Хэнтий аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр зудын нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар Дадал сумаас бусад сум зудын нөхцөлд байгаа бөгөөд Галшар, Дархан, Баян-Овоо сум цагаан зудтай байна.
Ойрын хугацаанд цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж цасны нягт нэмэгдвэл дээрх сумд төмөр зудруу орох магадлалтай байна. Нутгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цас орж, энэ сарын 20 хүртэл явган цасан шуурга үргэлжилж, салхины хурд 6-11, зарим тохиолдолд 1-14 м/с хүрнэ. Нэгдүгээр сарын 13-20-нд шөнөдөө уул, голын хөндийгөөр 30-34 градус, тал хээрийн нутгаар 26-30 градус хүйтэрнэ. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хүйтний эрч бага зэрэг сулрах аж.
Хэнтий аймгийн хэмжээнд улирлын чанартай томуу, томуу төст өвчин өнгөрсөн долоо хоногт харьцангуй их байсан бол энэ долоо хоногт буурсан байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасаг 28 хүүхэдтэй, дотрын тасаг 30 хүнтэй, үүний 13 нь амьсгалын замын эмгэгүүд байгаа юм. Насанд хүрэгчдийн хатгалгаа хүнд хэлбэрээр явагдаж байна.
Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Л.Наранбат хэлэхдээ "Байгууллагуудыг ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэх тухай Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын даргын албан шаардлагыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хоёр удаа хүргүүлсэн. Өндөрхаан хот тохижилт 7 тн давс, 20 тн дайрга, 8 тонн бодис зам дээр цацсан бол одоо 7 тн бодис, 80 тн дайрганы нөөцтэй байна. Хот тохижилтын 13 ажилтан зам талбай дээр ажиллаж байна" гэв.
Мөн ТЗУХ-ийн дарга Ч.Баярцолмон байгууллагын дарга нарын ажлын хэсгийн хуралдаанд оролцсон ирцийн мэдээллийг хүргэснээс гадна салбарын сайдуудтай хийх цахим уулзалтын хуваарийг танилцуулсан юм. Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгснөөс гадна байгууллага бүр нэг шинэлэг ажил санаачилж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагууд ойр орчмынхоо цасаа цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл өглөө. Мөн оны эхэнд байгууллагуудаар очиж албан хаагчидтай уулзалт хийж санал хүсэлтийг нь хүлээн авахаар болсноо танилцуулсан юм.