Улстөрч гэж хэн бэ. Улс төрийг яаж хийдэг вэ. Энэ талаар монголчууд бид нэгэн хэвийн ойлголттой болчихсон байв. Учир нь Монголд улстөрчид улс төрөө хийдэг арга хэлбэр сүүлийн 30 жилд тогтчихсон юм. Сонгууль дөхөхөөр хүрээд ирдэг. Шулуухан л гуйчихна. Бид саналаа өгөөд явуулдаг. Дараагийн сонгууль дөхөхөөр дахиад ирнэ. Ийм л цикльтэй энэ он жилүүдийг үдсэн байдаг. Харин нэгэнт тогтсон дэг жаяг сүүлийн гурван жилд нуран унах шиг боллоо. Өөрөөр хэлбэл, улс төрд орж ирж байгаа болоод олон жил улс төрд явж буй нөхдүүд хэлсэн ярьснаа хийхгүй бол, бас байнга популизмаар “амьдраад” байж болохгүй болжээ. Энэ бүхэнд хамгийн хамаатай хүн бол УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болоод байгаа юм. Л.Оюун-Эрдэнийг 2016 онд сонгохдоо ард түмэн, магадгүй сонгогчид нь ийм үр дүн хүлээгээгүй байх. Тэгэх ч нөхцөлгүй. Дээр хэлснээр улстөрч гэж хэн бэ, УИХ-ын гишүүн ямар байх вэ гэдэг тогтсон ойлголт тэр үед байсан юм. Хэнтийнхэн ямар ч байсан нутгийн хүү гээд “дугуйлаад" явуулсан байж таарна. 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй олон, 65 суудал авсан. Хэт олон болохын жам ёсоор МАН-ыг хагарал бутрал тойрсонгүй. Аливаа зүйл ихдэхээр ийм л явдал болдог.
Хэдийгээр эрх баригч намын тухайд иймэрхүү паянтай энэ дөрвөн жилийг өнгөрөөж байгаа ч нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт маягийн олон үйл явдал өрнөснийг бид анзаарах учиртай юм. Магадгүй түүхэнд тэмдэглэгдэх хэмжээний өөрчлөлт байж мэднэ. Тэр бүхэнд л Л.Оюун-Эрдэнийг хамаатуулж яриад байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш “ажилласан” байдаг. Энд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан, 60 тэрбумын хэргийг дахин гаргаж ирсэн, МАНАН бүлэглэлийн талаар хийсэн улс төр, үйлдлүүдийг дурдахгүй. Энэ бол тусдаа зүйл юм. Харин Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотой хийгдсэн улс орны хэмжээний хэд хэдэн томоохон “ажил” байгаад байгаа юм.
Нэг. СИНГАПУРТ ЗАРАГДАХ ГЭЖ БАЙСАН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” МОНГОЛДОО ҮЛДЭВ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2019 оны нэгдүгээр сарын 24-нд олон нийтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Надад нэг хүнээс мэдээлэл ирсэн. “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Цагаан сараас өмнө Сингапурын компанид зарах гэж байна. Хэрвээ надад дугтуйтай ирүүлсэн энэ материал үнэн бол бүлэглэлүүд Монголын орд газруудын эргэн тойронд эрх мэдлээ тогтоож байна гэдэг нь бүр тодорхой болно.Цагаан сар дөхсөн үед, эсвэл наадмаар, үгүй бол чуулган шөнө хуралдахтай зэрэгцээд том том шийдвэрүүдийг гаргадаг тохиолдол Монголд байсаар ирсэн. Ард түмэн, газар нутаг нь хэрэггүй байдаг. Зөвхөн баялаг нь хэрэгтэй. Хэрвээ “Эрдэнэт”-ийг зарах гэж байвал энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.УИХ-ын чуулганаар , хэлэлцэхгүйгээр “Эрдэнэт”-ийн 51 хувийг Оросоос авсан. Одоо Сингапурт зарах гээд байна. Чуулганаар хэлэлцэхгүйгээр Таван толгойг гадныханд өгөх гэж байсан гэдгийг ч мартах ёсгүй” хэмээв. Үүнээс дөрөв хоногийн дараа дахин мэдээлэл хийж “ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ирсэн бичгийг нягталж үзэхэд үнэн болж таарсан. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байгааг олж мэдсэн. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн.
400 орчим сая ам.долларын үнэтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар 1995 онд төрсөн Номуундарь гэдэг охинд Сингапурын бүртгэлтэй компанид шилжүүлсэн. Ингэснээр Эрдэнэтийн 49 хувь Монгол Улсын хуулиас гараад явчихна. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй болж байна. Хэрвээ Эрдэнэтийн 49 хувь Сингапурын компанид очих юм бол Оюу толгойтой адилхан зүйл болно” гэсэн юм.
2019 оны гуравдугаар сарын 6-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр тус үйлдвэрийн үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа. Энэ мэдээллийн дараа "Эрдэнэт” үйлдвэр рүү хөдөлнө. "Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон. Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллага руу хандаж, шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана” гэв. Энэ мэдээллийн дараа тэрбээр “Эрдэнэт үйлдвэр"-ийг зорьж, онц байдлыг тогтоох ажлыг хэрэгжүүлэв. 2019 оны гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын ээлжит “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар ТӨҮГ болгон өөрчилж, дүрмийг нь баталсан юм.
Хоёр. СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ БУЦААЖ АВАВ
УИХ-ын гишүүн Л.Оюун -Эрдэнэ 2019 оны нэгдүгээр сарын 28-нд Төрийн ордноос урагш Сүхбаатар дүүргийн VI дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд хэсгийн ногоон байгууламжийг сүйтгэн шинээр гаднын хөрөнгө оруулалтаар барилга, байшин барих нууц зураг төсөл нь өнөөдөр бэлэн болсон талаарх баримтыг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Төв талбайгаа нэг компанид алдчихсан Дэлхийн улс орон хаана ч байхгүй. Сүхбаатарын талбайгаас урагш хэсэгт хийх барилгын ажлын төлөвлөгөө мэдээлэл бидэнд ирсэн. Монголын төр, парламент, шүүхээс дээгүүр эрх мэдэл гэж байна. Үе үеийн Засгийн газар, Засаг дарга нар харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт явж ирсэн. Талбайтай холбоотой асуудлыг сэтгүүлч та бүхэн анхааралдаа аваарай” гэлээ. Мөн хоёрдугаар сарын 1-нд “Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг Худалдаа хөгжлийн банк авчихсан байна шүү дээ. Засгийн газрын ордны өөдөөс хараад өндөр байшин баригдахаар зураг төсөл нь хийгдчихсэн байна. Үүнийг хэн гарын үсэг зурж өгсөн нь тодорхойгүй байна. Үүнийг хуйвалдаан гэж үзэх үү. Энэ асуудал хууль хяналтын байгууллага дээр ирэхгүй байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон хүмүүс хууль хяналтын байгууллагад олноороо байна” гэж мэдэгдсэн.
Харин 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж буй “UB Construction” ХХК-ийн 2.5 га газар эзэмших эрхийг цуцалсан. Тэрбээр “Сүхбаатарын талбайн тал шахуу хэсгийг “UB construction” ХХК-д олгох захирамж 2006 онд гарчээ. Тухайн үедээ энэ газар усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулсан юм. Гэтэл энэхүү газрыг эзэмшсэн компани өнөөдрийг хүртэл зориулалтаар нь ашиглаагүй. Өөрөөр хэлбэл, усан оргилуур бүхий байгууламж бус, 2016 онд автомашины зогсоол байгуулсан. Мөн автомашины зогсоол байгуулахдаа, ашгийн 30 хувийг нийслэлд олгохоор гэрээ байгуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлд нэг ч төгрөгийн ашиг өгөөгүй байна. Түүнчлэн энэхүү газрыг 2017 онд барьцаалж банкнаас 9.5 сая ам.долларын зээл авсан байна. Тиймээс энэхүү газрын зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цуцаллаа” гэж мэдээлсэн.
Гурав. БАГАНУУРЫН ОРДЫГ “ЭРДЭНЭС МОНГОЛД”-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 1-нд “Эрдэнэтийн 49 хувийг авсан дотор чинь Монголросцветметийн 49 хувь бий, Хөтөлийн цемент, Багануур ХК тэр чигээрээ бий. Үүнийг би МАНАН гэж нэрлээд байгаа юм” гэж мэдэгдэж байв. Мөн гуравдугаар сарын 22-нд бүхий шүүгч нарт хариуцлага тооцуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандахдаа “М.Батсуурь шүүгчтэй холбоотой илт Худалдаа хөгжпийн банкны талд Захиргааны хэргийн шүүхийн дүгнэлт гарч байна гэсэн өөр баримтууд байгаа. Жишээ нь, Багануур компанитай холбоотой лицензийн асуудал гарч ирж байна” гэв.
Тэгвэл 200 жил ашиглах нөөцтэй Багануурын орд газар энэ сарын 21-нд “Эрдэнэс МГЛ” ХХК руу бүрэн шилжиж дууссан. Тодруулбал, олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн эсэх тухай маргаан эцэслэн шийдэгдэж, төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийн ажлыг хийж дуусгав. 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байж. Уг компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж авсан асуудалтай холбоотой “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн охин компани “Монголын нүүрс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн эзэмшилд байсан аж. Үүнээс үүдэж “Багануур”-ын уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Тиймээс энэ асуудлыг хууль бус гэж үзэн Засгийн газар анхааралдаа авч ажилласан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улсын Дээд шүүх уг маргааныг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн юм. Дээд шүүхийн мөн өдрийн 102 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959 А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг холбогдох газруудад даалгасан байдаг юм төгсгөлд нь Л.Оюун-Эрдэнэ дээрх ажлуудад голлох рольтой оролцчихсон байгаа юм. Уг нь Л.Оюун-Эрдэнэ УИХ-д анх удаа сонгогдсон. Насны хувьд нөгөөдүүлээсээ залуу хүн. Улс төрийн туршлагын хувьд ч арвин гэж хэлэхгүй. Сүүлийн 30 жилийн энэ “философи”-оор бол Л.Оюун-Эрдэнэ эдгээрийг хийх ямар ч боломжгүй. Гэвч цаг өөрчлөгджээ. Ер нь Л.Оюун-Эрдэнийн хувьд сүүлийн үед үг нь цөөрч, үйлдэл нь чангараад байгаа гэхэд болно. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг хэн нэгний зөвлөгөөгөөр амжуулаад байна гэх хардлага бас бий. Түүнд хэн зөвлөдөг вэ гэсэн үг. Аливаа асуудалд маш нарийн гаргалгаа олж хараад байдаг. Хууль эрх зүйн талаас нь ч бусдын хараагүйг гаргаж ирдэг. Тэгэхээр түүний ард нэг тийм “луужин” байна гэсэн үг. Сүүлд “Хууль, шүүхийн байгууллага 30 хоног гэсэн хугацаан дээр тоглоод байна” гээд дуугарч байх юм. Ийм маягаар хэргийг сунгасаар хэдэн жил ч өнжөөдөг, тэгээд хаадаг гэсэн утгатай тайлбарыг тэр хэлсэн байна лээ. Өөр нэг зүйл гэвэл Л.Оюун-Эрдэнийн халаасанд ирэх 25 жилийн хөгжлийн хөтөлбөр бас бий. Энэ мэтээс харахаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрчийн үйлдэл зүгээр л тэр өдрийн цаг агаар, салхины зүг чигээс, хамаараад байдаггүй бололтой.
А.Батаа
Эх сурвалж: sonin.mn