Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас /ICIJ/ дэлхийн удирдагчид, улстөрчид, тэрбумтнуудын нууц хөрөнгө, оффшор дансыг илрүүлсэн “Pandora Papers” баримтыг ил болголоо. Энэ удаа тэд 91 орны одоо төр барьж байгаа болон өмнө нь төр удирдаж байсан 35 удирдагч, 330 гаруй улстөрч, 100 гаруй тэрбумтны оффшор компаниудын тухай 12 сая баримтыг дэлгэв.Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй алдартай удирдагчдаас гадна Монголын хоёр ч улстөрч багтжээ.
Ерөнхий сайд асан Сү.Батболд уул уурхайгаас олон сая доллар завшсан
“Пандора баримт”-тай холбоотой цахим хуудсын “Хүчирхэг тоглогч” /The Power Players/ хэсэгт Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын мэдээлэл багтжээ. Түүний тухай “Сүхбаатарын Батболд нь улстөрч болохоосоо өмнө уул уурхайн бизнес эрхэлж баяжсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 онд хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байв. Тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Сү.Батболд нь уул уурхайн хууль бус гэрээтэй холбоотой хэдэн зуун сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур, болон АНУ-д шалгагдаж байсан. Түүний Америк өмгөөлөгч “ICIJ”-д “Сү.Батболдыг хууль зөрчсөн хэргээр Монгол, Нью Йорк, Хонгконг, Лондон, Сингапурт хэрэг үүсгэсэн боловч шүүхээр түүнийг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж ярьжээ.
Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа “Quantum Lake Trust” үл хөдлөх хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулжээ.
Энэ нэгжийг Их Британийн “Premier Edge” компани эзэмшдэг бөгөөд Сү.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байв. Ийн тус компани 8.8 сая гаруй ам.долларын өртөг бүхий хоёр дээд зэрэглэлийн амины орон сууцыг Лондонд 2006 онд худалдан авчээ. Түүний зөвлөх бидэнд “Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хууль бус гэрээтэй асуудлаар шалгаж эхлэхээс өмнө түүний гэр бүлийнхэн Лондонд сурч, ажилладаг байсан. Түүнд ямар ч нууц хөрөнгө байхгүй. Түүний оффшор компани гэгдэх шалгаж байгаа компаниудыг худалдаж авахдаа Монголын хуулийг зөрчөөгүй” гэж ярилаа” хэмээн бичжээ. Сэтгүүлчдийн 14 санхүүгийн байгууллагаас цуглуулсан 12 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос өөр хэний мэдээллийг илрүүлээд байгаа нь тодорхойгүй байна.
Владимир Путин Монакод нууц хөрөнгөтэй
Тодруулбал, БНХАУ-ын хоёр, ОХУ-ын 19 улстөрч, Украины 38, Их Британийн ес, Энэтхэгийн зургаа, Бразилийн ес гэх мэт Өмнөд Америк, Африк, Европ, Азийн улс орнуудын өндөр албан тушаалтнуудын мэдээллийг ил болгосон байна. Энэ баримтууд дундаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой Монако дахь нууц хөрөнгө, ирэх долоо хоногт сонгууль нь болох Чехийн ерөнхий сайд Андрей Бабиштэй холбоотой Франц дахь хоёр эдлэн дурдаж болохоор байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн хөрөнгийн нэг хэсгийг Монакод нуусан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Сэтгүүлчид Светлана Кривоногих гэх эмэгтэйн Монако дахь орон сууц нь Геннадий Тимченко, Петр Колбин нарын компанитай холбоотой болохыг тогтоожээ. Энэ гурван хүнийг Путинтай маш дотно харилцаатай байсан гэж үздэг юм. Монако дахь тансаг орон сууцнуудыг Светлана Кривоногих 2003 онд 3.6 сая ам.доллараар худалдан авчээ. Жилийн өмнө Оросын “Проект” хэвлэл Кривоногих бол Путины 2003 онд төрсөн охиных нь ээж гэж нэрлэсэн байна. Гэвч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нэг бус удаа Кривоногих гэдэг эмэгтэйг танихгүй, хэзээ ч тийм хүний талаар сонсож байгаагүй гэж хариулж байв.
Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай ойрын харилцаатай телевизийн гүйцэтгэх захирал, Оскарт нэр дэвшсэн продюссер Константин Эрнстийн оффшор хөрөнгө ил болжээ. Тэрбээр Москва хотоос төрийн мөнгөөр олон тооны кино театр болон өөр үл хөдлөх хөрөнгийг хувьдаа худалдан авсан компанийн хамтран эзэмшигч болжээ. Түүний үл хөдлөх хөрөнгийн хувьцаа 140 сая ам.доллараас давсан байна. Гэвч тэрбээр ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгджээ.
Оффшорчдын гуравны хоёр нь Их Британийн Виржинийн аралд байшинтай
Тус баримтыг ил болгоход 117 орны 650 гаруй сэтгүүлч хамтарч ажилласан бөгөөд удирдагчдын авлига, мөнгө угаах болон татвараас зайлсхийсэн хэргүүдийг илрүүлжээ.Удирдагч, ерөнхий сайд, Элчин сайд тэргүүтэй төрийн 336 өндөр албан тушаалтны 956 нууц компанийг илрүүлэхэд гуравны хоёр нь компаниа Их Британийн Виржинийн аралд байгуулжээ.
Их Британийн оффшор хөрөнгө эзэмшигчдийн бүртгэлийн алдаанаас үүдэн хүмүүс тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаадаг байсан нь ийн илэрсэн юм. Тус аралд 11.3 их наяд ам.долларын оффшор хөрөнгө байдгийг Парист төвтэй эдийн засгийн байгууллага өнгөрсөн онд судалгаагаар тогтоож байв.
Тухайлбал, элит улстөрч, авлигын эсрэг тэмцэж байсан тэрбумтан, Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш оффшор компаниудаараа дамжуулан хоёр усан сан, кино театр бүхий 22 сая ам.долларын том орд Францад худалдан авчээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр болон түүний эхнэр Виржини аралд 8.8 сая ам.долларын өртөг бүхий байшин эзэмшдэг аж. Тэд энэ байшингаа Бахрейны Аж үйлдвэр, аялал жуулчлалын сайдаас 2007 онд худалдан авсан байна.
Б.ДолжинжавЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин