Ким Жон Уны хамгийн их “үзэн яддаг арал” 2019 оноос хойш 25 удаа пуужингийн цохилтод өртжээ


Умард Солонгосын дэглэм шинэ он гарсаар пуужингийн туршилтынхаа тоог эрс нэмэгдүүлээд байгаа. Энэ бүх туршилтын хамгийн том хохирогч нь хүн амьдардаггүй Алсом хэмээх жижиг арал болоод байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Алсом арал нь Умард Солонгосын зүүн хойд эргээс 18 км зайтай оршдог. Уг арлыг Ким Жон Ун пуужингийнхаа туршилтын бай болгон ашиглаад удаж байгаа аж.
2019 оноос хойш Алсом арал руу 25 удаа пуужингаар харвасан байна. Энэ он гарсаар нийт найман туршилт болсон нь бүгд уг арал руу чиглэжээ. 2020 оны наймдугаар сард Умард Солонгосын эрх баригчид Алсом арал дээр 10 метрийн өргөнтэй байгууламж босгосон нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхний анхаарлыг татах болсон юм.
Өмнөдийн улс төрчдийн зарим нь үүнийг туршилтын бункер (хоргодох байр), зарим нь Сөүл хот дахь засгийн газрын ордны загвар байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Ийм олон удаа пуужингаар харвуулсан арлыг зарим зэвсгийн мэргэжилтнүүд Ким Жон Уны хамгийн их “үзэн яддаг арал” хэмээн хошигнон нэрлэх болжээ.

Алсом арал зэвсэг туршихад Умард Солонгосын эргээс хангалттай хол, гэхдээ зөвхөн өөрийнх нь хөлөг онгоцнууд хүрэхэд хангалттай ойрхон юм. 850 орчим метрийн өргөнтэй уг арлыг пуужингаар харваснаар АНУ болон холбоотнуудад нь зэвсгийнхээ оновчтой байдлыг харуулах боломж гэж ажиглагчид үздэг.
“Нэг байнд олон янзын байрлалаас цохилт өгч буй нь Умард Солонгосын зэвсэглэл сайжирч, Өмнөд Солонгост довтлох чадвартай болсноо харуулж буй хэрэг юм” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны захиргаанд аюулгүй байдлын асуудал хариуцаж байсан Чон Сон Ун саяхан хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Bloomberg
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан