Хөөн хэлэлцэх хугацаа хэмээх үлгэрээ ярьж бас л төөрөлдүүлж байна уу, цаг хожиж байна уу

Сүүлийн үед шуугиан тариад байгаа нэг асуудал бол Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа болоод байгаа. Анзаарахаас аргагүй сэдэв мөн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд ажиллаж байхдаа 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг нааш нь татаж таван жил болгосон. Эрүүгийн хууль ингэж батлагдсанаар нийгмийн анхаарлын төвд байсан олон том хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болсон. Энэ процесс өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Монголын нийгмийн сэтгэл зүйн нэг онцлог бол өнөөдрийн шуугиан маргаашийн сенсацидаа дарагдаад, мартагдаад явдаг байдал. Монголын ард түмний сэтгэл зүйн энэ үзэгдлийг эрх баригчид ашиглахыг оролдсон ч хөөн хэлэлцэх хугацаа сонгуулийн өмнө айхавтар дэвэрч, улстөржиж мэдэхээр болсон нь МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацааг эргэж харах, хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдсан хэргүүдийг эргэж харах гэсэн үлгэрийг зохиож эхлэхэд хүргэж байна. Ингэж үлгэр домог зохиож явсаар сонгуульд эсэн мэнд орохыг бодох нь аргагүй ч биз. Энэ суудалдаа суугаад л баймаар байгаа шүү дээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн тоо баримтыг хүргэе. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацаа арван жил байсныг таван жил болгосны үр дүнд маш их гэмт хэрэг хэрэгсэхгүй боллоо. Энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар нийтдээ 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Үүний үр дүнд 1200 гаруй гэмт хэрэгтэн ямар ч ял зэм авахгүйгээр бидний дунд явж байгаа. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Оймсон дотроо 25 сая төгрөг нуусан, албан газар, гэрээс нь нэг тэрбум төгрөгийн авлига олдсон нөхөр өнөөдөр ялгүй явж байгаа. Би эдгээр тоо баримтыг шүүх, прокурорын байгууллагаас авсан. Түүнээс хойш 30 гаруй хоногийн дараа асуухад хэрэгсэхгүй болсон 629 гэмт хэргийн тоо 100-аар нэмэгдсэн байна. Тун удахгүй авлигын 11 гэмт хэрэг хэрэгсэхгүй болно. Энэ дотор алдарт Жастын Батхүүгийн хэрэг бий. Үүний хохирол 143 тэрбум төгрөг. МАН-ынхан өөрсдийнхөө хүмүүсийг ялаас чөлөөлөх ажлыг хангалттай хийлээ. Эдгээр гэмт хэргийн хохирол хоёр их наяд төгрөг. Авлига албан тушаалын хэрэг дандаа хожуу илэрдэг. Энэ гэмт хэргүүд хэрэгсэхгүй болох нөхцөл байдал руу орж байгаа. Тиймээс ажлын хэсгийн Х.Нямбаатар, Байнгын хороог удирдсан Ш.Раднаасэд нарын нөхдүүдэд ард түмэн хариуцлага тооцох ёстой. Өдөрт нэгээс хоёр гэмт хэрэг хэрэгсэхгүй болж байгаа.
Цаашдаа энэ хуулийг баталсан ч хэрэгсэхгүй болно” гэсэн. Энэ бол айхавтар тоо баримт. Өнөөгийн эрх баригчдын нэр хүндэд хүндээр тусч, маш их сөргөөр нөлөөлөхүйц тоо баримт яах аргагүй мөн. Хөөн хэлэлцэх хугацааны хойноос хөөгөөд явбал МАН сонгуулийн наана босохгүй юм болно. Юун ЖДҮ, Капитал банкинд төрийн мөнгө дампуурсан... энэ тэр. Ийм айхавтар аюул занал, гал дүрэлзэхэд бэлэн байгаа учраас, үүнийгээ ард түмэнд залруулсан дүр эсгэхийн тулд Х.Нямбаатар нарын гишүүд нь хөөн хэлэлцэх хугацааг эргэж харна, ял завшсан нөхдийн хэргийг эргэн сэргээнэ гэсэн үлгэр ярьж эхэллээ. Энэ бол үлгэр. Үлгэр үлгэрдээ хуулиар ингэж зохицуулах ямар ч боломжгүй үлгэр. Үүнийг үлгэр гэдгийг учир мэдэх хүмүүс мэднэ. Дотроо ярьж, ямар ч боломжгүй шүү дээ гэдгийг Төрийн ордон дотор ярьцгаасаар байгаа нь чих дэлсэж байна.
Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг ямар байдлаар эргэж засна гэж үлгэр яриад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын хэлснээр хүргэе. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татагдаад эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Дахиж хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш тухайн гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөрдөн шалгах хугацааг тогтооё гэсэн зохицуулалт орж ирж байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдана. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам шинэчлэгдэж байгаатай холбогдуулж уг дагаж мөрдөх журмын тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж, зогсоох юм. Хоёрдугаарт, яг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх агуулга орж ирж байгаа” гэж.
Энэ сүүлийн ганц өгүүлбэрт нь маш том асуудал байгаа. Х.Нямбаатарын ярьж байгаагаар хууль батлагдлаа. Тэгвэл нэгэнт өмнө нь батлагдсан хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст энэхүү шинэ заалт ямар ч хамаагүй. Тэдгээр хүмүүст УИХ-аар нэгэнт батлагдсан хууль үйлчилсэн. Хэрэвзээ хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэж сэргээнэ гэж байгаа бол Олон улсад яригддаг нэр томьёогоор “Хууль эргэж үйлчлэхгүй” гэсэн хуулийн маш том зарчим зөрчигдөнө. Маш том маргаан дагуулна. Бараг хэлмэгдэл болж хувирна. Бид бүгдээрэй мэднэ, дэлхийн практикт хууль эргэж үйлчилж байгаагүй. Эргэж үйлчлэхийг бүх улсад хориглодог. Яагаад гэвэл хууль эргэж үйлчлэх маш аюултай байдалд хүргэдэг. Тэр хэдэн хүнийг эргүүлж шийтгэснээсээ илүү нийгмийг самарна. Нийгмийг нийгэм биш болгож зэрлэг өрнөд гэгчээр юм болохыг судлаачид бичээд эхэллээ. Гарах муу үр дагаврын талаар жишээ баримт дурдан судлаачид ярьж байна л даа. Нэг судлаач “Гэмт хэрэг биш үйлдлийг гэмт хэрэг болгон зохиож ял тулгах аюултай. Жишээ нь, өмч хувьчлалыг гэмт хэрэг мөн байжээ гээд өнөөдөр хуульчилбал Монголын бүх малчид гэмт хэрэгтэн болох уу. Түүнийг хариуцаж байсан, одоо амьд сэрүүн байгаа нэгдлийн дарга өвгөчүүл бүгдээрээ дээлээ нөмрөх үү” гэж ирээд хууль эргэн үйлчилбэл Монгол Улсыг ямар аюултай байдалд хүргэж болох талаар сэрэмжлүүлж байна. Хууль бол практикаар явдаг. Манай улс бол их газрын хуультай. Зах зээлийн нийгэмд шилжсэнээсээ хойш Монголын хуулийн суурь дэвсгэр нь Германы хууль болж ирсэн. Ийм суурь дэвсгэртэй хууль эрх зүйтэй атлаа энэ цаг үед, энэ баригчдын үед дургүй хүндээ зориулж хуулийг эргэн сэргээж хэрэглэх гээд байна. Н.Энхбаяр бол “Өргөө” зочид буудлыг луйвардсан гээд өнөөдөр дахин сэргээж хуучин хуулиар яллах нь хүний эрх талаасаа ч, ардчилсан нийгмийн үнэт зүйл болох эрх зүйт төр талаасаа эрүүл үзэгдэл мөн үү. Ийм аюултай байдал руу энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эргэж харах, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэж сэргээх тухай асуудал явж байна. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг бол дуулиантай хэрэг. Тус банкны ерөнхий нягтлан бодох Чимэдцэрэн энэ мөнгөөр казино тоглосон гэдэг яриа л хүмүүсийн дунд үлдсэнээс биш яг ял авсан үндэслэлийн нэг хэсэг нь өнөөдрийн Ерөнхий сайд тухайн үед намын генсек байхдаа Чимэдцэрэнгээс фургон машин авсан хэргээр хоёр жилийн бүгд найрамдах уншуулж, найз Чимэдцэрэн нь ял үүрээд гарсныг төдийлөн санадаггүй. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт эргэн сэргэж, хууль эргэн үйлчлэх тийм хөрс суурь тавигдах гэж байна гэсэн үг. Одоо ярьж буй хөөн хэлэлцэх хугацаа гэдэг чинь.
Тэгэхээр энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эргэж харна гэдэг үнэндээ үлгэр юм аа. Өөрсдийнхөө халаасны хүмүүсийн гэм бурууг энэ хуулийн заалтаар хэдийнэ цайруулчихсан. Үүнийгээ ард түмэнд цайруулахын тулд сонгууль хүртэл шоу хийх арга нь энэ. Тэд муусайн ял завшсан байж магадгүй нь, тийм болохоор хөөн хэлэлцэх хугацааг эргэн харж, ял завшсан байх магадлалтай луйварчдын хэргийг эргэн сэргээж ясыг нь цайлгана... гэх шиг сүр сүр юм ярьсаар байгаад л сонгуультай залгана. Ард түмэн одоо хууртах нь их багассан. Эрх баригчдынхаа араншинг эхнэрийнхээ араншин шиг гадарлах болсон гэж найдаж байна.
Ер нь тэгээд ч хөөн хэлэлцэх хугацааг ярьж байгаа далимд хэлэхэд хуулийн практикт тухайн гэмт хэрэгт хоёр хууль үйлчлэхээр байвал хууль зөрчигчдөд аль ашигтай хувилбарыг нь сонгодог хуулийн заалт бүх газарт байдгийг хуульчид мэднэ. Хүний эрх талаасаа тэр. Ийм заалт дэлхийгээр нэг үйлчилж байхад, Монголд үйлчлэх хууль эрх зүйтэй байхад хэрэгсэхгүй болсон, цагаатгасан хүмүүсийг эргэж яллана гэдэг үлгэр. Үлгэр болохыг судлаачид, хуулийн шинжлэх ухааны докторууд, УИХ-д хэдэнтэй суусан хашир гишүүд ярьсаар байгаа юм.
Тийм болохоор энэхүү Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг эргэж харж, ингэж тэгж өөрчилнө гэсэн заль, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх агуулга хуульд орно барина гэсэн гишүүдийн ярианууд бол ард түмний сэтгэл зүйг төөрөлдүүлсэн, эрх баригчдын сонгууль хүргэх гэсэн арга мэх билээ.
Өөрсдийнхөө намын луйварчдыг эргэж харж шийтгэсэн дүр эсгэх гэсэн улс төрийн заль гэж нийгэм ойлгох хэрэгтэй. Саяхан Хууль зүйн сайд Ц.Нямдорж нэг үг хэлсэн нь “Хөөн хэлэлцэхтэй холбоотой улстөржсөн маргаан бүтэн жил явлаа. Би бүтэн жил тэвчиж үүнийг чинь сонслоо. Та нар санасан зоргоороо шийдвэрлэхийн тулд л будлиан хутгасан шүү” гэж. Энэ юу гэсэн үг болохыг нухацтай анзаарвал эрх баригчид ард түмнийг хэрхэн төөрөгдүүлж, үлгэр ярьж, цаг хугацаа хожиж байгааг нөхөр хэлчихсэн хэрэг шүү.

Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан