Ёс суртахуун гээгдэж, улс төрд “улаан гэрэл” асаалаа


Эхлээд хэдэн жишээ хэлье.
2010.6.2. Японы Ерөнхий сайд Юкио Хатояма Окинава дахь АНУ-ын цэргийн Футэнма баазыг нүүлгэнэ гэсэн сонгуулийн сурталчилгааны үеэр өгсөн амлалтаа биелүүлээгүй ард түмний итгэлийг алдсан учир огцрохоо мэдэгдлээ.
2010.11.23. Японы хууль зүйн сайд Минору Янагида “Миний ажил их амархан. Ердөө хоёрхон өгүүлбэр цээжилсэн  байхад хангалттай. Нэгдүгээрт, би энэ асуудлаар тайлбар хийхгүй. Хоёрдугаарт, би хууль журмын дагуу л ажиллах болно” хэмээн хошигнон хэлснийхээ төлөө огцров.
2014.1.29. Италийн Хөдөө аж ахуй, хүнсний бодлогын сайд Нунция Ди Жироламо албан тушаалаа урвуулан ашиглаж санхүүгийн залилан хийсэн гэх хэрэгт буруутгагдсаны дараа өөрийн хүсэлтээр огцров.
2014.10.21. Японы Худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обучи сонгуульт ажилдаа зарцуул хэмээн ард түмний цуглуулсан хандивын мөнгөнөөс хувийн гоо сайхандаа зарцуулсан нь илэрсэн учраас ёс зүй алдсандаа хүлцэл өчөөд огцорсон.
2014.10.24. Японы Эдийн засгийн сайд Мидори Мацушима хамаатныхаа хүний бизнесийг дэмжих хөрөнгө оруулагч олж өгснийхөө төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад өөрийн хүсэлтээр огцорсон.
2015.4.28. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Ван Ку 2013 онд парламентын сонгуульд өрсөлдөж байхдаа нэгэн бизнес эрхлэгчээс 28 мянган ам.доллар авсан хэрэгт буруутгагдаж албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргав.
2015.11.5.  Румыны Ерөнхий сайд Виктор Понта огцрохоо мэдэгдэв. Румыны нийслэл Бухарест хотын “Колектив” шөнийн цэнгээний газарт гал гарч, 32 хүний амь авч одсон. Үүний дараа тус хотын төв талбайд 25 мянга гаруй иргэн цуглан, Засгийн газар хариуцлага хүлээхийг шаардсан юм.
2016.1.28. Японы Эдийн засгийн сайд, “Абэномикс” хэмээх Засгийн газрынхаа бодлогын гол архитектор Акира Амари огцрохоо мэдэгдлээ. Тэрээр өөртэй нь холбоотой дуулиан дэгдэж ичгэвтэртэй байдал үүссэнд уучлал гуйгаад хариуцлага хүлээх ёстой гэдгээ хэлжээ.
2016.2.2. Японы Сангийн сайд Акира Амариг барилгын компаниас авлига авсан хэмээн буруутгаж эхэлсэн учир огцрохоо албан ёсоор мэдэгджээ.
2017.3.22. Хууль бусаар охиноо ажилд оруулсан гэдэг дуулианаар Францын Дотоод хэргийн сайд  Бруно Ле Ру тушаалаасаа огцорлоо.
2017.4.27. Японы Гамшгийн дараах сэргээн босголт хариуцсан сайд “Цүнами зүүн хойд хэсэгт нүүрлэсэн нь сайн хэрэг” гэж хэлснийхээ төлөө огцорсон байна.
2017.6.20, 23. Францын Батлан хамгаалахын сайд Сильви Гулар,  Хууль зүйн сайд Франсуа Байру, Европын холбоотой харилцааны асуудал эрхэлсэн Европын хэргийн сайд Мариэль де Сарнез гурав огцорсон. Учир нь тэднийг “Ардчилсан хөдөлгөөн” намын (MoDem) удирдлагад байх үеийнх нь асуудлаар Прокурорын газраас  эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
2017.7.28. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада энхийг сахиулагчдынхаа Өмнөд Судан дахь үйл ажиллагааны талаарх тайланг тойрсон дуулианд холбогдоод “…Үүссэн нөхцөл байдлын төлөөх хариуцлагыг өөртөө хүлээхийн тулд би албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” гэв.
2018.4 дүгээр сар. Арменийн Ерөнхий сайд Серж Саргсян өөрийн хүсэлтээр огцров. Түүнийг улс орныг үр ашигтай удирдаж чадаагүй, эдийн засгийг уналтад оруулсан гэж буруутгаж эсэргүүцсэн иргэд тус улсын нийслэл Ереван болон бусад хотод 10 хоногийн турш жагсаал цуглаан өрнүүлсэн юм.
2018.8.14. Норвегийн загасны аж ахуйн  сайд Пер Сандберг Иран, Хятад улсад аялж, амарсныхаа төлөө албан тушаалаасаа огцров.
 

…Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй,

түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд бөгөөд түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж, зохих шийтгэл хүлээлгэх хэрэгтэй.

Аристотель

 
 
Сүүлийн найман жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын төр, засгийн өндөр албан тушаалтнууд ёс суртахууны хариуцлага хүлээж огцорсны тун цөөхнийг энд жагсаав.
Харамсалтай нь манай улстөрчдөөс ингэж “эр зориг” гаргасан хүн өнөө хэр нь нэг ч гараагүй л байна. Гарах ч боломжгүй юм байна.
Яагаад гэвэл өнөөдөр улс төрд өрнөж байгаа үйл явдал, тэр дундаа том жижиг тендерүүд, ЖДҮ, концесс, Хөгжлийн банк, бондын хэрэгтэй холбогдсон улстөрчдийн хандлагаас дээрх жишээнүүдтэй “хавирахуйц” ёс суртахууны санаачлага гарна гэвэл ёстой гонжийнжоо ажээ.
Хэрэв Монголын улс төрд ёс суртахууны хэм хэмжээ тогтвортой үйлчилж, улстөрчид энэ хэмжүүрийг эрхэм дээдээ болгодог байсан бол төрийг ингэтлээ самарч, түмэн олноо туйлдуулахгүй байв.
Шуудхан хэлэхэд, ёс суртахуунгүй болно гэдэг хүнээ байна л гэсэн үг. Францын сэтгэгч Гельвецийн хэлснээр “…Хүнийг хүн болгож байдаг зүйл нь ёс суртахуун” хэмээсэн.
Одоо хар, 2012-2016 онд Хөгжлийн банкны хэрэг, бондын хэрэгт холбогдчихоод “…Би буруугүй” гэж цахлаад байсан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэрэг шүүхэд очсон байна.
Өнөөдөр ч ЖДҮ хэмээх хэрэг, тендер зувчуулсан сайд нар, гишүүд “…Надад хамаагүй” гээд л гүрийцгээж байна.
2020 оны сонгуулийн дараа тэдний бүрэн эрх хураагдаж бас л шүүхийн өмнө очих нь тодорхой юм. Одоо ч улстөрчид АТГ, цагдаагийн үүд сахиж эхлээд байна.
“…ЖДҮ надад хамаагүй” гэсэн ч хамаарал бүхий компаниараа зээл авсан нь баримтаар нотлогдсон Б.Батзоригийг сайдын суудлаас огцруулсан. Дараа нь УИХ тэр чигтээ улаан нүүрээ улалзуулж байгаад тэр хүний бүрэн эрхийг цуцлалгүй авч үлдсэн. Тэгэлгүйгээр прокурорт өгөөд явуулчихаж болох л байв. Гэвч өнөөдөр Б.Батзориг Монголд байхгүй. Хил даваад явчихсан. Ард нь УИХ-ын нэр хүнд шавартайгаа хутгалдаад үлдэв.
Одоо ард нь Б.Бат­зоригтой адилхан ЖДҮ-ийн зээлээс туучихсан хэд хэдэн гишүүн, сайдын асуудал яригдаж байна. Араас нь төрийн, намын албан тушаалтнуудтай холбогдох өч төчнөөн тэр­бумын “үнэлгээ”-тэй өдий төдий хэрэг дэлбэ үсрэ­хэд бэлэн болсон байна.
Гэвч тэр улстөрчид нь албан тушаалтайгаа зууралдаж, амьд мэнд үлдчих гээд элдвийн арга сүвэгчлэн гүйлдэж байна.
Тэдний дундаас “Уучлаарай Монголын ард түмээн, би буруу хэрэг хийжээ. Албан тушаалаа өгөөд хуулиар шалгуулъя” гээд гараад ирэх ёс суртахуунтай ганц ч улстөрч байхгүй нь харамсалтай.
Энэ бүхэн ерөөсөө л Монголын улс төр, засаг төр улстөрчдийнхөө ёс суртахууны ялзрал, доройтолд туйлдаа хүртэл нэрвэгдчихсэнтэй холбоотой.
Энэ бол аюул. Ерөөсөө л улстөрчид нь ёс суртахууныг уландаа гишгэнэ гэдэг тухайн улсад хөгжлийн тухай, шударга ёсны тухай ярих ямар ч боломжгүй.
Харин манай ардын зүйр цэцэн үгэнд “…Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ танивал мал” гээд тунчиг ойлгомжтой, товчоор хэлчихсэн байна. Ёс суртахуун л хүн байхын утга учир гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан улстөрчид л хүмүүнлэг байж чадна. Тийм улстөрчийг, УИХ-ын гишүүнийг “олж” сонгох нь Монголын ард түмний үүрэг юм. Монголын нэрт хуульч “…Монголыг ёс суртахуун л аварна” гэж хэлсэн нь бий.
Тиймээс жил гаруйхны дараа болох сонгуулиар та бид “Ёс суртахууныг сонгох” ёстой болж байна.
Тэгж байж Монголын төр Төр шиг ажиллах нөхцөл бүрдэх юм.
Гэвч яг одоо бол улстөрчид ёс суртахууныг уландаа гишгэж, Монголын улс төрд “улаан гэрэл” асчихаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИРскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан