"Хэнтийд төрөх дөхсөн 65 ээж эмнэлгийн тусламж авах боломжгүй байна"


Ардчилсан намын өнөөдрийн 4:11 мэдээллийн цагт  Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Пунсалмаа нар оролцож, мэдээлэл хийлээ.

Т.ПҮРЭВХАТАН:
-Хэнтий аймгаас өчигдөр ирлээ. Малчны хотонд юу тулгамдаж байна вэ гэдгийг газар дээрээс нь хүргэхээр  ажиллалаа. Хэнтий аймагт өнөө маргаашгүй төрөх гэж байгаа 65 ээж, байнгын эмчийн хяналтад байдаг 228 иргэн, 0-3 насны нярай 630  хүүхэд байна. Зам гаргах асуудал нэн чухал байна. Өнөөдөр зам гаргалаа, 2-3 цагийн дараа шуураад зам хаагдаж байна.
Зам гаргачихвал малчид аймаг, сум руугаа яваад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авчихна.
Мөн Галшар, Баян-Отог сумын нэгдсэн эмнэлгийн машин эвдэрсэн тул иргэд, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна.
Байгалийн гамшиг болгон улс орон бүрт тохиолддог. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр хохирол багатай даван туулдаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байх шаардлагатай.
Г.ГАНБААТАР:
-Сүүлийн 7 хоногт Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж байгаад ирлээ. Дорноговь аймаг гэхэд л нийт мал сүргийнхээ 15 хувийг зудын улмаас алдчихаад байна. Маш их малын хорогдол бий болж малчдын эрүүл мэнд, сэтгэл санаа хүнд үед байгаа үед иргэн рүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авах нь чухал.
Тухайлбал, банк, санхүүгийн байгууллагууд гэрээн дээр заасанчлан давагдашгүй хүчин зүйлийн үед ямар арга хэмжээ авах ёстой, зээлээ сунгах, хөнгөлөх, асуудлыг яаралтай хийх шаардлагатай. Малын тэжээл өвснөөс гадна тусламж үзүүлэх хүч хөдөө орон нутагт маш их хэрэгтэй байна. Энэ зуднаар ч биш хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь өөрчилж хөдөө аж ахуйн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.
Үндсэн хуульдаа эрдэнэт мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Гэтэл малаа, малчдаа хамгаалах бодитой шийдлүүд үгүй байна. Малын индексжүүлсэн даатгалыг бий болгох нь бид аливаа асуудлыг гарсан хойно нь биш яг тухайн цаг үед нь бодитоор хамгаалах юм. Ингэж даатгалын системийг бий болгох, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Байгаль цаг уур, гамшгийн давтамж маш өндөр байгаа тул малчдад тулгамдаж буй эдийн засгийн эрсдэлийг үгүй хийх юм. Харин өнөөдөр бодит байдал дээр махнаас бусад арьс шир зэрэг нь үнэгүй учраас малчид өвс, тэжээлээ авах хангалттай эдийн засгийн боломжгүй байна.
Б.ПУНСАЛМАА:
-Хөдөө орон нутагт хаваржилт хүндэрч байна. Нийслэлийн 9 дүүрэгт цэг бүр дээр Ардчилсан нам ажиллаж “Амь нэгтэй монголчууд” аяныг зохион байгуулж байна.
Монгол Улсын эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг бодит байдал дээр солонгорсон, тогтвортой хөгжил бүхий эдийн засаг алга. Өнөөдөр бид малчдынхаа эдийн засгийг, бизнесийг солонгоруулах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр хомс байгаатай холбогдуулан малын шим тэжээлт бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, хөгжүүлэхэд төрийн зүгээс бодлогоор ажиллах шаардлагатай байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжихийн тулд зээл, татвараар дэмжих нь зөв юм. Сүүлийн үед савангийн үйлдвэрүүдийг бий болгосноор олон жижиг өөх тосны үйлдвэрүүд ашиглалтад орох болсон. Ингэснээр улсад татвар төлөгч олон компани, аж ахуй нэгжүүд бий болж, малчдын орлого бодитоор нэмэгдэнэ. Маш их хэмжээний малын өөх, дотор хаягддаг байсан бол бид дотоодын савангийн үйлдвэрлэлийг хангаснаар маш олон жижиг өөх тоосны үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж байгаа юм.
Н.ЛХАГВАДОРЖ:
-Нэг намын хэт ноёрхол, МАН Монгол Улсыг хөгжүүлэхгүй юм байна. Зун нь нийслэл нь үертэй, өвөл нь зудад нэрвэгдсэн энэ байдлыг бид яаж үгүй хийх вэ. Сүүлийн 50 жилд тохиогоогүй төмөр, шилэн зуд тохиож хонин толгойгоор тооцоолон үзвэл нийт 8 сая гаруй мал буюу 1.5 их наяд төгрөгийн мал хорогдсон байна. Эдийн засгийн тооцоогоор малчдын эдийн засгийн 50 орчим хувь нь үгүй болж байна.
Хөдөө орон нутгаас суурин бараадсан, сум бараадсан, аймаг бараадсан нүүдлүүд бий болж, нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл бий болох гэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаа. Дан ганц “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлэх бус монгол орон даяар нийгэмд чиглэн үйлчилдэг залуучууд та бүхнийг малчдадаа туслан ажиллахыг Ардчилсан намын зүгээс уриалж байна.
УИХ-ын гишүүд аймагтаа яг одоо ажиллаж байна. Ардчилсан намын дарга энэ сарын 26-ний өдрөөс эхлэн онц ноцтой зудын аюулд нэрвэгдсэн аймгууддаа ажиллахад бэлэн болсон байна. Эрдэнэт хүний амь энэ зудаас шалтгаалан үрэгдээд байна. Төрийн одон медалийг өрж тавиад баяр хөөр, цэнгэл болж очдог шиг малчин өрх бүрд хүнд хэцүү цаг үед тусалж ажиллахыг хүсэж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан