Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд нийслэлийг нь эзлэснээс хойш олон улсад алан хядах байгууллага гэж тооцогддог "Талибан" хөдөлгөөний хяналтад бүрэн орсон Афганистанд иргэдийн дүрвэх, шилжих хөдөлгөөнтэй холбоотой үймээн намжаагүй байтал алан хядах ажиллагаа үйлдэгджээ.
Тодруулбал, наймдугаар сарын 26-ны өдөр Кабул хотын олон улсын нисэх буудлаас холгүйхэн цуврал дэлбэрэлт боллоо. Наймдугаар сарын 27-ны өглөөний байдлаар, энэ халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 90-ийг давсан бол 210 хүн гэмтэж бэртсэн хэмээн Афганистаны Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Халдлагын улмаас хохирсон хүмүүсийн дунд энгийн иргэд болон АНУ-ын армийн цэргийн алба хаагчид байсан гэнэ. Сүүлд гарсан мэдээллээр, АНУ-ын 12 цэрэг халдлагын улмаас амиа алджээ
Кабулд болсон халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ алан хядах бүлэглэлийн Төв Азийн салбар болох "Вилаят Хорасан" бүлэг Кабулд халдлага үйлдсэн аж. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, энэ халдлагад талибууд хамааралгүй, тэд үүнд дэмжлэг үзүүлээгүй гэнэ. Талибан хөдөлгөөн ч болсон үйл явдлыг эрс шүүмжилжээ.
Аврагчид цаг алджээ
Халдлага болсны дараа иргэд цочирдон, эмх замбараагүй байдал үүссэн тул аврагчид хэргийн газарт хүрэхэд хүндрэлтэй болж, цаг алдсан талаар Скай Ньюс мэдээлжээ. Эхний хоёр дэлбэрэлт Афганистанд өдөр болсон бөгөөд эхнийх нь Барон зочид буудалд үйлдэгдсэн байна. Энэ халдлагыг амиа золиослогч үйлдсэн бол хоёр дахь халдлагыг тэсрэх бөмбөг суурилуулсан машинаар үйлдсэн байж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Ингээд үдэш нь дахин дэлбэрэлт болсон бөгөөд тэсрэх бөмбөг суурилуулсан машин ийнхүү дэлбэрсэний араас дахин гурвантаа дэлбэрэлт болжээ.
Афганистаны нийслэл дэх өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хотод дахин халдлага гарч болзошгүй гэж тооцогдож байгаа тул Афганистан дахь Францын Элчин сайд Давид Мартинон иргэдээ нисэх буудлаас аль болох хурдан явахыг анхааруулсан байна. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Афганистан дахь иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Кабулд ийнхүү халдлага гарахаас нэг өдрийн өмнө Пентагон халдлага үйлдэгдэж болзошгүй хэмээн мэдээлж байсан юм. "Исламын улс" алан хядах бүлэглэлийн салбар "Хорасан" бүлэглэл Афганистаны нийслэл дэх нисэх буудал руу халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн хэмээн Америкийн эх сурвалжууд мэдээлж байлаа.
Байден: Болсон үйл явдалд хариуцлага хүлээнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кабул дахь халдлагатай холбоотойгоор мэдэгдэл хийлээ. Тэрбээр алан хядлага үйлдсэн этгээдүүдийг шийтгэхийн тулд АНУ-ын эрх баригчид боломжит бүхнийг хэмээн мэдэгдсэн юм.Мөн болсон хэрэгт бүрэн хариуцлага ххүлээнэ хэмээжээ.
Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр, Талибан хөдөлгөөн энэ халдлагад дэмжлэг үзүүлээгүй, цаашид ч алан хядагчидтай тэд хамтрахгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн болсон хэрэгтэй холбоотойгоор "Исламын улс" алан хядах бүлэглэлийн дайчдад цохилт өгөх төлөвлөгөө боловсруулахыг тушаажээ.
"Бид сонгосон газраа, сонгосон цагтаа хүч хэрэглэн, оновчтой хариу өгнө" хэмээн Жо Байден мэдэгдсэн байна.
Түүнчлэн Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд алан хядагчид саад болохыг хүлээн зөвшөөрөхгүй гээд наймдугаар сарын 31 гэхэд цэргээ гаргаж дуусах байр суурин дээрээ хэвээр байгаа хэмээн цохон тэмдэглэжээ. Түүний өгүүлснээр сүүлийн 11 өдөр АНУ 100 мянга гаруй хүн Афганистанаас нүүлгэн шилжүүлсэн байна. Г.Бямбасүрэн