Хэлсэн үгнээсээ буцдаг улстөрчид

Өнөөдөр хэлсэн үгнээсээ маргааш нь буцдаг нь орчин цагийн Монголын улстөрчдын араншинг ард түмэн андахаа больчихож. Тиймээс л " Залдаг ноёнтой, засдаг түшмэлтэй” ард түмэн юм аа гэж хэлэхэв дээ. Яг үнэндээ улстөрчид ард түмэнд таалагдахын тулд юу ч гэж худлаа бурдаг болохыг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Хэрвээ уншигчид санаж буй бол олноо өөрсдийгөө Монголын топ улстөрчид хэмээн өргөмжилсөн эрхмүүд хэрхэн хэлсэн үгнээсээ буцаж байсан тухайг он сар өдөртэй нь өгүүлье.
Тухайлбал, өнгөрсөн 2018 оны зургаадугаар сарын 12-ны өдөр МАН-ын бүлгийнхэн төрийн ордонд хаалттай хуралдаж Хэнтийн аймгийн 42 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнийнх нь бүрэн эрхээс чөлөөлж байв. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс та Хэнтийд нэр дэвших үү гэхэд тэрбээр "Би Хэнтий аймагт нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Тэртээ тэргүй би хангалттай давхар дээлтэй байгаа” гэх хариултыг өгсөн нь түүний нэр хүнд өсөх нэг шалтгаан нь болж байв. Гэтэл одоо Ерөнхий сайд маань энэхүү хэлсэн үгээ мартаж нөхөн сонгуульд нэр дэвших бүхий л ажлаа алгуурахнаар хийж буй нь түүнийг хэн бэ, хэн байв гэдгийг нь төвөггүйхэн харуулчихлаа. Уг нь ард түмэн хийгээд тус намынхан ингэж хэлсэн нэр дэвшихгүй байх хэмээн итгэсэн ч тэрбээр хэлсэн үгнээсээ буцчихлаа. Ямартай ч энэ сарын 24-нд намууд Хэнтий аймагт нэр дэвших хүмүүсээ зарлах үед Ерөнхий сайдын нэр байвал түүнийг хэн байсан бэ гэдгийг бид төвөггүйхэн ойлгоно.
Бусдын хэлсэн үгийг хэлээгүй мэт залруулдаг дараагийн нэг эрхэм нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд. 2018 оны аравдугаар сарын 29-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга С1 телевизийн " Цензургүй яриа” нэвтэрүүлэгт орохдоо ийн хэлж байв. Тэрбээр "УИХ тарахгүй бол өлсгөлөн зарласан ч яадаг юм” бэ гэсэн юм. Дэлхийн тавцанд нэр хүнд унавал АТГ-ын дарга буруутах юм гэсэн. Ярилцагч сэтгүүлчээ лавлаад байхад дахин хэлсэн. Гэтэл түүнийг ингэж ярьсны маргааш нь Тамгын газрын дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө "Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана гээгүй” хэмээж Ерөнхийлөгчийг хэлсэн үгнээсээ буцдаг нэгэн болж харагдуулсан юм. Ямартай ч энэ тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн учраас дахин нурших нь илүүц биз. 
Ой санамжаа алдсан дараагийн улстөрч маань УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ.Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдын талаар мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болж байж шударга ёсны хувьсгал бий болно" гэх үгийг хэлээд авсан. Уг нь Ерөнхийлөгчийн засаглал бус М.Энхболдын талаар шинэ мэдээлэл өгөхөөр хурал зарласан. Тэрбээр яг ингэж хэлснээсээ хойш буюу хоёр сарын дараа "Би Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай ярьж эхэллээ. Зэвсэгт хүчний командлагч тэгж болохгүй. Засаглалаас болж мөргөлдөөн үүсвэл яана. Манай улсын хувьд парламентын засаглалаас татгалзах замыг сонгож хэрхэвч болохгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ил, далд Ерөнхийлөгчийн засаглалын зам руу санаархахаа зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг бодох хэрэгтэй” гэсэн нь түүнийг хэлсэн үгнээсээ буцдаг ой санамжаа алдсан нэгэн гэдгийг бас л харуулж байв.
Юутай ч манай өөрсдийгөө нөлөө бүхий гэсэн хашилтанд хийчихсэн яваа улстөрчдийн араншин нэг иймэрхүү. Өнөөдөр тэдний хэлсэн үгнээсээ буцдаг энэхүү муухай араншин Монголын ард түмэнд ямар их хор хөнөөл авчрахыг нийтээрээ мэддэг болчихсон. Учир нь эвлүүлэг гэхийн аргагүй тэдний ярианы бичлэг, сонинд өгсөн ярилцлагыг олон нийт санаж байгаа болохоор яалт ч үгүй "ой санамжаа алдсан улстөрчид” гэж ойлгоход хүрэв. Ингэж л Монголын улстөрчдийн ой санамж муудаж хэлсэн ярьснаа ч мэдэхгүй өрөвдөлтэй гэмээр дүр зургийг бид хэдий болтол харах вэ?.

Х.Маргад
Эх сурвалж: http://erennews.mn 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан