Цагаан баавгайнууд өлсөхийн эрхээр “суурин амьдралд” татагдаж байна

ОХУ-ын нутаг дэвсгэр болох Новая земля (Шинэ газар) хэмээх бүлэг арал цагаан баавгайнуудын “дайралтад” өртөөд багагүй хугацаа өнгөрчээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт туйл болон хүйтэн бүсийн амьтан, ургамалд хэрхэн нөлөөлж буйн ганц жишээ энэ. Хоол тэжээлгүйн улмаас ийнхүү суурин газар бараадан, хүнтэй “айлсан”, хог шиншилж яваа сүрлэг амьтдыг харахад өрөвдөлтэй гэхээс илүүтэй харамсалтай гэдгийг тэндхийн оршин суугчид ярьж байна. Сүүлийн үед цагаан баавгайнууд “зочлох” нь эрс нэмэгдэж, иргэдийн амар тайван байдал алдагдахад хүрч байгаа гэнэ. Энэ сарын 9-нд Белушья Губа сууринд 50 гаруй цагаан баавгай ирж, айл болон албан газарт нэвтрэн, хүн рүү дайрч “танхайрсан” байна. Ер нь өдөрт 6-10 “найз” сууринд тогтмол хонож байгаа аж. Хүүхдийн тоглоомын талбайд таарах нь ч олширсон гэнэ. Тиймээс Архангельск мужийн засаг захиргаа Новая земляд түр хугацаанд онц байдал зарлаж, иргэдэд сэрэмжлүүлж байгаа ажээ. Яагаад суурин газар руу ийнхүү сүрэглэн ирж байгаагийн шалтгааныг албаныхан хоол тэжээл болон урт хугацааны туршид эрэг орчим мөсгүй байгаатай холбон тайлбарлажээ. Ийм нөхцөл байдал үүссэн учраас эрдэмтэн, мэргэжилтнүүдийн багийнхан тус газарт өнөөдөр очиж, ажиллах юм. Хүнтэй “айлссан” баавгайнуудыг хэрхэн нутаг буцаах талаар тэд шийдвэрлэх аж.
Онц байдал зарлах нь түр хугацааны ажил. Цаашид амьтдыг суурин газарт нэвтрүүлэхгүй байх, ялангуяа тэдний тоо толгой эрс цөөрч байгаад онцгой анхаарах учиртайг байгаль хамгаалагчид мэдээлсэн байна.
Ташрамд дурдахад, ОХУ-ын Архангельск мужид харьяалагддаг Новая земля бол Хойд мөсөн далайд оршдог бүлэг арал бөгөөд Баренц болон Карын тэнгисийг заагладаг, Европын хамгийн зүүн хойд цэг юм. Хойд ба өмнөд арал гэсэн гол хэсэгт хуваагддаг. Тэдгээр нь 2.3 км өргөн Маточкины хоолойгоор тусгаарлагддаг байна. Хойд арлынх нь нэлээд хэсэг тундрын бүсэд багтдаг. Зөвлөлт засгийн үед Новая земляг цөмийн туршилтын талбар болгож байжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан