Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Уулзахын жаргал” нэвтрүүлэг бэлтгэх үйл ажиллагааг энэ сарын 4-7-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн дэмжлэгтэйгээр Дорнод аймгийн Чойбалсан хот, Халхгол суманд зохион байгуулаа. Тодруулбал, 2021 онд Хэнтий аймгаас хугацаат цэргийн албанд мордсон дайчдыг ар гэрийн төлөөлөлтэй уулзуулах, тэдний алба хааж буй нөхцөл байдалтай танилцуулах, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги байгууллагыг орон нутагт сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой байв.
Зорин очсон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэд түрүүч Г.Ганбаяр, Хилийн 0198 дугаар ангийн байлдагч Г.Төгсбаяр нарын ээж Э.Пүрэвсүрэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдран суудаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байна. Тэрбээр дөрвөн хүүтэй ууган хүү нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан бол удаах хоёр хүү нь дээрх ангиудад алба хааж байгаа юм. Ийнхүү хөвгүүдээ эр цэргийн албанд зэрэг мордуулсан ээж хоёр хүүтэйгээ уулзсан уулзалтын хажуугаар аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаныхан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг, улс орон даяар сурталчлах зорилгоор бүрэн хэмжээний “Уулзахын жаргал” нэвтрүүлгийг бэлтгэжээ.