Дэлхийн хүн амын 64.4 хувь буюу 5.16 тэрбум нь тогтмол интернэт ашигладаг. Тэр ч утгаараа дижитал шилжилт эрчимжиж, бидний амьдарч буй энэ зууныг “Цахим зуун” хэмээн нэрийдэх болжээ. Энэхүү хувьсал нь техник технологид төдийгүй бидний өдөр тутмын амьдралын хэв маягт хүртэл онцгой нөлөө үзүүлж байна.
Улмаар хүмүүс номыг унших биш сонсдог болж, уламжлалт хэв шинжээс ондоошиж, ном цаасан бус цахим хэлбэрт шилжсээр багагүй хугацаа өнгөрлөө. Мөн зөвхөн ном, зохиолыг бус сонин, сэтгүүлийг ч цахимаар уншиж боломжтой болсон нь техник, технологийн нэг дэвшил юм. Цахим эсвэл сонсдог ном, товхимол нь зузаан ном цүнхлэх, цүнхэлсэн номоо энд тэнд дэлгэж унших зэрэг олон үйлдлийг илүү хялбаршуулж буйгаараа онцлог. Түүнчлэн гар утас эсвэл интернэт байхад л хүссэн зүйлээ хялбархан унших, сонсох боломжтой. Гэвч өнөө хэр цаасан хэвлэл халаагаа өгөөгүй байна. Тодруулбал, хүн төрөлхтөн хэвлэж нийтэлсэн бүтээл, хэн нэгний гараар бичсэн бичвэрийг уншихыг илүүд үздэг хэвээр буй. Муйхараар бодоход, цахим сонин сэтгүүл, номын хэрэгцээ цаасан хэвлэлээс илүү баймаар. Гэтэл статистик мэдээллүүд энэ таамаглалыг няцааж байна. Тухайлбал, 2020 онд олон улсад зохион байгуулсан “Дэлхийн нийтийн унших дадал” хэмээх судалгаанд оролцогсдын 70 гаруй хувь нь хатуу болон зөөлөн хавтастай хэвлэмэл ном, 10.4 хувь нь цахим ном, долоо орчим хувь нь аудио ном сонсдог гэж хариулжээ. Түүнчлэн өнгөрсөн онд дэлхий дахинд хэвлэмэл номын борлуулалт 63 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Харин цахим ном 13 гаруй тэрбум ам.доллар, сонсдог номын борлуулалт таван тэрбум ам.долларт эргэлдэж байна. Эднээс хэвлэмэл номын эрэлт одоо ч аудио болон цахим номд гүйцэгдэхээргүй байгааг харж болохоор юм.
Харин дэлхийн цахим болон хэвлэмэл сонин, сэтгүүлийн нийт орлого энэ оны байдлаар 165.80 тэрбум ам.доллар байгаагаас 127.20 тэрбум ам.доллар буюу 76.72 хувийг цаасан хэвлэлээр гарсан сэтгүүл дангаар эзэлж байгаа юм. Мөн саяхны нэгэн судалгаанаас харахад, сэтгүүл тогтмол уншдаг насанд хүрэгчдийн тоо 222.2 сая байдаг нь тогтоогджээ.
Гутенбергийн бүтээсэн гайхамшиг
Тэртээх 1440 оны үед Йоханнес Гутенберг хэвлэлийн машиныг анх бүтээсэн цагаас эхлэн бид аливаа бичвэр, эх сурвалжийг цаасан дээр хэвлэсэн байдлаар унших боломжтой болсон. Хэвлэлийн машин гарсан нь бидний амьдралд томоохон ахиц дэвшил болоод зогсохгүй, аливаа түүхийн эх сурвалж, баримт материал, онолын ойлголтыг хойч үедээ өвлүүлэх боломж олгосон юм. Аливаа эх сурвалж, баримт материалыг хэвлэмэл байдлаар унших нь уншигчдад онцгой мэдрэмж төрүүлэхээс гадна найдвартай гэх итгэл төрүүлдэг байна. Мэдрэхүйн тусламжтайгаар уураг тархинд очих мэдээлэл тархины үйл ажиллагааг эрчимжүүлж, тайвшралыг мэдрүүлэхээс гадна тодорхой орон зай, төсөөллийг бий болгодог аж. Тиймдээ ч өнөөг хүртэл хэвлэн нийтлэгдэж буй ном зохиол, сэтгүүлийн хэрэгцээ, борлуулалт цахим хэрэглээнээс хавь илүү байна. Ном зохиол, тогтмол хэвлэлүүд нь хүн төрөлхтний оюуны томоохон бүтээл төдийгүй үүх түүх, соёл, шинжлэх ухааны мэдээллийн чухал эх сурвалж болдог. Тийм ч учраас урт хугацааны туршид хадгалагдаж, уншигчдад хэрэгцээ шаардлагатай мэдээллийг хүргэдэгээрээ онцлогтой. Дэлхийн нийт өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа үндэслэн хэвлэл, нийтлэлийг тогтмол уншиж сонирхон мэдлэг оюунаа баяжуулсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлбэл, унших процесс нь хүн төрөлхтний аливаа соёл, эх сурвалжтай танилцаж, оюунаа бясалгах, мэдрэмж төсөөллөө хөглөх боломж олгодог.
Номын хэрэглээ ба соёл
Аливаа мэдээ мэдээлэл, ойлголтыг цахимаар хүлээн авах болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёл огтхон ч гээгдсэнгүй. Сүүлийн жилүүдэд ном унших хэрэгцээ шаардлага, соёл түгэн дэлгэрч, шинэ хэвлэлийн газрууд шил даран гарч байна. Түүнчлэн номын соёлыг нийтэд таниулах, ач холбогдол, үнэ цэнийг нь ойлгуулах үйл ажиллагаа, эвентүүд ч элбэг зохиогдох болжээ. Ялангуяа жил бүр зохион байгуулдаг “Үндэсний номын баяр”-ыг хүн бүр хүсэн хүлээдэг болсон. Үндэсний хэмжээнд байгуулдаг эл баярт ойролцоогоор 300 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, 50000 орчим хүн идэвхтэй оролцдог аж. Насны үечлэлээр нь авч үзвэл 50 хувь нь залуус, 30 орчим хувь багачууд, харин үлдсэн хувийг ахмад настнууд эзэлдэг байна. Жил бүрийн номын баярт оролцогсдын дийлэнх нь залуучууд байгаагаас харахад тэд уншихын ач холбогдлыг ойлгож, улам бүр амтанд нь автаж буй.
Уншигч М.Энхмаа
Хүүхэд байхаасаа ном унших сонирхолтой байсан. Уран зохиол, шинжлэх ухааны ном түлхүү уншдаг. Сар болгон өөрийн сонирхсон ном зохиолыг худалдан авахыг зорьдог. Ерөнхийдөө номыг ч тэр, аливаа эх сурвалжийг ч ялгаагүй хэвлэмэл байдлаар уншихыг илүүд үздэг. Авах мэдрэмж нь арай өөр байдаг. Ямартай ч илүү мэдэрч, хүлээж авдаг. Нэг үгээр хэлбэл, хамаагүй итгэл төрүүлэхүйц санагддаг. Унших нь миний амьдралын салшгүй нэг хэсэг.
Уншигч Ж.Номин
Миний хувьд ном уншина гэдэг халтуурдаж, цэвэрхнээр уншчихаад, номын сандаа цуглуулна гэсэн үг биш. Нэгэнт л өөртөө хөрөнгө оруулалт хийж, ямар нэг зохиолыг худалдаж авсан бол номон дээрээ тэмдэглэж, тодруулж унших нь зүгээр санагддаг. Уншсаныхаа дараа эргээд харахад тустай байдаг. Энэ бол миний номоо ойлгож уншдаг аргуудын нэг. Ер нь хатуу болон зөөлөн хавтастай номыг унших нь илүү үлдэцтэй санагддаг даа.
Өнөөдрийг хүртэл цахим шилжилтэд хүчин мөхөстөөгүй цөөхөн хэдэн салбарын нэг нь хэвлэн нийтлэх салбар. Үүний цаад шалтгаан нь хүмүүс хэвлэмэл баримт, материалыг баттай эх сурвалж гэж үздэгтэй холбоотой. Нөгөө талаас хүрэлцэхүй, харааны тусламжтайгаар тархинд хүрч буй мэдээлэл төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэгтэй ч холбоотой. Хэн нэгний гараар бичсэн захидлыг бид үнэ цэнтэйд тооцож, нандигнадаг шиг хуудас эмрэх тэр мэдрэмж хуучирна гэж огтоос үгүй.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл