Зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмцэгч бүсгүй

Ур ухаан хосолсон уран гартнуудын төлөөлөл эгэл даруу бүсгүй Бөхчулууны Батцэцэгийн урлангаар зочилж сурвалжилснаа хүргэе.   
Хүн бүрийн амьдралын зам мөр эн тэнцүү ч энэ хорвоод ганц л оногдох хүний тавиланд туулсан бүхэн нь хувь нэг байдаг. Батцэцэг багаасаа урлан бүтээх сонирхолтой охин байсан бөгөөд юм юм хомсхон 1980-аад онд өнгөрөөсөн хүүхэд насных нь гэгээн дурсамж сэтгэлд нь тодхон. Ээжийнхээ картын бараанд дугаарлан байж авсан даавуунаас сэмхэн хайчлан авч хүүхэлдэйдээ хувцас урласан тэр зоригтой бөгөөд шийдэмгий үйлдэл нь түүнийг өнөөдөрт авч ирсэн гэмээр. Хүсэл мөрөөдөл оргилсон сурагч үеэсээ хөдөлмөрийн хичээлд дурлах болж, зураг зурах, загвар зохион бүтээх авьяасаа нээн илрүүлсэн түүний хувьд өсвөрийн урлан бүтээгчдийг төрүүлж ирсэн “Үнсгэлжин” тэмцээнд тогтмол оролцож, амжилт гаргадаг байжээ.

Ингээд хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, өөрийн мэргэжлээ загвар зохион бүтээгчээр сонгон, дүрслэх урлагийн “Анима” коллежид 1998 онд, Дүрслэх урлагийн дээд сургуульд 2002 онд тус тус элсэн суралцаж төгссөн байна. Ажил амьдралын гараагаа улсын нийслэлийнхээ оёдлын үйлдвэрт технологичоор эхэлсэн түүний хувьд зах зээлийн хүнд үед дан ганц оёдол хийж амьдрахад бэрх байсан гэдэг. Энэ ч утгаараа хүсэл мөрөөдөл, дуртай ажлаа хойш тавьж, амьдралын эрхээр хувиараа бизнес эрхлэх болсон хэдий ч урлах чинхүү хүсэл эрмэлзэл нь унтраагүй юм.
Хүмүүний биед хувцас урлана гэдэг бурхан зурахтай дүйцэхүйц ур дүй шаардсан үйл байдаг билээ. Ийм ч болохоор үйл урлаач хүн бурхан ухаан, бусдаас илүү сэтгэхүйтэй байдаг. Бүсгүй жаахан биедээ багтамгүй эрч хүч, урам зоригоор бялхсан Батцэцэг өөдрөг бодол, өрнүүн тэмүүлэлтэй нэгэн.

Эгэл бүсгүй сэтгэлдээ урлаж, бодолдоо шаглаж явсан үйл урлах ажлаа 2016 онд дахин эхлүүлж, 2017 онд сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдан ажлын байртай болсноор эргэлт буцалтгүйгээр оёдлын ажилдаа шамдан оржээ. Ганзагын наймаа хийж явсан туршлагатай түүнд үйлдвэрлэн борлуулах нь илүү санагддаг байна. Тиймдээ ч өөрийн “Сабир” брэндийн 10 төрлийн бэлэн хувцсыг үйлдвэрлэн, Хэнтий аймгийнхаа хэрэглэгчдэд түгээсээр буй юм. Тэрбээр үндэсний уламжлалт болон загварын дээл, биеийн тамирын хувцас, гоёлын болон чөлөөт загварын хувцсыг өөрөө зохион урладаг. Түүний нэрийн хуудас болсон урласан хувцаснууд нь монгол хүний биеийн онцлогт яв цав таардгаараа онцлогтой. Одоо загвар зохион бүтээгч Батцэцэг улсын хөгжлийн лугших судас болсон үйлдвэрлэгчдийн нэг мөнөөсөө мөн билээ. 

Хэрлэн сумын 4 дүгээр багийн гэр хорооллын урт гудамж дунд байрлах бяцхан урландаа Батцэцэг бүсгүй үйлээ урлан, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэн суух агаад энэ бяцхан урланд хүний хөл тасарна гэж үгүй. Энэ жилээс “Сабир” урлан үйлдвэрлэлээ өргөжүүлэн оёдолчидтой болж, нэр төрлөө олшруулж байгаа юм. Тус урлан нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй төрлийн 4000 гаруй бэлэн хувцас үйлдвэрлэн, хэрэглэгчдийн гарт хүргээд байна. Үйлчин бүсгүйн чин зорилго нь Хэнтий аймгаа үйлчилгээний салбарт тэргүүлсэн аймаг болгохуйц том оёдлын үйлдвэр байгуулж, олон олон үйл урлаачдад мэдсэн сурснаа түгээх бөгөөд энэ сайхан хүсэл нь тун удахгүй биелэлээ олох нь дамжиггүй. Зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж буй энэ бүсгүй Хан Хэнтийн эгэл бүсгүйчүүдийн энгийн нэгэн төрх нь билээ...   

Д.Одонтунгалаг     
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан