байна вэ?

Судалгаанд оролцогч 9,555 хүнээс “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц”-ийг асуухад судалгаанд оролцогчдын 53.3 хувь “шүүх”, 48.0 хувь нь “гаалийн байгууллага”, 44.6 хувь нь “мэргэжлийн хяналтын байгууллага” гэж хариулжээ.  

Бага оноо авсан байгууллагуудын хувьд мэдээллийн ил тод, хариуцлагатай байдал хангалтгүй, авлигыг хянах дотоод хяналтын механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул байгаа нь нийтлэг байна.

Шударга байдлын үнэлгээ нь өмнөх оныхоос буурсан зарим байгууллагын хувьд буурсан шалтгаан, нөлөөллийг авч үзвэл:

Үндэсний хөгжлийн газар (65.7)-ын хувьд байгууллага дахь авлигын эсрэг тогтолцоо, мэдээлэгчийг хамгаалах, авлигыг хянах дотоод хяналтын механизм, төсвийн зарцуулалтын хяналт, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл тааруухан байна.

Гадаад харилцааны яам (76.7) харьцангуй өндөр оноотой ч өмнөх оныхоос буурсан байна. Тус яамны хувьд иргэдийн үнэлгээгээр үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийн ил тод байдал, албан хаагчдын хариуцлагатай байдлын үнэлгээ өмнөх оноос буурсан дүнтэй гарчээ.

Гаалийн ерөнхий газар (64.8)-ын хувьд тухайн газрын албан хаагчдын үнэлгээ өссөн хэдий ч иргэд болон шинжээчдийн үнэлгээ буурсан байна. Иргэдийн үзэж байгаагаар төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл ил тод байдал, албан хаагчдын хариуцлагатай байдал, тухайн байгууллага дахь авлигын талаарх төсөөллийн үнэлгээ буурсан бол шинжээчдийн үзэж байгаагаар тухайн байгууллага дахь авлигыг хянах механизм, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа эсэх болон авлигатай тэмцэх чиглэлээр удирдлагын хүсэл эрмэлзлийн үнэлгээ өмнөх оныхоос буурсан нь нөлөөлжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар (66.0)-ын хувьд шинжээчдийн үнэлгээгээр тус байгууллага дахь авлигын талаарх төсөөлөл, авлигын хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийн үзүүлэлтүүд өмнөх оноос буурсан байна.

 
 
 
 

Монгол Улсад авлига их тархсан институцийн талаарх төсөөлөл

 

Шударга байдлын үнэлгээний судалгааг АТГ-аас нэгдсэн удирдамжаар хангаж ажилласан бөгөөд мэдээлэл цуглуулалт, тооцооллыг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК гүйцэтгэсэн байна.

Судалгааны дэлгэрэнгүй тайлан https://iaac.mn/files/d8faf0f3-92d8-470f-bb01-c1b0b25490be/IAAC_Final%20report_2019.pdf


Эх сурвалж: АТГ

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан